Нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлөх хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 орчим хувийг эзэлж буй юм. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж, өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсч, шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гадна үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
мэдээ.мн Б.ЦОГ
URL: