ТОРГУУЛИЙН МӨНГӨ ЦАГДААГИЙН ХАЛААСАНД ОРДОГ ГЭСЭН ОЙЛГОЛТ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга С.Батсүхтэй ярилцлаа.

-Эхний есөн сарын статистик мэдээг харж сууна л даа. Манай аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо буурсан харагдаж байв ч авто замын осол хэт өндөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний учир шалтгаан нь юу юм бол?

-Өнгөрсөн жил авто осол, хэргийн гаралт 50 хувь буурсан дүнтэй гарч байсан нь малын шүлхий өвчин гарч тодорхой хэмжээгээр хорио цээрийн дэглэм тогтоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой. Энэ жилийн хувьд зам тээврийн осол, хэрэг 100 хувь өссөн үзүүлэлттэй байгаа. Ер нь сүүлийн үед Дорнод аймагт гадаад, дотоодын уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуй нэгжүүд олширсон, мөн нисэх онгоцны буудал олон улсын ангиллын болж, хил боомтоор зорчих хөдөлгөөн нэмэгдсэн, хүн амын төвлөрөл ихэссэн, тэмдэглэлт ой, баяр, наадмын үйл ажиллагаа олноор зохиогдсон зэрэг шалтгаанаас орон нутагт зорчих хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн тоо 1-2 дахин нэмэгдсэн нь хэрэг, ослын гаралтад нөлөөлж байгаа.

-Таагүй асуултаар ярилцлагаа эхэлсэнд уучлаарай. Ер нь танай тасгийн хувьд ямархуу бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-Бүтэц зохион байгуулалтын хувьд тасгийн даргатайгаа нийлээд 13 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл үүнд хяналт тавих цагдаа, зохицуулагчийн хүрэлцээ төдийлөн хангалттай бус. Тухайлбал олон улсын жишгээс үзэхэд нэг замын цагдаад 250 тээврийн хэрэгсэл ногддог бол манай аймгийн хэмжээнд 1000 тээврийн хэрэгсэлд нэг цагдаа ногдож байна.

-Нэлээн өндөр ачаалалтай ажилладаг нь эндээс ойлгогдож байна. Ажил алба залгуулах явцад хүндрэл бэрхшээл их л тулгардаг байх?

-Халуун, хүйтэн ямар ч цаг үед тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж иргэдийн амар тайван, амьдралын төлөө зүтгэж явдаг амаргүй ажилтай хүмүүс. Аваар, осол ихэсч байгаа явдал нь дан ганц цагдаагийн ажлаас шалтгаалж байгаа хэрэг биш юмаа. Үүнд шалтгаалах олон хүчин зүйл бий. Тухайлбал, замын нөхцөлийг сайжруулах үүнд, замын хучилт, арчлалт, хамгаалалт, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, гэрэлтүүлэг, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөл, автозамын хэрэгцээ, зогсоолын хүрэлцээ, хот байгуулалт, төлөвлөлтийг сайжруулах зэрэг төр засгийн бодлого, шийдвэрт нь тулгуурлаж шийдвэрлэх олон ажил бий. Би юу хэлэх гээд байна гэхээр төр, засаг, олон нийтийн хамтын ажиллагаа, иргэд замын хөдөлгөөнд зөв ухамсартай, соёлтой оролцохоос шалтгаалж осол, аваар буурах нөхцөл бүрддэг. Манай аймгийн хувьд замын болон хөдөлгөөний зохион байгуулалт төдийлөн шаардлагын түвшинд байдаггүй, орон сууцны голын зам нь хэт нарийн, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй, зогсоол хүрэлцээ муутайгаас нэг газар бөөгнөрч зогсдог, мөн зорчих хэсэгтэй хэт ойр байрласан үйлчилгээний газруудын гадна зогсоолын талбай байхгүйгээс автомашинууд зорчих хэсэг дээр зогсож түгжрэл саадыг бий болгодог гээд олон зовлон бэрхшээл байдаг. Энэ бүхнийг аймаг, орон нутгийн Засаг захиргаанаас нэгдсэн цогц бодлого барьж зохицуулан шийдвэрлэх ёстой юм.

-Гудамжаар давхиж яваа жолоочийг цагдаа шүгэлдээд зогсоодог. Жолооч бууж очих ёстой юу, цагдаа хүрч ирээд амрыг эрээд бичиг баримтыг шалгах үүрэгтэй юу? Үйлчилгээний стандартад нь яаж заасан байдаг юм бол?

-Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах арга барил мөн цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллахыг алба хаагчдад сургалтаар заан сургаж, сануулдаг. Таны асууж байгаа тохиолдолд цагдаа замын хөдөлгөөнд оролцогч, жолооч дээр хүрч очоод үйлчилгээний стандартын дагуу харьцаж бичиг баримтыг шалгах үүрэгтэй. Гэхдээ жолоочийг зайлшгүй буулгаж шалгах хэд хэдэн тохиолдол байдаг. Жишээлбэл тээврийн хэрэгслийн арал, хөдөлгүүрийн дугаарыг тулгаж үзэх, ачаа тээшийг шалгах гэхчлэн.

-Үүнийг асуугаад байгаа нь манай цагдаа нар их төлөв харьцаан дээрээ алдаад байх шиг санагддаг. Таны хувьд цагдаа нараа өмөөрөх нь зүй байх л даа.

-Зөрчил гаргасан иргэн, жолоочид зохих хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон бусад төрлийн шийтгэлийг ногдуулахад үүнд иргэд төдийлөн таатай ханддаггүй, аль болох үүнээс зайлсхийх, тэр ч байтугай эсэргүүцэх, хэл амаар доромжлох, цагдаагийн хувцас формыг урах зэрэг ааш араншан гаргадаг, гэхдээ үргэлж биш л дээ. Энэ нь тухайн хүний ухамсар соёлоос ихээхэн шалтгаалдаг. Үүнээс болж цагдаад муурхах явдал гардаг. Цагдаагийн алба хаагчдын зан харьцаа, хөдөлгөөнд оролцогч нартай зөв харьцах тал дээр Цагдаагийн газраас анхаарч ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийг мэдсээр байж бүдүүлгээр зөрчиж байгаа зарим жолооч нарын үйлдлээс шалтгаалж осол, хэрэг их гардаг. -Нийгэмд ийм нэг сөрөг ойлголт байдаг л даа. Замын цагдаа нар мөнгө хэрэг болсон үедээ эрээн модоо барьж зогсоод торгоод унадаг гэж. Үнэхээр тийм явдал байна уу? -Торгуулийн мөнгө цагдаагийн халаасанд ордог гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Торгуулийн хуудсаараа санхүүтэй тооцоо хийж тэр нь Цагдаагийн байгууллагын тоо бүртгэлийн мэдээллийн санд шивэгдэж ордог. Үүнд тогтмол хяналтыг тавьдаг. Зөрчил гаргасан жолооч үнэхээр цагдаагийн халаасанд хийхийг хүсэхгүй л байгаа бол торгуулийн хуудсаа нэхэх ёстой шүү дээ. Замын цагдаа нар торгуулийн мөнгөтэй харьцдаг учраас иргэдийн дунд энэ мэтчилэн ташаа ойлголтууд байдаг. -Нийслэлийн гудамж замд теле камер ажиллаж, зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад үр нөлөөтэй ажил хийгдэж эхэллээ. Хөдөөд энэ нь хол л байх даа? -Чойбалсан хотын гудамж, зам, уулзваруудыг теле камерийн хяналтад оруулах ажлын төсөл, саналыг боловсруулж холбогдох газарт нь уламжлаад байгаа, энэ асуудал ирэх жилд шийдэгдэх байх гэж найдаж сууна. Хэрэв энэ ажил хийгдвэл гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэхэд ихээхэн чухал ажил болж алба хаагчдын ажлын ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрнө. Мөн түүнчлэн удахгүй алба хаагчдад энгэрийн камерийг хуваарилан өгч зөрчил гаргагчийн үйлдлийг бэхжүүлж авах зорилгоор ашиглана. Ингэснээр нөгөө зөрчил хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдлийг таслан зогсоохын зэрэгцээ алба хаагчдын үйл ажиллагааг давхар хянах ач холбогдолтой юм.

-Зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулахад цаашид ямар ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж та үзэж байна вэ? -Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг шаардлагын түвшинд хүргэхийн тулд үе шаттай олон ажлыг иж бүрэн шийдвэрлэх шаардлагатай. Үүнд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалтын хөтөлбөрүүдийг хөдөлгөөнд оролцогчийн нас болон хууль дүрмийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагаар нь ангилан боловсруулах, нийтэд чиглэсэн замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэй, хүртээмжтэй болгох, хүүхдэд багаас нь замын хөдөлгөөний дүрмийн шат дараатай мэдлэг олгох, хөдөлгөөнд зөв оролцох дадал эзэмшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, жолооч бэлтгэх сургалт, давтан сургалтын чанарыг дээшлүүлэх, техник хяналт, оношилгоо, замын болон хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлыг хийх шаардлагатай. Хамгийн гол нь иргэд замын хөдөлгөөнд соёлтой, бие биенийгээ хүндэтгэсэн, ухамсартай, дүрмийн дагуу оролцох нь чухал.

Иргэн бүрт замын хөдөлгөөний дүрэм хамааралтай. Эхний есөн сарын байдлаар осол, хэргийн 17,8 хувийг явган зорчигч нарын буруугаас шалгаалан гарсан. Явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байгаа хүнд зам тавьж өгөлгүй түүний хөдөлгөөнд саад учруулах, гарцад ойртох үедээ хурд хасахгүй байх, дуут дохио өгөх зэрэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан явган зорчигчийн итгэл алдарч, замын хаагуур ч гарсан ялгаагүй гэдэг сэтгэгдлийг төрүүлэх нь бий. Иймд хүн бүр хөдөлгөөний соёл надаас эхэлнэ гэж алхам тутамдаа бодож явах нь зүйтэй. -Бидний ярилцлага өндөрлөх нь. Асуулгүй орхигдсон зүйл байвал энэ боломжийг танд олгоё.

-Замын цагдаагийн албанд ажил амьдралаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр төртэй үүргээ биелүүлэн, халуунд нь халж хүйтэнд нь хөрж, сэтгэл зүрх, мэдлэг чадвар, амь нас, эрүүл мэнд, идэр залуу насаа зориулж явсан үе үеийн ахмад ажилтнууд болон одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийнхэнд Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний 75 жилийн ойн мэндийг хүргэе.

Мөн энэ дашрамд Замын цагдаагийн албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг туслалцаа байнга үзүүлж байдаг аймгийн Цагдаагийн дарга Д.Манлайбаатар болон зөвлөлийн гишүүд, нийт хамт олондоо талархлаа илэрхийлье. Б.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих