Сумо бөхийн ДАШТ өндөрлөлөө
Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа боллоо. Энэ нь бөхийн төрлөөр манай улсад болсон хоёр дахь ДАШТ байв. Үүнээс өмнө 1974 онд самбо бөхийн ДАШТ-ийг Монгол Улс зохион байгуулсан юм. Харин 42 жилийн дараа бөхийн спортын ДАШТ Монголд болсон нь сумогийн төрлөөр байлаа. 23 орны баг тамирчид оролцсон тус тэмцээн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр насны ангиллаар зохион байгуулагдсан. Уг тэмцээнд арлын Японоос мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо, 70 дахь аварга Харүмафүжи, озэки Тэрүнофүжи тэргүүтэй сүмочид ирж баг тамирчдаа дэмжээд, уржигдар орой буцлаа.
Тэмцээний эхний өдөр болсон насанд хүрэгчдийн тэмцээнд Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, дэлхийн хошой аварга болов. Тэгвэл О.Мөнхцэцэг мөнгө, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар хүрэл медалийн эзэн болов. Х.Сүнжидмаагийн хувьд дэлхийн хошой аварга болж буй анхны эмэгтэй тамирчин болсон юм. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ-ий багийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний хоёр дахь өдөр залуучуудын ангиллын тэмцээн болсон бөгөөд манай улсаас мөн л хоёр тамирчин дэлхийн аваргын алтан медалиар энгэрээ мялаав.
Залуучуудын дэлхий аваргын багийн төрөлд Японы эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртсэн бол бол Монгол, Египет мөнгө, Польш, ОХУ хүрэл медалийн эзэн болов.
Эрэгтэй багийн төрөлд Гүрж, Унгар, Египет, ОХУ, Польш, Унгар, Монгол гэсэн долоон орон өрсөлдсөн. Эхний тойрогг Японы баг гоц мөргөсөн бол Унгар-Гүрж, Монгол-Польш, Египет-ОХУ-ын багууд оноолт таарсан. Эндээс Гүрж, Монгол, Египет өрсөлдөгчөө хожсон юм. Дашрамд сонирхуулахад, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо өчигдрөөс эхлэн Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай болсон юм. Тэрбээр ДАШТ-ий үеэр одоогийн тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяраас тамга, тэмдгээ хүлээн авчээ. Хакүхо аварга “Надад өндөр хариуцлага ноогдууллаа. Энэ ажлыг нэр төртэй хийхээ амалъя” гэв. Японы Токио хотод мэргэжлийн сүмогийн зуны тойргийн барилдаан өчигдөр эхэлсэн учраас Хакүхо бусад сүмочийн хамт бямба гарагийн орой арлын орныг зорьсон юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: