Бор шувууны үүр (Өгүүллэг)

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулж монголчуудын ам дамжин өгүүлж ирсэн “Салхин хийгээд сарны явдлын тухай хууч”, “Аман яриа”, “Энгэр зөрүүлэх ёсны нарийн учир”, “Бадарчингийн паян”, “Хүмүүнийг шинжих судар сэлт”-ийг эмхэтгэн гаргасан Түүх судлаач С.Очийн “Үдшийн хууч” нэртэй номонд багтсан бүтээлүүдээс хүргэж байна.
1812
Эртээ урьдын цагт баян эр ухаан муу ганц хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Ухаантай эхнэр авч өгвөл урагшгүй тэнэг хүү минь ухаан суух ч юм билүү гэж баян боддог байсан юмсанж. Тэгээд ажил үйлс, ухаан сана, үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн бүсгүйг богтлон авч өгч гэнэ.
Хоног өдрүүд өнгөрөөд байсан боловч бэр нь хөл хүндтэй болохгүй байжээ. Тэгээд баян бэрээсээ учир шалтгааныг эвийг нь тааруулж, эгзгийг нь олж байгаад асуув. Бэр нь, “Бид хоёр тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбоод олон жил өнгөрсөн боловч огтхон ч хавьтаж үзээгүй юм чинь яаж танд ач тэврүүлэх билээ дээ гэж үнэн учраа хадам аавдаа ичингүйрэн байж хэлжээ.
Баян эр ч бэрийнхээ хэлэхийг сонсоод, ухаан мунхаг хүүгээ эр эмийн ажлыг огт мэддэггүй болохыг ухаарчээ. Ингээд баян эр хүүдээ эр, эмийн явдлыг алс тойруу замаар ярьж, ойлгуулахыг хичээн чамгүй их тайлбарлаж гарав аа. Хэдхэн хоногийн өмнө хар тарлан бух нь үнээн дээр нь харайж байсныг хамт харснаа санасан баян хүүдээ, “Миний хүү хэд хоногийн өмнө хар тарлан бух яасныг санаж байна уу? Яг тийм юм хийх хэрэгтэй байна” гэж зөвлөж гэнэ. Хүү нь ч “Саналгүй яахав” гээд марсайтал инээжээ.
“Овоодоо, муу хүү минь ойлгож байгаа юм байна” гэж баян дотроо баярлан бодов. Маргааш өглөө нь бэрээсээ шөнө нөхөр нь яасныг асуувал “Дөрвөн хөллөж байгаад бух шиг урамдаад, тулганы үнсийг баахан самардаж хонолоо” гэж гэнэ ээ. Үүнийг сонсоод баян хүүгээ дуудаж, ахиад баахан тайлбарлаж, саяхан төвд гарз (нохой) нь охин жингэртэй наалдаж байхыг хамт харснаа бас санаад “Манай банхар саяхандаа яасныг санаж байна уу?” гэж асуувал “Санаж байна, санаж байна. Үүнийг хийх шиг амархан юм хаа байх вэ” гээд хүү нь инээд алджээ.
Маргааш нь баян бэрээсээ шөнө юу болсныг асуувал “Хадам аав минь, хүү чинь урьд шөнө хөнжил сөхөж орж ирээд, хөлөө өргөн нохой шиг сарьчихаад яваад өгсөн дөө” гэж янз муутайхан хэлжээ. Хүний л эцэг болсон хойно хөөрхий аав санааширч гүйцжээ. Тэгээд бодитоор нь үзүүлэхээр шийдэж, адуучин залуугаа дууджээ. “За, чи өнөө шөнө хойд айлын бүсгүйг чангаа, би хүүтэйгээ очиж харна” гэжээ. Мэл гайхаж, цэл хөхөрсөн адуучин залуу баяныг саналыг огт зөвшөөрөхгүй байхаар нь алт мөнгө, адуу мал амлаж байгаад арайхийн зөвшөөрүүлэв.
Адуучин залуу, бүсгүй хоёрыг үүлэн борооны явдлаа үүсгэж байхад нь хүүдэ дэн бариулаад гэр рүү оруулж гэнэ. Хүү ч нөгө хоёрыг харж харж гарч иржээ. “За, одоо миний хүү лав ойлгосон уу?” гэвэл “Одоо л ойлголоо, аав аа” гэж хүү нь мөн л инээн хэлжэ. Харин хэд хоногийн дараа бэр нь их л ууртай орж ирснээ “За, аав минь хүү тань хэрээс хэтэрсэн тэнэг үйл хийх гэж намайг шахлаа” гэжээ. Баян эр юу болсныг нь тодруулбал, “Адуучин залууг шөнө дөлөөр өвөрт минь оруулаад өөрөө дэн бариад зогсоод байх юм” гэв.
Аргаа барсан баян “Бэр минь, чи л цаадахдаа ор хөнжлийн ажлыг зааж өг” гэж уйлах шахам гуйж дээ. Бэр нь “Нэгэнт л ёсолж авсан эр нөхөр минь юм хойно яая гэхэв. Өөрөө л нэг аргалахаас” гэв. Тэгээд шөнө болохоор нөхрөө өвөртөө оруулж, тоглоом зааж өгье гэхэд нөхөр нь бөөн баяр болон “Тэгье, тэгье” гэжээ. Тэгээд хүзүүгээ зааж “Энэ юу вэ?” гэхэд нөхөр нь “Хүзүү” гэж. Мөрөө зааж “Энэ юу вэ?” гэхэд нөхөр нь “Мөр” гэв. Хөхөө зааж “Энэ юу вэ?” гэтэл нөхөр нь “Мөөм” гэж гэнэ. Тэгээд улам доошилсоор өөрийн нуудгайгаа зааж “Энэ юу вэ?” гэжээ. Нөхөр нь “Мэдэхгүй” гэв. “Энэ болбор шувууны үүр” гээд нөхрийнхөө эрхтнийг зааж “Энэ бол бор шувуу нь. Харин одоо “Бор шууугаа үүрэнд нь орууллаа, гаргалаа” гэдэг тоглоомоо эхэлье” гээд тоглож гарчээ.
Энэ үед хөөрхий баян эр хүүгээ яаж байгаа бол гээд гэрийн гаднаас сэм сонсож байжээ. Тэгтэл хүү нь орчлонгийн амар амгалан эдлэх дөхөөд сандарч “Яана аа, яана аа бор шувуу үүрэндээ баах нь ээ” гэж хашгирав. Үүнийг сонссон баян эр сэм сонсож байгаагаа ч умартан “Тэгдэг юм аа, тэгдэг юм. Одоо л бор шувуугаа баалгаа, баалга” гэсэн гэдэг.

Эх сурвалж www.wikimon.mn

Түүх судлаач С.Оч “Үдшийн хууч” номоос

 


URL:

Сэтгэгдэл бичих