Турк Гюлений нууц захидлуудыг олжээ
Туркийн тагнуулын алба тус улсад цэргийн эргэлт хийх оролдлого болохоос өмнө АНУ-д амьдардаг номлогч Фетулла Гюленийг дэмжигчдийн шифрлэгдсэн яриаг олж авсан байсан тухай өндөр албан тушаалын түшмэл хэлснийг Үаhoo7 News иш татан мэдээлжээ. Түүний хэлснээр, Гюленийг дэмжигчид 2013 оны арванхоёрдугаар сараас хойш мэдээлэл солилцох боломжтой бүх л сувгийг ашиглан шифрээр харилцаж байгаад, 2014 оноос ByLock хавсралтыг ашиглаж эхэлсэн байна. Тэрбээр “Турк Улсын нууц тагнуулын албаныхан тэднийг илрүүлснийг мэдмэгцээ тэд өөр суваг руу шилжсэн. Цэргийн эргэлт хийх үедээ тэд WhatsApp-аар мэдээлэл солилцож байсан” хэмээн тэмдэглэжээ.
Туркийн Нууц тагнуулын алба 2015 оны тавдугаар сард тэдний харилцааны сувагт нэвтрэх боломж олдсоноор номлогчийг дэмжигч 40 мянга орчим хүний нэрсийг олж авсан байна. Тэдгээрийн дийлэнх нь тус улсад саяхан болсон цэргийн эргэлттэй шууд холбоотой байжээ. Тиймээс Гюленийг уг оролдлогын гол зохион байгуулагч хэмээн үзэж буруутгаж буй. Харин номлогч үүнийг эрс үгүйсгэсээр байгаа.
Өнгөрсөн сарын 15-ны үүрээр болсон цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 246 хүн амь үрэгдэж, 2,1 мянга гаруй хүн шархадсан билээ. Цэрэг, цагдаа, шүүгч, багш, төрийн албан хаагч нийлсэн 60 мянган орчим хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс гадна, хэвлэл мэдээллийн 130 гаруй хэрэгслийг хаасны дотор мэдээллийн гурван агентлаг, телевизийн 16 суваг, 45 сонин багтжээ.
ЭРДОАН ТУРКИЙН ЦЭРГИЙН СУРГУУЛИУДЫГ ХААСНАА ЗАРЛАВ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан цэргийн бүх сургуулийг хаана гэдгээ зарласан тухай Ройтерс мэдээлэв. Тэрбээр “Цэргийн сургуулиудыг Батлан хамгаалахын үндэсний их сургуульд нэгтгэнэ. Ингэснээр илүү хүчирхэг болно” гэсэн бөгөөд энэ тухай удахгүй Туркийн Засгийн газрын албаны сонинд нийтлэх аж. Түүнээс гадна, цэргийн салбарт өөр нэг чухал өөрчлөлт оруулах нь цэргийн дарга нар, командлагчид бүгд Батлан хамгаалах яаманд харьяалагдаж, Үндэсний тагнуулын байгууллага, Ерөнхий штаб Ерөнхийлөгчийн шууц харьяанд ажиллах юм байна.
Эрдоан эдгээр өөрчлөлтүүдийг нэвтрүүхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сөрөг хүчний намын тэргүүн нартай хамтрах ёстой гэдгийг ч онцлов.
БАРИВЧИЛСАН ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХИЙГ СУЛЛАВ
Истанбулд цэргийн эргэлт хийхийг оролдсон хэргээр цэргийн 989 албан хаагчийг баривчилсан байснаас 758-ыг нь суллажээ. Энэ тухай Туркийн мэдээллийн Анадолу агентлаг мэдээлэв. Тэдний дунд цэргийн сургуулийн сонсогчид ч байгаа бөгөөд бүх хүнээс байцаалт авсны дараа прокурорын зөвшөөрлөөр сулласан байна. Одоогоор шоронд 231 хүн үлдэзд байгаа аж.
Т.Мишээл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: