Ханшийн хямрал хаяанд ирлээ
Ногоон дэвсгэртийн төгрөгтэй харьцах ханш тасралтгүй өсөж импортлогчдын хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байна
Валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгджээ. Үүнээс шалтгаалж гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сард 6.1 хувиар сулрав. Ам.долларын ханш ойрын хугацаанд суларна гэж найдалтгүй бололтой. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн зах зээлийн ханш уруудсаар. Эдгээр түүхий эдийн үнэ угтаа сэргэж байж төсөв орлоготой болно. Орлогоос гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, ам.долларын хомсдолд орсон эдийн засаг маань хэвийн өсөлтөөр хангагдах нөхцөл бүрдэх юм.
Монгол төгрөгийн ханш оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар суларсан байна. Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш хэлбэлзэл ихтэй мөнгөн тэмдэгтээр тодроод байгаа юм. Гэхдээ дунд хугацаанд ханшийн төлөвийг тодорхойлогч төлбөрийн тэнцэл энэ оны эцэст алдагдалгүй гарахаар байгааг Монголбанкнаас мэдээллээ. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй байна гэдэг нь одоо олж байгаа валютын орлого нь бидний гадагш төлдөг валютын хэмжээтэй дүйцнэ гэсэн үг. Мөн төгрөгтэй харьцах ам.долларынханш тогтворжих баталгаа болохыг ч үгүйсгэхгүй.
Төв банкны зарласан ханшаар ам.доллар ням гарагт 2073.09 төгрөгтэй тэнцэв. Арилжааны банкууд энэ өдөр нэг ам.долларыг 2062 төгрөгөөр худалдан авч 2080 төгрөгөөр зарж байлаа. Харин “Найман шарга” валютын арилжааны төвд ам.долларыг 2083-2085 төгрөгөөр арилжаалж байв. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш сүүлийн жилүүдэд тогтмол дүнтэй өсөх болсон. Зөвхөн Монголд бус дэлхийн бусад оронд ам.долларын ханш чангарах үзэгдэл ажиглагдсаар. Монголбанкны хувьд долоо хоног тутам тасралтгүй интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулахаар оролдож байгаа.
Манай улсын хувьд төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсаар урьд өмнө сонсогдож байгаагүй хэмжээнд хүрээд байгаа билээ. Уг өсөлтийгтүүхэн дээд түвшин хэмээн эдийн засагч үзэж байна. Энэ оны хоёрдугаарт хагаст буюу зургадугаар сарын сүүлийн долоо хоногт 1938 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш огцом өссөн нь Монголбанкны ханшийн графикаас харж болох юм. Ам.долларын ханш сүүлийн 30 орчим хоногийн дотор даруй 142 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн тогтворгүй байдлыг улам эмзэг болгох ч дотоодын үйлдвэрлэлд эерэг талтай.
Гадаад худалдааны ашиг өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа нь валютын захын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Төв банкнаас мэдэгдсэн. Төлбөрийн тэнцлийг манай улсад орж ирэх, мөн манай улсаас гарч явах валютын урсгалын харьцаа гэж ойлгож болох юм. Энэ утгаараа ханшийн өсөлт, бууралтад чухал нөлөөтэй. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарч, өндөр алдагдлын”хэмжээ үргэлжлэн буурч байна. Төлбөрийн тэнцэл хэдий алдагдалтай ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80 орчим хувиар буурсан нь төгрөгийн ханш сулрах дарамтыг бууруулжээ.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспорт нь импортынхоо төлбөрийг хийж чадахгүй байна гэсэн үг гэдгийг дээр дурдсан. Төлбөрийн тэнцэл бол тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас гэж эдийн засагчид үздэг. Өнгөц харахад “статистик” гэсэн утгаар техникийн шинжтэй ч макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг. Ам.долларын эрэлт нийлүүлэлтээсээ өндөр хэвээр байхад төлбөрийн тэнцэл болон урсгал дансны алдагдал нөлөөлж буй. Монголбанкны гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 1.27 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь манай улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг.
Гадаад валютын албан нөөц нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл, гадаад өр төлбөрийг барагдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх баталгаа болдог билээ. Мөн гадаад орчны тогтворгүй байдлыг даван туулах хэрэгсэл. Валютын албан нөөц эдийн засаг сайн байх үетэй харьцуулахад огцом буурсан ч одоогийн нөхцөл байдлыг муутгах хэмжээнд ирээгүй байгааг дээрх дүн илэрхийлэх аж.
Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад оролцож байна. Тухайлбал, Төв банк хамгийн сүүлд буюудолдугаар сарын 28-нд арилжааны банкуудад 2071.50 төгрөгийн ханшаар 28.2 сая ам.доллар, 311.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 37.5 сая юанийг нийлүүллээ. Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого барьдаг. Энэ хүрээнд ханшийг тогтворжуулах арга хэмжээг Төв банк хэрэгжүүлдэг.
Улсын нэгдсэн төсөв энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Шинээр бүрдсэн Засгийн газрын хувьд улсын төсөвт тодотгол хийх, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, царцанги байдалд шилжсэн мега төслүүдээ эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм. Энэ оны төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцсон. Харамсалтай нь өдгөө ам.долларын ханш» Монголбанкны гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 1.27 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеэс 65.2 сая ам.доллараар өссөн дүнтэй гарлаа.уг түвшнээс даруй 50 орчим төгрөгөөр нэмэгджээ. Төгрөгийн эсрэг чангарах амдолларын ханш өссөөр байвал төсвийн ханшаас хүлээх эрсдэл улам бүр тэлэх нь дамжиггүй.
Ногоон дэвсгэртийн төгрөгтэй харьцах ханш тасралтгүй өсөж байгаа бөгөөд импортлогчдын хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Ханшийн өсөлтийг хязгаарлах нэг гарц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж гурван эдийн засагч тутмын хоёр нь үзэж байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал оны эхний хагаст ялимгүй сэргэсэн. Гэхдээ төгрөгийн нэрлэсэн ханшийг өөрчлөх түвшинд ирээгүй байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеэс 65.2 сая ам.доллараар өссөн. Гэхдээ багцын хөрөнгө оруулалтын ашиг 162.9 сая ам.доллараар буурсан аж. Улсын бүртгэл, статистикийн хорооны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс харахад төгрөгийн нэрлэсэн үнэ суларсаар байгаа юм. Ам.долларын ханш чангарснаас импорт буурсан.
Харин эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэл зохих хэмжээнд сайжирч байгааг салбарын яамнаас онцолж буй.
Уул уурхайн ашигт малтмалын үнийн төлөв байдлаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрах нь бүрхэг байна. Ийм нөхцөлд нэг талаар төсвийн орлого их наядаар тасрах нь бараг ойлгомжтой гэмээр үзэгдэл. Гол нь хэтэрхий өөдрөг төсөөллөөр төсвийн орлогыг тооцсон нь төсвийн хямрал нүүрлэхэд хүргэж байгааг зарим эдийн засагч хэлж байна. Төсвийн алдагдал эдийн засгийн тэнцвэрт байдалд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь. Ирэх оноос эхлэн гадаад өрийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Тухай бүрт төгрөгөөр бус ам.доллараар бондын төлбөр бидэнд нэхэмжлэгдэнэ. Тэгэхээр ам.долларын эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэнэ гэсэн үг. Ам.долларын ханшийн огцом өсөлт нь төгрөгөөр илэрхийлэх өрийн хэмжээг тэлсээр байгаа. Энэ хэрээр өрийн дарамт нэмэгдэх нь лавтай. Тиймээс валютын нөөцөө арвижуулах, долларын урсгалыг дотооддоо татахаас эдийн засгийн “эрүүл мэнд” үндсэндээ шалтгаалах нь. [ЗГМ]
Б.Баяртогтох
URL: