Нүглээс ургасан хараал гурван үед нь дамжжээ

c6d05f5df117213dgreatШагдарын Баттулга социалист нийгмийн үзэл суртлаар хүмүүжсэн бүтээгдэхүүн учир шашин бурханд сүжиггүй, үзмэрч төлгөчдөд итгэлгүй нэгэн байжээ. Гэвч эхнэр нь дөрвөн удаа төрөхөд гурван хүү, ганц охин төрсөн боловч хөвгүүд нь нэг хоногоос нэг ойдоо хүрүүт л өнгөрсөн байна. Хүүгийн заяагүй ерөөл муутай хүн байна даа гэж Ш.Баттулга сэтгэлээр унадаг байв. Баттулга айлын цор ганц хөвгүүн. Ээж нь дөрвөн хүү төрүүлсэн боловч гурван хүү нь бас эндсэн аж.
Аав нь идэрхэн насан дээрээ авто ослоор өөд болсон байлаа. Баттулгыг эртний танилындаа очвол холоос ирсэн айлчин бололтой ногтон хар сахалтай хижээл хар хүн бүхэл махыг том томоор огтлон залгиж байжээ. Мэнд усаа мэдэлцээд цай ууж суухад өнөөх ногтон сахалт, Баттулгыг сүрхий ажиглаж байснаа,
- Чи удмынхаа цорын ганц эр хүн юм. Удахгүй чиний хоногийн тоо ч дуусч магадгүй гэж хэлэхэд маш их цочиж “Ямар хачин хүн бэ? Яаж даапаалж байгаа нь энэ вэ? Галзуу солиотой амьтан юм уу, хаашаа юм” гэж эгдүүцэн шал дургуй нь хүрчээ.

 

Тэгсэн нөгөө ногтон сахалт юу ч болоогүй аятай том өөх залгиж идээд,
- Хэрэв чи эмээгээ надтай уулзуулж амжвал чамд би тус болж болох юм. Чи битгий цухалд. Чамд нэг тусгүй хар толбо тогтсон байна. Уг нь чиний нүгэл биш л дээ. Танайхны удмаас хоцорсон хар сүүдэр бололтой юм гэж хэлжээ. Баттулгыг найз нь гаргаж өгөхдөө,
- Энэ хүн бол манай нутгийн нэртэй үзмэрч хүн байгаа юм. Нөгөөдөр буцна. Чамд тус болох гэсэндээ ингэж хэлсэн байх. Чи эмээгээ хурдхан уулзуулвал дээргүй юу? гэсэн байна. Эхний хоёр хоног Баттулга бухимдаад юун эмээгээ тэр ногтон сахалттай уулзуулах. Гэвч гурав дахь хоног дээрээ тэсч ядаад эмээтэйгээ очиж уулзав. Өнөө үзмэрчийн буцах өдөр болсон тул эмээгээ аваад очихоор шийджээ. Тэгсэн эмээг нь хармагц,
- За, сайн байна уу, Пүрэвжав гуай гэхэд Баттулга гайхав. Эмээгийн нэрийг найз нь ч мэдэхгүй билээ. Ногтон сахалт,
- Таны ахыг Гонгоржав гэдэг байсан уу? гэхэд эмээ толгой дохилоо.

 

- Таны ач хүүд гурван сарын нас үлдсэн байхад та амьдралынхаа хамгийн нүгэлтэй нууцыг хадгалаад хадан гэртээ явах санаатай байгаа хүн үү? Ах чинь маш муухай хэрэг тарьсныг та мэднэ биз дээ? Гонгоржав их нүгэлтэй мөрийг өөрийнхөө удамд үлдээж, танай удам суурин бүх эрчүүдийн амь насаар төлөх их гай хоцроосныг мэдэхгүй гэж үү дээ? гэхэд эмээ нь гэнэт мэгшин уйлж гарнаас нь зүүгдээд,
- Ай, бурхан минь. Та яаж мэдэв ээ? Бид их нүгэлтэй улс даа гэж мэгшжээ. Ногтон сахалт үзмэрч хурц шар нүдээрээ цоо ширтэн сууcнаа,
- Их эрт юм байна. Нэг сайхан залуу бүсгүй таны ахаас юуг ч юм гуйгаад байхад тоолгүй сүхээр толгой руу нь дэлсээд алчихаж байхыг би харлаа. Тэр бүсгүй хөл хүндтэй байж. Хол нутгийн хүн байна… гэж яривал Пүрэвжав эмгэн,
- Гончигсүм минь. Яана билээ. Тийм ээ. Тэр бүсгүйг ах маань зэргэлдээх аймгаас авчирч ханилсан юм. Гэтэл манай эцэг, эх түүнийг бэрээ болгохыг хүсээгүй. Ах түүнийг нутаг руугаа буц гэсэн ч яваагүй. Өнчин ганц хүүхэн байсан юм билээ. Ахтай минь амьдрахыг л хүссэн байх. Гэтэл явахгүй болохоор нь түүнийг ах хэвтэрт ортол зодоод цагдаа, шүүхэд мэдэгдэнэ гэхээр нь сүхээр дэлсээд алчихсан юм. Хэн ч үгүйлээгүй. Бэр чинь яагаав гэхэд төрхөмдөө буцсан гэж хэлдэг болсон юм. Ах түүнийг харанхуй шөнөөр ухсан нүхэндээ булж хаясан хэмээн ярихдаа үргэлж мэгшиж байжээ.

 

- Та ч, танайхан ч энэ бүхний амьд гэрчүүд мөртлөө хөөрхий тэр зүдэрсэн бүсгүйд хэн нь ч туслахыг хүссэнгүй. Ядаж та хүртэл өмгөөлөн хамгаалаагүй. Ахынхаа нүглийг хүртэл хэлэлгүй таг дарсан. Бүх насаараа шаналж явдаг байж зүрх чинь яаж тэсээд өдий хүртэл наслаж чадав гэж ногтон сахалт үзмэрчийг чанга дуугаар хэлэхэд Пүрэвжав эмгэн хоёр өвдгөн дээрээ сөхөрч унаад,
- Өршөө, өршөө хэмээн гараа наминчлан мөргөж байлаа.
- Таны хүүгээс үлдсэн энэ ганц ач хүүгийн чинь амьд явах насны тоо дуусах нь. Танайхны нүглийн гар ийм төлөөс нэхэж байгааг мэдэж байна уу?
- Мэдэж байна, мэдэж байна. Яадаг билээ хэмээн эмгэн улам мэгшээд бараг муужирч унах нь ээ.
- Тэр бүсгүй үхэхдээ яаж хашгирсныг та мартаагүй биз? гэхэд эмгэн яаж тэсэх вэ, ухаан алджээ.
Баттулга санаанд оромгүй хачин, энэ аймшигтай түүхийг сонсоод айдаст автжээ. Эмээг нь зовоож буй ногтон сахалтад зэвүү нь хүрэвч яаж ч чадсангүй. Яах ч билээ дээ.

 

- Хөл хүндтэй тэр бүсгүй хоёр хүний амь таслаж буй ахаас чинь амь гуйсан ч өршөөгөөгүйд танай удмынхан эр хүйстэй болгоныг үхэл аваг гэж хараасан байна. Ах чинь хэдэн жилийн дараа өөрийгөө боомилж үхсэн биз? гэлээ.
Эмээ нь гэртээ ирсэн хойноо өдөр, шөнөгүй залбирдаг болсон бөгөөд “Энэ муухай нүгэл надаар дуусаасай” гэж үглэдэг болжээ. Тэднийг явахад ногтон сахалт эр,
- Одоо бүх юм сайн тал руугаа эргэнэ. Бурханд сайн залбир. Идээ будааны дээжээ өдөр бүр хангай дэлхийдээ өргө. Би явсан хойно чинь ном уншиж арга засал хийнэ гэсэн билээ. Хоёр сарын дараа Баттулга гэнэт айхтар өвдөөд бас гэнэтхэн зүгээр болсон төдийгүй жил гаруйн дараа эхнэр нь ихэр хүү төрүүлсэн нь эсэн мэнд бойжиж байгаа билээ.
- Амьдралд нүглийн гох ямар үнэтэй, яасан их төлөөс нэхдэгийг тэгэхэд л би ойлгосон гэж Баттулга надад ярьсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих