Манай улсад үнэгүй эрчим хүч ашиглах нөөц боломж дүүрэн байна
Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хүн ам 2030 онд 1.4 сая давах төлөвтэй. Энэ их эрчимтэй өсөлтөөс үүдэн, ялангуяа хот суурин газар эрчим хүчний уламжлалт систем үр ашиг муутай байгаа нь хэрэглээгээ “гүйцэхгүй” байгаа дүр зураг дэлхийн томоохон хотуудад ажиглагдаж байна. Жилийн 365 хоногийн 300 орчим өдөр нь цэлмэг нартай байдаг манай улсад үнэгүй эрчим хүч ашиглаад хэвтэж байх нөөц боломж дүүрэн байна хэмээн гаднынхан атаархдаг. Гагцхүү энэ арвин нөөцийг ашиглах техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт тээг саад болсоор буй. Хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр нүүрснээс эрчим хүч гаргаж авдаг шинэ технологи л гараад ирдэггүй юм бол тогтвортой хөгжихийн тулд нар, салхиа бараадахаас өөр гарц алга. Харин ямар хялбар аргаар энэ хэрэглээг өргөжүүлж, улам өсөж буй хүн амдаа хүртээмжтэй болгохыг Зүүн хойд Азийн хотын дарга нар хоёр хоног манай нийслэлд үдлэхдээ хэлэлцэн зөвлөлдөнө. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр /08.04/ Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.
“Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Форумд Зүүн хойд Азийн 6 улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байна. Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хуралдаанаас нэгдсэн уриалга гаргах юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: