Эмч болж жүжиглэн эмнэлгүүдэд нэвтэрч, хулгай хийжээ

1-Үйлчлүүлэгчдэд өөрийгөө дадлагын оюутан гэж танилцуулжээ-

Цагаан халаад өмсөн эмчийн дүр эсгэж хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, гэмт этгээд О гэгч тавдугаар сарын 12-ны өдрөөс долоодугаар сарын 13-ны хооронд нийслэлийн бүх дүүрэгт байрлах эмнэлэгт эмчийн цагаан халад өмсөн нэвтэрч, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлийг хулгайлсан байна.

Тэрээр “Би дадлагын оюутан байна” хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлжээ.

Мөрдөн байцаалтын явцад тэрээр 20 удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байна. Үүнээс шалгалтын явцад 6 удаагийн гэмт үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, бусад хэргийн хохирогч нь одоогоор тогтоогдоогүй аж.

О 1990 онд төрсөн, Улаанбаатар хотын оршин суугч юм байна. Тэрээр дээд боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд шунахайн сэдэлтэйгээр уг хэргийг үйлдсэн гэх.

Гэхдээ О мэдүүлэг өгөх бүртээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа өөрөөр тайлбарлаж байгаа гэнэ.

-16 настай охиныг утас зарах нэрийдлээр хүчирхийлжээ-

Мөн тэрээр хулгай дээрмийн хэргээс гадна хүчингийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал, 2016 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ХУД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт 16 настай А-г хүчирхийлсэн байна. Ингэхдээ хохирогч А-д гар утас зарах нэрийдлээр уулзахдаа хүчирхийлж, улмаар эд зүйлийг нь дээрэмджээ.

О хэдийгээр олон удаагийн гэмт үйлдэлтэй ч хуулийн дагуу өмгөөлөгч авах эрхээ эдэлж байгаа юм байна.

-Сэжигтэн О-г яллагдагчаар татан саатуулан шалгаж байна-

Энэ хэргийн талаар бид Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.

-Сэжигтэн этгээд О-д холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Нийслэлийн бүх эмнэлэгт нэвтэрч хулгай, дээрэм хийсэн гэх мэдээлэл байна. Чухам ямар эмнэлгүүдэд хэрхэн нэвтэрсэн гэж мэдүүлсэн бэ?

-Сонгинохайрхан дүүргээс бусад бүх дүүргийн эмнэлгээр явж, гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст өөрийгөө “Би дадлагын оюутан байна” хэмээн танилцуулж, эд зүйлийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

-Хамгийн сүүлд түүнийг ямар үйлдэл дээр нь саатуулсан бэ. Эсвэл иргэдээс мэдээлэл ирсэн юм уу?

-Долоодугаар сарын 13-ны өдөр дахин эмнэлгийн байгууллагуудаар явж, хулгайн гэмт хэрэг үйлдэж байх үед нь цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.1, 126.2.4, 145.2-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Энэ дашрамд 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс долоодугаар сарын 13-ны эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эд зүйлээ хулгайд алдсан иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж, хамтран ажиллахыг сануулмаар байна” гэв.

Одоо гэмт этгээд О-г Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 П.Мөнхжаргал eagle.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 12 September 2016

tsazaaar av

Сэтгэгдэл бичих