Хямдралын цаана Юу? ч байж магадгүй шүү дээ
Хямдралд хууртаж дуусдаггүй манайхан хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн дэлгүүрийг ёстой л дайлаар мордлоо. Хямралтай болоод хямдарсан гэх дэлгүүрийг зорив уу. Эсвэл үнэхээр чанартай хүнсээр тэгэж их дутагдсан байсан уу. Юутай ч Сү.Батболдын хүү Баттүшигийн оруулж ирсэн БНСУ-ын жижиглэнгийн зах зээлийн номер нэг сүлжээ гэгдэх Emart хайпермаркетийн Монгол дахь анхны салбарын албан ёсны нээлт нэлээд дуулиан шуугиантай болж, өндөрлөлөө.
Зургаан давхар барилгатай нийт 43 мянган м.кв талбайтай тус дэлгүүрийг ёстой л хөл тавих зайгүй болтол үйлчлүүлэгчид “шавсан”. Бүр хамгаалагч нь “нэмж хүн оруулахгүй, дотор нэг хүн ч нэмж орох зай алга” гээд хаалгаа бариад зогсч байх жишээтэй. Харин хямдралаас хоцрохыг хүсээгүй үйлчлүүлэгчид хамгаалагч, хаалттай хаалга хоёрт уураа гаргаж, бараг л цагдаа сэргийлэх дуудах шахсан.
Магадгүй манай иргэд хугацаа нь дуусан бүтээгдэхүүн болон хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ хэдхэн төгрөг хямдруулаад “Super Sale” гэж “солиордог” үйлчилгээ, үйлчлүүлэхээр орсон хүн бүрийн цүнх савыг хар уутанд хийж түгжиж багладаг хачин зуршилтай дэлгүүрүүдээс залхаж байсан байх. Тиймээс ч чанар, үнэ нь боломжийн гэх сурталчилгаа хийсэн дэлгүүрийг бөөн бөөнөөрөө зорисон хэрэг.
Тус дэлгүүрийг нээлтийн үеэр дэлгүүрийн салбарыг Улаанбаатар хот болон томоохон аймгуудад нийт 20 гаруй салбар байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг дуулгаж байсан. Тиймээс бусад сүлжээ дэлгүүрийнхэн зах зээлээ тэр чигт нь алдахыг хүсээгүй л бол үйлчилгээний соёл гэгчид суралцаж, иргэдийн толгой дээгүүр татсан үнийг бус боломжийн үнээр, чанартай бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж сурмаар байна.
Ганц сүлжээ дэлгүүрүүд ч биш бусад бүх салбарт Монголчууд бидний хувьд анхаарууштай зүйл болоод байна. Хэн нэгэн сэргэлэн нөхөр үүнийг хараад үйлчилгээ сайтай газар нээгээд л нэг салбарыг тэр чигээр нь атгах боломж бий болоод байгаа. Учир нь Монголчууд хэдийгээр хямарч байгаа ч үйлчилж чадаж байгаа газарт, үнийг нь төлөөд үйлчилгээ авдаг болчихсон гэдгийг нэг ухаарах цаг иржээ.
Түүнээс лангууны үнэ кассын үнээ өөр бичих, хямдхан мэт харагдуулах нэг төгрөгийн заль зэргийг үйлчлүүлэгчид чинь аль хэдийн мэддэг болчихсон. Тиймээс бохир аргаар үйлчлүүлэгчээ татах бус чанартай барааг боломжийн үнээр, дээр нь соёлтой цогц үйлчилгээг үзүүлж чадсан нь энэ салбарт үлдэх нь байна шүү гэдгийг нэг ухаараасай.
Мэдээл.мн
URL: