Дэниел Рэдклифф: БИ өөрийнхөөрөө байх дуртай

1Илбэ шидийн ухаанд суралцагч, нүдний томоо гэгчийн инээдтэй дугуй шил зүүсэн жаалхүү Харри Поттер  олон сая үзэгчийн танил болоод уджээ. Харин энэ жаалхүүгийн дүрд тоглосон Дэниел Рэдклифф “Харри Поттер”-ын ачаар дэлхийн алдартай залуу баячуудын эгнээнд орсон. Тэрээр үлэмжийн их хөрөнгөөрөө байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар нэгэн нууцлаг арал худалдан аваад шүтэн бишрэгчдээсээ зугтан, тэндээ амар тайван амьдрах боломжтой байсан. Гэвч Рэдклифф нуугдахыг хүссэнгүй. Хөнгөн хялбар амьдрахыг  ч зорьсонгүй. Тэрээр  уран бүтээлийн шинэ оргилд гарахын тулд кинонд тоглох, зохиол бичих, найруулах  гээд  олон ажилд хүч сорьж байгааг шүтэн бишрэгчид нь андахгүй. Энэ удаа түүнтэй “ Виктор Франкенштейн”гэсэн киноны нээлтийн дараа “Interview” сэтгүүлийн сурвалжлагч уулзжээ. Дэниел Рэдклиффийн тоглосон “Хуурмаг үзэгдэл -2” кино дэлгэцэнд гараад удаагүй байна. 


– Дэниел, сайн уу. Сайхан харагдаж байна шүү. Үсээ хусуулсан байсан. Гэхдээ “Виктор Франкенштейн” кинонд тоглохдоо үс чинь ургасан юм шиг харагдсан. Эсвэл наадах чинь хиймэл үс үү?

-Тиймээ хиймэл. Би энэ хүүхнүүдийг ерөөсөө ойлгодоггүй юм. Тэд яахаараа ийм олиггүй эдийг сайн дураараа зүүдэг байнаа. Оролдож болохгүй, энд тэндгүй цавуутай, толгойгоо угаахаар заавал авах хэрэг гарна. Товчхондоо тэр чигээрээ ядаргаа гэсэн үг.

-Нээрэн ирэх есдүгээр сарын 16-нд нээлтээ хийх “Эзэнт гүрэн” киноны чинь дүр халзан хүн шүү дээ. Мартчихаж… 

-/инээв/ Энэ кинонд тоглох гэж л үсээ хусуулсан юм. Миний баатар бол гэмт хэрэгтэй тэмцэгч, террорист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнуудын халдлагыг сэрэмжлэн зайлуулахын төлөө Майкл Жерман гэдэг нууц нэрээр ажиллаж байгаа Холбооны мөрдөх товчооны ажилтан, тагнуулч хүн. Энэ киноны ажлын нэр нь “Эзэнт гүрэн”.

-Ингэхэд Франкенштейний тухай дахиад бас кино хийх хэрэгтэй байсан юм гэж үү. Миний мэдэхийн үүнээс өмнө энэ аймшигтай эрдэмтний талаар бараг 30-аад кино хийсэн…

-Манай киног үзээд чи их олон шинэ зүйл мэдэж авах болно. Энэ нь Английн зохиолч Мэри Шеллийн “Франкенштейн буюу орчин үеийн Прометей” гэсэн бестселлер болсон романаас сэдэвлэн хийсэн дэлгэцийн өвөрмөц бүтээл. Романд гардаг Франкенштейн бол амьгүй биенд амь оруулдаг хачирхалтай эрдэмтэн. Гэхдээ үүндээ хорвоог орхисон хүний эд эрхтэнийг ашигладаг аймшгийн хүн. Манай кино өмнө нь хийсэн Франкенштейны тухай кинонуудыг бодвол эх зохиолоосоо нэлээн зөрөөтэй болсон. Жишээ нь миний бүтээсэн Игорь Штрауссман бол дээрх романд байгаагүй дүр. Шинжлэх ухаан, ёс зүй хоёрын хооронд өрнөж байгаа тулаан энэ киноны гол сэдэв болсон. Өнөөдөр шинжлэх ухааны салбарт оршиж байгаа төвөгтэй асуудлыг хөндсөн. Мэдээж, тулаант адал явдал энд орсон…

-Орчин үеийн хөгжил дэвшлийн юу нь чиний санааг зовоож байна вэ?

-Миний нэг таньдаг багш таван настай хүүхдүүдэд интернэт гэж юу байдгийг тайлбарлан хэлж байсан. Энэ дэлхийн сая,сая хүүхдүүдийн эцэг эх нь ер бусын их мэдээлэлтэй интернэтийн сүлжээнд байнга байдгийг мэднэ. Мөн хүүхдүүд ч ялгаагүй аяндаа тэдний араас орох болно. Харин арваад жилийн дараа энэ бүхэн юу болж хувирах бол? Алсдаа шинжлэх ухаан, ёс зүй хоёр сөргөлдөх болно. Интернэт шинэ хүнийг “бий болгож” байна. Эцэстээ биднийг интернэт гэгч өөр нэг мангас залгиж болзошгүй.

-Үүнээс айж байгаа хэрэг үү…

-Интернэтийн ачаар бий болсон “өөр нэг хүн” хажууд зэрэгцэн алхах гэж үү. Үгүй дээ хэрэггүй. Ийм ирээдүй үнэхээр айлгаж байна. Тийм юм хэзээ ч болохгүй гэдэгт найдаж байна.

2

-Даган баясагчид нь үүнийг эсэргүүцэхгүй байлгүй…

-Магадгүй. Гэхдээ тэд миний интернэтийн “хувилбар”-тай өдрийг хамтдаа өнгөрүүлэхдээ “ Энэнийг зайлуулаач. Наадах чинь амаа хамхихгүй чалчих юм” гэж хашгирах байлгүй…/инээв/

-Шинжлэх ухаанд чамайг айлгадаггүй харин баярлуулдаг зүйл байдаг болов уу…

-Байлгүй яахав. Миний нэг танил бүсгүй физикч байгаа юм. Тэр нэг удаа надад графен гэдэг нэртэй бодис үзүүлсэн. Тэрүүгээр бараг хуудас цаас шиг зузаантай смартфон хийж болно. Эсвэл бөмбөг… Алхаар балбахад л бөмбөг болж хувирах нь тэр… Гайхалтай байгаа биз дээ…

-Гэхдээ кинон дээр гардаг “Виктор Франкенштейн” –ы туслах тийм ч таатай бус юм зохион бүтээдэг. Ер нь Дэниел, сүүлийн үед яагаад нэг тийм онцгүй дүрд тоглоод байна вэ?

-Хүн бүрт л сөрөг тал байдаг. Би өөрийнхөө сул талыг ажлынхаа туслалцаатайгаар шинжин харах гэсэн юм.

-Чухам ямар сул тал гэж…

-Дүрд хувилан ороход кино зохиолын дагуу уурлах хэрэг гардаг. Энэ нь миний уурыг хүргэдэг. Бусдыг шүүж шүүмжлээд байдаг хүн бүр миний уур бухимдлыг төрүүлдэг. Бас би өөрөө ч сайн мэддэггүй тийм сул тал надад байдаг гэдэг нь ойлгомжтой.

-Чи уурлаж бухимдахаараа хэн нэгнийг зандарч, хараан загнадаг уу…

– Үгүй дээ, бусдыг дайрч доромжлон, хэн нэгэнд муу юм хийснээс хуруугаа огтолсон нь дээр байлгүй.

-Энэ нь зөвхөн Дэниелд бус ер нь хүнд байх ёстой чанар, тийм үү. Чамайг “Франкенштейн”-д тоглож байхдаа зэрэгцээ олон бүтээлд оролцсон гэж сонссон…

-Тэр ч тийм шүү. Бродвейн театрт Ирландын жүжгийн зохиолчийн “Инишмаан арлын зэрэмдэг хүү” жүжигт, найруулагч Мартин МакДонахын “Араны арлууд”-ын тухай кинонд тоглосон. Тэр жүжиг их сонирхолтой байсан. 1934 онд кинонд тоглохыг хүсч байгаа ирландын зэрэмдэг жаалхүүгийн тухай маш гунигтай боловч, сайхан бас инээдтэй түүхийг жүжигт өгүүлсэн. Токиод очиж, Японы мафийн ажиллагаанд орооцолдож байгаа америкийн сэтгүүлчийн дүрд тоглосон. Энэ киног бодит явдлаас сэдэвлэн хийсэн юм. Мөн саяхан нээлтээ хийсэн, одоогоор орлогоороо тэргүүлж яваа “Хуурмаг үзэгдэл-2”-т тоглосон. Энэ ч бас үзэгчид уйдахааргүй кино болсон гэж бодож байна. Дэлхийн шилдэг авьяаслаг илбэчдээс бүрдсэн баг “Дөрвөн морьтон” гэсэн нууц нэрээр бусдыг ховсдон хууран мэхэлж байгаа тухай кинонд гардаг.

-Ер нь янз бүрийн зохиол чиний сонирхлыг татдаг бололтой…

-Миний нэг найзын бичсэн дуунд “100 хүнээр үзэн ядуулснаас есөн хүнд ч болов хайрлуулсан нь дээр” гэж гардаг юм. Би түүнтэй санал нэг байна. Бүгдийн санаанд нийцэхгүй кинонд тоглосноос цөөхөн ч гэсэн үзэгчдийн сонирхлыг татах бүтээлд тоглосон нь дээр… Тийм учраас би кино зохиолуудыг өөрийнхөө үзэмжээр сонгодог. Сүүлийн үед тоглосон кинонуудыг маань ном зохиолоос сэдэвлэн бүтээсэн нь тохиолдлын хэрэг юм. Нөгөө талаар эдүгээ дэлхийн кино үйлдвэрлэлд сайн номоор дэлгэцийн бүтээл хийх явдал уламжлал болсон зүйл. Сайхан зохиол кино хийх гайхалтай материал болдог.

-Чамд үзэх дуртай кино бий юү?

-Байлгүй яахав. “ Гилберт Грейпийг юу зовоож байна вэ” гэдэг кино. Олон жилийн өмнө үзсэн хэдий ч санаанд тод үлдсэн.

-Харин ном?

-Үнэнийг хэлэхэд ном уншаад суух зав гарахгүй юм. Гэхдээ киноныхоо эх сурвалж болсон зохиолыг заавал уншдаг. Багадаа Харри Поттерын хоёр дахь цувралыг, мөн Луис Сачарийн” Эрдэнэсийн сан” номыг уншсан. Тухайн үед их сайхан санагдаж байсан.

-Харри Поттер гэснээс чи энэ зохиолоор хийсэн кинонд тоглож дэлхийн үзэгчдэд танил болсон шүү дээ. Энэ цувралын зураг авалтын талаар ямар нэг сайхан дурсамж сэтгэлд чинь үлдсэн байж таарна?

MSDHAPO EC040

-Найруулагч Крис Коламбус надаас анхаарлаа сайн төвлөрүүлэхийг байнга шаарддаг байсныг санаж байна. Тэгэхэд том танхимд зураг авахуулах үе хамгийн сонирхолтой байсан болов уу. Кинонд тоглосон хүүхдүүд мөн 300-гаад жүжигчин тэнд байсан. Хедвиг нисэж, шүүр авчраад л…Бид гайхаж хараад л, ёстой хөгжилтэй байсан…

-Тэгвэл таагүй санагдсан үе байв уу?

-Үгүй, үгүй. Ямар нэг муу дурсамж санаанд үлдээгүй.

-Дүрээ бүтээхэд түүнийхээ хөдөлгөөн, үйлдлийг тогтоох, үг хэллэгийг нь цээжлэхэд хэцүү байсан байх даа…

-Дүрийнхээ нүүрний хувирал, хөдөлгөөн, үйлдлийг үг хэллэгтэй нь тохируулах нь амаргүй хэрэг. Гэхдээ үгээ дахин, дахин хэлээд байхаар нэг л мэдэхэд тогтоочихдог. Тогтоогоод зогсохгүй энэ нь толгойд шингэчихдэг юм.

-Кинонд тоглох болсноор амьдрал чинь өөрчлөгдсөн үү… Ер нь энэ бүхэн яаж эхэлсэн бэ?

-Би 5 настай байхдаа анх Давид Копперфильдэд тоглосон. ВВС-гийн хийсэн телевизийн кино. Дараа нь “Панамын оёдолчин” кинонд тоглож байхад найруулагч Крис Коламбус надад “Харри Поттер”-ын цувралд тоглох санал тавьсан юм. Түүний хэлснээр кино сорилгод оролцоод тэнцсэн. Мэдээж Крис манай гэрийнхнээс зөвшөөрөл авсан.

-Кино жүжигчин болохыг мөрөөддөг байв уу.

-Тэгэхэд би ирээдүйн мэргэжлээ сонгоогүй байсан. Хөгжим сонирхож, зохион бичлэг хийдэг байлаа. Мөн кино зохиолыг яаж бичдэг юм бол гэж гайхдаг, томчуудаас асуудаг байснаа мартдаггүй. Үнэнийг хэлэхэд хэдийгээр Харри Поттерт тоглож алдаршсан ч гэсэн би багадаа гайхалтай шилдэг хүүхэд байгаагүй. Кинонд тоглосны дараа бүгд л намайг мэддэг болсон. Манай сургуулийн хүүхдүүд намайг шоолоод байхаар нь хичээлдээ явахаа больчихсон юмдаг. Хичээл хийх сонирхолгүй, ном унших дургүй байсан. Гэхдээ 8 настай байхдаа “Харри Поттер”-ын тухай цувралын эхний хоёр номыг арайхийж нэг юм дуустал нь уншсан.

-Гэвч үзэгчдийн танил жүжигчин болсон…

-Хүн цагийн явцад аажмаар өөрчлөгддөг. Би ч ялгаагүй. 25 нас хүрээд удаагүй байх шиг санагдаж байна. Гэтэл одоо хэдхэн жилийн дараа 30 нас хүрэх нь… Үзэгчдийн хүсэн хүлээдэг тийм сайн жүжигчин болох эрэл хайгуул хийсээр явна. Харри Поттер бол миний бага насны сайхан дурсамж. Одоо бол өөр. Би кино зургийн талбай дээр өсч өндийсөн. Хүн өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлэх ёстой гэдгийг ухаарсан. Анхандаа найруулагчид яаж кино хийж, жүжигчдээс юу шаардаж байгааг их ажигладаг байлаа. Аажмаар найруулагч хүнд эрч хүч, ажилдаа шунан тэмүүлэх хүсэл эрмэлзэл байх ёстой гэдгийг ойлгосон. Алсдаа кино найруулах бодолтой байгаа.

-Дэниел, завтай үедээ юу хийж байна даа….

-Ер нь бол би тайван хүн. Надад телевизийн нэвтрүүлэг үзэх, гадуур зугаалах, шинжлэх ухааны уран зөгнөлт ном уншиж суух нь таалагддаг. Мөн инээдмийн, бас баримтат кино үзэх дуртай. Өөрийнхөө дураар байхыг чухалчилдаг.

www.ner.mn


URL:

Сэтгэгдэл бичих