Г.Отгонбаяр: Томилогдоогүй гурван дэд сайдын материал АТГ-аас ирээгүй
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийсэн. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Гурван дэд сайдыг ямар шалтгааны улмаас томилоогүй юм бол?
-Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурвансайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна.
-Төсөвт тодотгол хийхээр болсон гэсэн үү. Сангийн сайдын хийсэн мэдээллийн тухайд?
-Хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа. Тиймээс хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны төсөвт тодотгол хийн тусгахыг Сангийн сайдад Ерөнхий сайд үүрэг болгосон. Төсөвт тодотгол хийх ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан.
-Ипотекийн зээл цааш үргэлжлэх үү?
-Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга, Хот Байгуулалтын сайдад даалгасан.
Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж заримыг нь томилсон байна. Бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу томилно гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр хэллээ.
Шинээр томилогдсон албан тушаалтнууд
- БОЯЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг
- ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилсон байна.
- Томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар Б.Амарсанааг /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан/ томилсон байна.
- Киргизийн Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг томилжээ.
Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим яамны төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал /хуучин нэршлээр/,
- Хууль зүйн яам – Ж.Баярцэцэг
- Боловсрол, соёл шинжлэх ухааны яам - Болор-Эрдэнэ
- АҮЯ – н.Нямхүү
- ЗТЯ – Бат-Эрдэнэ
- УУЯ – н.Артаг
- ХЯ – Я.Идэрцогт
- ХАХНХЯ – н.Нарангэрэл
- ХХААЯ – Ариунболд
- ЭМЯ – Эрдэнэтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна
Чөлөөлөгдсөн агентлагын дарга нар
- Ц.Жадамба – Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар
- Б.Үүрийнтуяа – АМГ
- С.Пүрэв – ГТЕГ
- Б.Өлзийбүрэн – Газрын тосны газар
- н.Хүрэлшагай – Газрын харилцаа геодизи зураг зүйн газар
- Баярсайхан – Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар
- Б.Болд – Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний газар
- С.Мэндсайхан – Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар
- Н.Азбаяр – Тахарын ерөнхий газар
- Б.Жавхланбаатар – Хөрөнгө оруулалтын газар
- Э.Одбаяр – Хүүхдийн төлөө үндэсний газар
URL: