П.Сэргэлэн ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд яамны тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө.
Засгийн газрын гишүүн ажлаа хүлээн авахад ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа.
Пүрэвийн Сэргэлэн:
1971 оны 12 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багш, санхүүч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх. Өмнө нь “Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр, Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.
П.Сэргэлэн Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ Монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.
Харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Мэдээлэл харилцааны холбооны тэргүүний ажилтан” болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач юм байна.
URL: