Хэдэн сая долларын брэнд бүсгүй: Кимми Кей

Их Британийн MarieClaire сэтгүүлийн долдугаар сарын дугаарт Ким Кардашиан секс бэлэгдлээс хэрхэн супер од болтлоо алдаршсан тухайгаа, мөн эхнэр болон ээжийн үүргээ хэрхэн баяртайгаар хүлээн авах тухайгаа дэлгэжээ.

Өөрөө хүсдэг ч бай, хүсдэггүй ч бай, Ким Кардашиан бол олны нүдэнд өртөлгүй өнгөрч чаддагүй төрлийн бүсгүй юм. Өнөөдөр өмссөн хувцасных нь тухайд л аваад үзье л даа. Бариу савхин өмд, хараа булаамаар шүрэн улаан цамц, урт хүзүүний зүүлт, Christian Louboutin-ы “тэнгэр баганадсан” өндөр өсгийт. Өглөөний 8 цаг 30 минутанд тэр яг шөнийн цэнгээний газар бүжиглэхээр орох гэж байгаа юм шиг хувцаслажээ. Гэхдээ мэдээж тэр энэ ярилцлагын дараа шууд клуб орохгүй нь ойлгомжтой л доо. “Би зүгээр л гоёж гангалсан байхдаа өөрийнхөө талаар хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг юм” хэмээн тэр тайлбарлаж байв.

Ингэх нь ч аргагүй. Түүнийг өглөө босохоос авахуулаад шөнө унтах хүртэл нь шинжиж сорьсон харцнууд дагаж байдаг юм чинь. Дөрөвхөн жилийн дотор Кардашиан нумарсан галбираараа л алдартай секс бэлэг тэмдгээс, хэдэн сая долларын брэнд болон хувирч чаджээ. Тэр одоо Холливудын хамгийн их танигдсан оддын нэг болсон ч, энэ том нэр хүндийг хувийн амьдралынхаа халдашгүй нууцаар арилжсан мэт. Энэ бол түүний жаргалтайяа хийсэн золиос юм.

“Бидний амьдрал яг л олон түмний амьдрал шиг байдаг” хэмээн тэр гэр бүлийнхээ талаар ярьж сууна. “Гэвч энэ бол бидний сонгосон “үүрэг”, тэгээд ч тодорхой ашиг тусаа өгдөг юм. Сайн үр дагавар нь муугаасаа хавьгүй илүү байдаг болохоор үүний талаар гомдоллох нь мунхаг хэрэг гэж бодож байна.”

Тэгээд Ким хоёр хором буйдангаа налж тухласнаа эргээд босч, түүний алдар нэр Майкл Жордан эсвэл Леди Гагагийнхаас ямар их ялгаатай болох талаар ярьсан юм. “Хэрэв чи алдартай сагсан бөмбөгч байсан бол шүтэн бишрэгчтэйгээ цуг зургаа авахуулахгүй байсан ч дараа нь гайхалтай тоглолтыг хийгээд л л хүмүүсээр хайрлуулчихаж чадна. Харин миний сэтгэл санаа жаахан таагүй үед шүтэн бишрэгчтэйгээ цуг зургаа авахуулахгүй бол тэд бидэнд дургүй болчихно. Бид тайзан дээр гарч, гоё дуу дуулаад л буцаад хайрлуулчихаж чадахгүй шүү дээ. Яг өөрийнхөөрөө байж хүмүүст таалагдах нь дүр эсгэхээс хавьгүй хэцүү. Тиймээс энэ ертөнцөд нэг л орсон бол, гэнэтхэн хувийн эрх дархаа бүгдийг нь эргүүлж авна гэдэг…боломжгүй зүйл.”

Тийм ээ, түүнийх шиг амьдралтай хүн гомдоллож болно гэж үү? Тэр бол тоогоо алдсан олон реалити шоуны од. “Keeping Up With The Kardashians”-аас авахуулаад, “Kourtney And Kim Take New York” зэрэг жижиг шоунуудыг хүртэл хийж байсан билээ. Кардашиануудын “эзэнт гүрэн” өнгөрсөн жилд л гэхэд өөрсдийн нэрийн спорт гутал, үнэртэн, дасгалын DVD зэргээс 65 сая долларын ашиг олжээ. Кимми, Клое, Кортни Кардашианы эгч дүүс 3 хувцасны дэлгүүрийг эзэмшдэг ба, хамтарч “Kardashian Konfidential” номыг бичсэнээр барахгүй тун удахгүй дахин нэг ном гаргахаар зэхээд байгаа санж. Харин удахгүй “төрөх” номыг нь шүтэн бишрэгчид нь нэрлэх юм байна. Тэд бүр АНУ-ын Их Дэлгүүрийн “Sears”-ийн хувцасны загварыг зохион бүтээдэг аж. Кардашиануудын Twitter хуудас бараг 8 сая дагагчтай. (Хэтрүүлж хэлэхэд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама л тэднийг дагах дутуу байна) “Би өөрийгөө үнэхээр ажлын төлөө төрсөн хүн гэж боддог. Надад өөрийн гэсэн мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл бий. Түүнийхээ төлөө зогсолтгүй урагшилна. Учир нь хийж дуусгахаас нааш миний санаа амрахгүй”

Кардашианы эрх мэдэлт хувь заяа тэднийг бага байхаас л үүдэлтэй аж. Калифорниад өссөн тэрээр талийгаач эцэг, OJ Simpson-ы аллагын хэргийг өмгөөлснөөрөө алдартай хөдөлмөрч хуульч Роберт Кардашианаас үлгэр дууриал авчээ. Тэр жаахан охин байхдаа гараараа үсний даруулга хийж дэлгүүрүүдэд зардаг байж. Харин 19 насандаа тэр өөрийнхөө хүслээр ааваасаа хэдэн мянган доллараар нь мөнгө зээлээд, хоёр долоо хоногийн дараа эргүүлж өгөх амлалт өгч, түүндээ ч хүрч байжээ.

Түүнийг 10 настай байхад аав нь ээжтэй нь гэрлэлтээ цуцлуулсан юм. Жилийн дараа ээж Крис нь Олимпийн медальт тамирчин Брюс Женнертэй хуримаа хийсэн байна. Одоо энэ хос дундаасаа 10 хүүхэдтэй аж. Бүх гэр бүлийнхэнтэйгээ эв найртай байх тал дээр ээж нь тэднийг зохицуулдаг байжээ. “Зарим хүмүүс төрөл садантайгаа ойлголцох хэцүү гэцгээдэг. Гэхдээ би үүний учрыг яагаад ч ойлгодоггүй юм. Би үргэлж л тэдэнтэй эвтэй нийцтэй байсаар ирсэн” хэмээн тэр хэллээ. “Миний эгч, эсвэл дүү өмнөөс минь шийдвэр гаргасан ч би уурладаггүй. Учир нь бидний оюун санаа, үзэл бодол ижилхэн.”

Олны хараанд байсаар байгаад дасчихсан Кимми охин дүү нартаа үргэлж сайн зөвлөгч нь байдаг гэнэ. Саяхан 13 настай дүү Кайли нь зураг авалтын өмнө сандраад байхаар нь Кимми түүнд “Миний дүү өөртөө эвгүй санагддаг зүйлсийг ч заавал туршиж үзэх хэрэгтэй байдаг юм. Тэгснийхээ дараа ч үзэн ядсан хэвээрээ байвал дахиж түүнийг битгий хий. Хэнд хамаатай юм бэ? Харин таалагддаггүй зүйлээ хэзээ ч хийж үзэхгүй бол, тэр нь үнэн хэрэгтээ сайхан муухайн аль нь байхыг мэдэлгүй өнгөрнө шүү дээ.”

Ийм зарчмыг тэр хойд ааваасаа өвлөн авчээ. “Тэр надад үргэлж л ‘Өөртөө хэцүү санагддаг зүйлийг хийж үз. Тэгэх үед чиний даван туулж байгаа айдас бүхэн өсөн дэвжих шат чинь болно’ гэж хэлдэг байсан юм.” Энэ цагаас хойш Кардашиан ийм зарчмыг баримталдаг болжээ. Үүний том жишээ гэвэл түүний энэ жил гаргасан “Jam” дуу юм. Амьдралдаа гаргасан анхны дуу нь критик болон сонсогчдоос дундаж үнэлгээ авсан боловч Кардашианы хувьд энэ нь том тэсрэлт байлаа. “Би тийм сайхан хоолойтой гэж үү? Үгүй ээ. Би дуучин болохыг хүссэн гэж үү? Бас л үгүй, хэзээ ч. Гэхдээ энэ миний хувьд их сонирхолтой туршлага болсон. Би маш их сандарч, айж байсан ч, үүнийг хийсэн. Дараа нь би “Ёох, би хэзээ ч дахиж ингэхгүй” гэж өөртөө хэлсэн. Зөвхөн дуу гаргаж үзсэн маань л миний хувьд айдсаа даван туулсан хэрэг.”

Түүний New Jersey Nets-ийн сагсан бөмбөгийн од Крис Хамфристай хийх гэж байгаа хурим нь анхных нь биш юм. Тэр 2000-2004 оны хооронд хөгжмийн продюсер Деймон Томасын эхнэр байсан. Түүнчлэн Крис түүний анхны тамирчин найз залуу ч бас биш. Тэр 3 жилийн турш Америкын хөл бөмбөгийн од Регги Буштай болзож байсан. Гэхдээ л одоогийн үерхэл нь түүнд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан байдлыг бэлэглэж байгаа аж. “Бие даасан, амжилтанд хүрч яваа бүсгүй хүний хань маш найдвартай эр байх ёстой юм шиг санагдсан. Крис намайг ажил хэргийн тал дээр бүрэн дэмждэг. Үүнээс ч чухал нь, тэр намайг хувь хүний үүднээс ойлгодог. Тэр миний хувьд бүх зүйлийг амар хялбар болгож өгдөг. Бид хоорондоо маш нийцтэй хос.”

Крис ч бас Киммитэй адилхан К үсгээр дагнасан гэр бүлд өсчээ. Түүний хоёр эгчийг Кристал, Каела гэдэг аж. Кардашиан түүнтэй найзуудаараа хоолонд орж байгаад танилцсан түүхтэй. Хоёр жилийн өмнө сагсан бөмбөгч Ламар Одомтой гэрлэсэн дүү Клоегийнхоо замналаар явсан болоод ч тэр үү, тэр хоёрын харилцаа түргэн дотносч байсан юм. Тавдугаар сард, болзож эхлээд дөнгөж 6 сар болсныхоо дараа Хамфрис түүнийг гэрт нь 20,5 каратын алмазан шигтгээтэй бөгжөөр гэрлэх санал тавьсан. Энэ бөгж ойролцоогоор 2 сая долларын үнэтэй гэгдэж байв.

10 дугаар сард Крисийн тоглолт эхлэхээс өмнө тэд Нью Жерситэй ойролцоо амьдрах газар олохоор төлөвлөж буй гэнэ. Тэдний хамтын амьдралд бараг л асуудал гарахгүй гэдэгт Кимми итгэлтэй байгаа аж. Гэвч ганцхан л зүйлээрээ тэд ялгаатай. “Би хэтэрхий нямбай зантай. Тэр ч бас нямбай л даа, гэхдээ над шиг хэтэрхий их биш. Тиймээс л би гэрлэхээсээ өмнө хэнтэй ч цуг амьдрахгүй гэдэг байсан юм.”

Тэр одоо хүртэл сүй тавьснаас нь хойш хэдхэн цагийн дараа тарж эхэлсэн жирэмсэн гэсэн цуу яриаг дарахыг оролдсоор. “Би зүгээр л ‘Ирээдүйд хүүхэдтэй болохыг хүсдэг’ гээд хэлчихсэн чинь жирэмсэн гэсэн мэдээлэл сонингуудаар тарчихсан.” Гэхдээ түүний амьдралдаа хийхийг хүсдэг олон зүйлсийн эхний эгнээнд “Хүүхэдтэй болох” багтдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “Би их олон зүйлд хүрсэн. Үүндээ ч баяртай байдаг. Гэхдээ үхэхээсээ өмнө хийх ганцхан зүйл гэвэл би үр удмаа үлдээхийг нэрлэнэ. Хүүхэдтэй болохгүй бол тэр жинхэнэ амьдрал биш шүү дээ”

Ярилцлага авсан Эйми Спенсэр


URL:

Сэтгэгдэл бичих