Монголчуудын дунд амьдарснаар лус савдагт итгэсэн Ж.Г.Рамстедт болон түүний тухай баримтат кино

 

Зуун жилийн өмнөх монголчуудын ахуй амьдрал, нийгэм соёл ямар байсан бол? Тухайн үед монголчуудыг соён гэгээрүүлэхийн зэрэгцээ ардын аман зохиол, дуу шүлэг цуглуулан цагийн түүхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, боловсрол, соёлын чиглэлээр бидэнд үнэт хөрөнгө оруулалт хийсэн нэгэн европ эрхэмийн гавьяаг эргэн санууштай. Ийм бодол төрөөд удаагүй байтал Финляндын Hillstream Pictures студийнхэн түүний талаар нэгэн сонирхолтой баримтат кино хийж байгаа тухай сураг дуулав. 

Эрлийн учиг хөвөрч, бид Hillstream Pictures-ийн үүсгэн байгуулагч, зураглаач, ерөнхий найруулагч Никлас Куллстром, зохиолч, дууны инженер Мартти Каартинэн, Монгол дахь продюсер С.Батзориг нарыг олж уулзсан юм.

Юун түрүүнд Ж.Г.Рамстедт гэж хэн болохыг манай уншигчдад танилцуулна уу?

С.Б: Рамстедт нь Финлянд улсын монголч эрдэмтэн, хэл судлаач, дипломат хүн байжээ. Тэрбээр одоогоос 100 жилийн өмнө Монголд зургаан жил амьдарсан, бас Японд 10 жил элчин сайдаар суусан. Миний дэргэд сууж буй энэ хоёр хүн Рамстедтын явсан замаар 100 жилийн дараа аялж байна. Никлас маань Японы соёл судлал, философийн чиглэлээр суралцаж төгссөн. Урьд нь Каннын кино наадамд богино хэмжээний киногоор оролцож байсан туршлагатай. Технологи, дижитал ертөнц, хүмүүсийн коммуникац гэсэн сэдвээр уран бүтээлээ хийдэг. Харин Мартти маань Монголд гурав дахь удаагаа ирж байгаа юм.

2008 онд ирэхдээ нийгмийн амьдрал, залуучуудын талаар бичиж байсан. Мартти бол чөлөөт сэтгүүлч. Энэ хоёр залуу “Ж.Г.Рамстедтын ертөнц” нэртэй баримтат киноны төсөл дээр ажиллан, өнөөдөр зураг авалтаа дуусгаж байна. Киноны зураг авалтыг Хятад, Япон, Монгол, Солонгос орнуудад хийсэн. Хамгийн чухал хэсгүүдийн зургийг Япон, Монголд авсан. Кино зохиолыг Рамстедтын “Зүүн улсаар зорчсон тэмдэглэл” номоос шууд сэдэвлэн бичсэн. “Ж.Г.Рамстедтын ертөнц” нь нэг талаас түүхэн кино боловч ямар нэгэн хуучны зураг ашиглаагүйгээрээ онцлог.

Hillstream Pictures-ынханФинляндын олон нийтийн сангаас дэмжлэг авч, гурван жилийн дотор гүйцэтгэлийн ажлаа хийгээд энэ сард зураг авалтаа дуусгаж байна. Ирэх оны эхэн хүртэл киногоо засварлаж найруулна. Ингээд 2017 онд Финляндын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Финляндын үндэсний сувгаар цацна.

“Ж.Г.Рамстедтын ертөнц” баримтат киног хийх болсны шалтгаан юу байв?

Н.К: Бидэнд өөр хийх зүйл байгаагүй /бүгд инээлдэв/.

М.К: Тохиолдлоор юм уу даа.

Н.К: Тийм ээ. Маш өвөрмөц нөхцөл байдал бүрэлдсэн.

М.К: Өнөө үед Финляндад зөвхөн настайчууд, эрдэмтэд, элчин сайдууд л энэ хүний тухай мэддэг. Харин залуу үеийнхэн түүнийг хэн байсныг, ямар гавьяа байгуулсныг мартсан. Миний хувьд уг төсөл эхлэх болсон шалтгаан нь Монголыг судалж байсантай холбоотой. Монголын тухай бичсэн ном зохиол, аяны тэмдэглэлүүдийг олж уншаад Рамстедтай холбоотой цаг хугацааны түүх, баримтууд, мөн түүнийг хувь хүн талаас нь харуулсан кино хийх талаар Никластай зөвлөлдсөн юм. Гол нь бүх тохироо гайхалтай бүрдсэн.

Н.К: Төслөө эхлүүлэхдээ баримтат киноны уламжлалаар л хийнэ гэж бодож байсан юм. Харин судалгаагаа хийж байх явцад хуучин хальс, зураглал, архиваас оруулах хэрэггүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ бүхэн орчин үеийн Монгол, Япон, Хятад, Солонгос орныг харуулсан аялал байг, Рамстедт дуу хоолойгоороо 100 жилийн өмнөх аялалд үзэгчдийг хөтлөг гэсэн бодол төрсөн юм. Ирэх жил Финлянд улс тусгаар тогтносны 100 жилийн ой болно. Хэдий тийм ч бид кинондоо Финляндын тухай нэг ч дүрс оруулаагүй, зөвхөн энэхүү агуу аяллыг хийсэн финлянд хүний түүхээр л киногоо баяжуулсан.

Зохиолоо хэрхэн боловсруулсан бэ. Зуун жилийн өмнөх болоод өнөө цагийн Монгол, Япон орны ялгаа юунд оршиж байна вэ?
М.К:
 Рамстедтын бичсэн хоёр номыг ашиглаж байгаа. Нэг нь Монголд аялсан тэмдэглэл, нөгөө нь Японд амьдарсан цаг хугацааны тэмдэглэл. Гэхдээ кино маань 80-90 минут л үргэлжлэх учир өрнөлөөс нь нэлээд хасах хэрэгтэй болсон. Зохиолын хүүрнэлийг Рамстедтын өөрийнх нь яриагаар баяжуулсан. Мэдээж бидний авч байгаа дүрсүүд түүний яриатай холбоотой байх шаардлагатай. Тэгэхээр энэ нь уламжлалт баримтат киноны үйл явдлаас хальсан, уран сайхны хэв шинжийг агуулсан бүтээл юм. Никласын хувьд Японд нэг жил амьдарсан, харин би Монголд ганцаараа зургаан сар хөдөөгүүр аялсан. Ийм туршлага, мэдрэмж байгаагүй бол уг кино бүтэх боломжгүй байлаа. Бас бид хоёр Хятадаар аялсан. Рамстедт Монголд байхдаа жижиг сажиг зүйлсийг ч орхигдуулалгүй анзаарч, ажигладаг байжээ.

Тэрбээр байнга хүмүүстэй харилцаж, монголчуудын зан заншилд нэвтэрч, маш их зүйлийг өөртөө нээж, цаг хугацааг эрх чөлөөтэй өнгөрүүлсэн нь мэдрэгддэг. Харин Японд байсан 10 жилийн хугацаанд дипломат албыг өөрийн зоргоор биш улсынхаа тушаалаар гүйцэтгэсэн нь уг киноноос бас мэдрэгдэнэ.

Н.К: Рамстедт тухайн үеийн хүмүүсийн аж амьдралыг ихэд сонирхдог байв. Монголд олон зүйлтэй танилцах боломж түүнд байсан бол Японд бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй учраас уйтгартай байсан.

М.К: Монголд болон Японд зураг авч байхад энэ хоёр орон олон зүйлээрээ өөр гэдэг нь мэдрэгдсэн. Хууль зөрчихгүй, бусдыг хохироохгүй л бол Монголд зураг авалт хийхэд бүрэн эрх чөлөөтэй, хүмүүс нь ч их нээлттэй, найрсаг, хэдийд ч үүдээ нээж өгдөг зочломтгой зантай. Харин Японд бол танихгүй айлд орно гэдэг маш хэцүү, хүмүүстэй нь чөлөөтэй харилцахад бэрх гэх мэт ялгаа бий. Бидэнд мэдрэгдсэн энэ ялгааг 100 жилийн өмнө Рамстедт ч бас мэдэрч байсан байх. Цаг хугацаа гэдэг бол их сонирхолтой зүйл. Цаг хугацааны тухай яриад ирэхээр манай кино буддист маягийн үгүүлэмжтэй болж байна.

Рамстедт хувь хүнийхээ хувьд хэн байв?

Н.К: Рамстедтыг хүрээнд шавилан сууж байх үед монголчууд түүний талаар “Финляндад төрсөн монгол хүний сүнс учраас эх орондоо эргэн ирсэн. Яагаад гэвэл тэр монголоор маш сайн ярьдаг” гэлцэж байв. Рамстедт өөрөө ч Монголыг эх нутаг, гэр орон шиг минь газар хэмээн дурдсан байдаг.

М.К: Түүнийг бага байхад гэрийнхэн нь пап лам болгох гээд Льютерийн шашны сургуульд оруулж л дээ. Харин Рамстедт хэл шинжлэлийг шашнаас илүү сонирхдог байв. Тэрбээр 23 настайдаа гэр бүлээ дагуулаад, анхныхаа хүүхдийг ой ч хүрээгүй байхад Монголд ирсэн байдаг. Дараа нь хүүхдийнх нь бие өвдсөн тул гэрийнхнийгээ нутаг буцаагаад өөрөө үлдэж, хоёр жилийн турш зөвхөн ардын аман зохиол, шүлэг, яруу найргийг хүмүүсээр яриулж, тэмдэглэн авч цуглуулсан. Тэр ямар ч эд баялаг сонирхоогүй.

Миний бодлоор Рамстедтын Монголоос авсан гол зүйл бол байгалийг шүтэх үзэл. Тэрбээр монголчуудын нэгэн адил газар бүхэн лус савдагтай гэж үзэх болж, илүү буддист маягтай болсон. Энэ нь тухайн хүний зан чанар, ертөнцийг үзэх үзлийг илтгэх байх.

Хэл шинжлэлийн салбарт оруулсан түүний хувь нэмэр их гэлцэх юм билээ…?

С.Б: Одоо ч гэсэн МУИС-ийн манж хэл судлал, алтай хэл судлал, монгол хэл судлалынхан Рамстедтын бичсэн “Алтай хэл судлалын харьцуулсан судалгаа” номыг заавал унших ёстой байдаг. Одоо МУИС-ийн багш нар “Алтай хэл судлалын харьцуулсан судалгаа” хэмээх уг номыг орчуулж байгаа. Рамстедтын гавьяаг сайн мэдэх МУИС-ийн профессор Т.Отгонтуул, Гандангийн Судар бичгийн хүрээлэнгийн гэвш Н.Амгалан, С.Цэвээнбал лам, Булган аймаг дахь Дашчойнхорлин хийдийн лам нар бидэнд маш их туслалцаа үзүүлсэн. Рамстедт өөрийн сайн нөхөр Чинван Ханддоржийн хийдийн болоод өөрөө шавилж байсан Гандантэгчинлэн хийдийн олон түүхэн зургийг мөнхжүүлж архивт үлдээжээ.

Биднийг Монголоор аялж киногоо бүтээхэд хөдөөний эгэл айлуудаас эхлээд хийдийн лам нар, ард иргэд сайхан сэтгэлээр хандаж, тусалж дэмжиж байсан. Кинонд үзүүлсэн Финляндын өргөмжит консулын дэмжлэгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс бүгдэд нь талархал илэрхийлье. Мөн манай жолооч Л.Лхагвадорж ах маань киноны салшгүй хэсэг байлаа.

Эл түүхэн хүнийг орчин үеийн монголчууд бараг мэдэхгүй. Тиймээс энэ кино бидэнд олон зүйлийг эргэн сануулах бололтой…?

М.К: Хэл шинжлэлийн салбарт ямар гавьяатайг нь дээр ярилаа. Үүнээс гадна Рамстедт Монгол улсын тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэсэн. Анх монголчууд Санкт Петербургт тусламж гуйхаар очихдоо оросуудтай хэл нэвтрэлцэж чадахгүй байв. Тэгэхэд тэндээс монголчууд Рамстедт руу хэл хүргүүлснээр оросуудтай хамгийн анхны хэлэлцээрээ хийж, ойлголцож, туслалцаа авч тусгаар улс болоход их том туслалцаа болсон гэдэг.

“Ж.Г.Рамстедтын ертөнц” кино Монголд хэзээ гарах вэ?
С.Б:
 Яг хэзээг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Монголд гаргах нь бидний зорилго. Эхлээд Финлянд, Швед улсуудад гаргана. Дараа нь боломжийг харж байгаад Монгол, Японд гаргах бодолтой байгаа. Киног Финляндад дуу оруулахгүйгээр гаргана. Рамстедт өөрөө хэл шинжээч хүн учраас хэлийг маш их чухалчилдаг байсан. Иймд зөвхөн хадмал орчуулгатайгаар хүргэх юм. Харин Монголд гаргахад Рамстедтийн монологид монгол жүжигчин дуу оруулна.

Түүний аяллын тэмдэглэлд монголчуудын тухай ямар ямар сонирхолтой баримт байна вэ?

С.Б: Рамстедтын төрж өссөн оронд хүмүүс ямар нэгэн газар худалдаж аваад, орон байраа засч, тэндээ насан эцэслэтлээ амьдардаг байсан. Гэтэл 100 жилийн өмнөх монголчуудын хувьд өмчид хандах сэтгэлгээ нь тун сонирхолтой байв.

Тэд “Амьдрал богинохон. Хүн хэзээ ч газрыг эзэмших ёсгүй. Энэ их тал нутгийн нэгээхэн хэсэгт түр зуур амьдарч байгаад буцахдаа гэрээ аваад явахгүйгээс хойш орон гэрээ чимэглэж янзлах шаардлага байхгүй” гэж үзэж байв. Тэгээд Рамстедт европчуудын сэтгэлгээний тухай ярьж өгөхөд тэд ихэд шоолон “Бичиг баримтаар газар өмчилж болдог юм бол бид чамд бичиг баримт хийгээд өгье. Чи сарыг худалдаад авчих” хэмээн амыг нь таглаж байжээ. Хамгийн сонирхолтой нь одоо хүмүүс саран дээр эзэмшил газар худалдан авч байна.

М.К: Рамстедтыг энд амьдарч байхад хувьсгал, үйлдвэржилт гээд маш олон зүйл өөрчлөгдсөн. Бид киногоороо дамжуулан мөнхөд нандин хэвээр үлдэх ёстой зүйлсийг ахин сануулахыг чухалчилж байна. Цаг хугацааны эргүүлгэнд бид өв соёлоо гээх ёсгүй. Газрыг ариун дагшин чигээр нь үлдээх тухай монголчуудын үзэл хамгийн сонирхолтой сэдэв болсон. Монголчууд хүнийг газар ухаж оршуулдаггүй байжээ. Сүнс биеэс гарахаар хүний бие хэрэгцээгүй болдог гэж тэд үздэг. Түүнчлэн газар ухваас тэр газарт муу юм шингэнэ гэж үзэх учир хэзээ ч өөрсдийн гараар газар шороонд хүрдэггүй байжээ. Цаг хугацаа өөрчлөгдөж, өнөөдөр Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Анх 1990-ээд оны үед Монголд уул уурхайн бизнес хөгжөөгүй байхад газар ухах ажлаа казахуудаар хийлгэдэг байсан. Харин одоо мөнгө, эрдэс баялгийн төлөө юуг ч гаргуунд гаргахаас буцахгүй болж, өөрсдөд нь аз жаргал өгч тэжээн тэтгэж буй зүйлсээс татгалзаж байна.

Н.К: Нэг түүх яръя. Рамстедт зөвхөн аман уран зохиолын өвийг цуглуулахын тулд морин тэргээр олон аялал хийсэн байдаг. Нэг шөнө замд нь ганц гэр тааралдахаар нь ороод хонож л дээ. Өглөө сэрээд тэрбээр саа өвчтэй хүмүүсийг тусгаарласан гэрт хоносон гэдгээ ойлгосон. Тухайн үед саа өвчин халдвартай, эдгэшгүй өвчин байсан. Ингээд бодохоор, зөвхөн дуу шүлэг, ардын аман зохиол цуглуулан бичихийн төлөө энэ мэт хүнд хэцүү нөхцөлүүдийг даван туулна гэдэг одоогийн бидний хувьд итгэхэд бэрх. Бид киногоо хийхийн тулд жолоочтойгоо дөрвүүлээ танихгүй айлуудаар орж, баахан камер хэрэгслээ үүрээд явж байгаа нь бусдад хэцүү харагдаж болох ч Рамстедт морин тэргээр дүүрэн зураг угаах хэрэгсэл ачаад огт танихгүй газраар явж, тэр их өвчтэй хүмүүсийн дунд хоносонтой харьцуулахад юу ч биш юм шиг.

М.К: Хоёрхон сар л найз бүсгүй, эхнэрээсээ хол байхад хорвоо ертөнц бидэнд маш хэцүү санагдаж байхад Рамстедтын хувьд зөвхөн дууны үг, шүлэг яруу найраг цуглуулах гэж бүтэн хоёр жил явсан гээд бодохоор их сонирхолтой.

Тэмдэглэлд бичигдсэн цаг хугацааг одоотой харьцуулахад ямар дүр төрх харагдаж байна вэ?

Н.К: Хэрэв Рамстедт амьд сэрүүн байсан бол түүний уулзах байсан бүх хүмүүсийг бид кинондоо баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүйгээр маш өргөн цар хүрээтэй оруулсан. Мөн Реппер Gee, Desant хоёр монгол хэл, хип хоп хөгжмийн талаар ярьсан.

М.К: Улаанбаатарын шөнийн амьдрал, хөгжим, залуусыг харуулснаар жирийн баримтат киноноос илүү сонирхолтой, “секси” болсон гэж бодож байна /Би жинхэнээсээ ярьж байгаа шүү гэж түүнийг нэмж хэлэхэд нь бүгд инээлдэв/. Бидний хувьд энэ киноны монгол хувилбарыг хийнэ гэдэг их том зорилго байлаа.

М.К: Бид Чойжин ламын сүм рүү орж яваа настай лам нарын зургийг авсан. Энэ хэсэг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Чойжин ламын сүм музей нь тухайн үед хийдийн зориулалттай байсан бол одоо музей болсон. Хэдийгээр Монголд уулзсан лам нар орчин цагийн хүмүүс боловч алхаа гишгээ, хувцаслалт нь 100 жилийн өмнөх лам нарыг санагдуулам байсан. Хоёр лам хуучны сүм рүү музейн үзэгч шиг зөөлөн алхсаар орж буй нь их сонин, гунигтай мэдрэмж төрүүлсэн.

Төслийн хүрээнд ажиллаж байхдаа өөрсдөдөө юуг олж нээсэн бэ? 

Н.К: Мэдээж, сэтгэл санааны хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд бие биеэ хараагүй өдөр гэж байхгүй. Сүүлийн хагас жилд л гэхэд эхнэрээсээ илүү Марттитай хамт цагаа өнгөрүүллээ. Кино бүтээгээд явж байхдаа өөрийгөө илүү ойлгох шиг болсон. Бид зөвхөн кинондоо л бүх анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйлсийг мартаж байсан. Жишээ нь, эзгүй хээр талд явж байтал урьд шөнө нь төрсөн нэг унага ганцаараа даараад хэвтэж байхтай таарсан юм. Хэрэв бид олоогүй бол тэр унага одоо амьд байх үгүйг хэлж мэдэхгүй. Энэ мэтчилэн маш их юм бодож, амьдрал ямар өргөн юм бэ, эсрэгээрээ амьдрал бас ямар богинохон юм бэ гэж бодоход хүрсэн. Адуун сүрэгт нь аваачиж нийлүүлэхэд тэр унага эхийгээ хөхөх мөчид кино хийх гэж явсан зорилго маань биелсэн юм шиг л санагдсан. Ийм л мөчүүдэд амьдралд юу илүү чухал, юу чухал бишийн талаар бодож эхэлдэг шиг байна.

М.К: Өдөр тутмын амьдралаа томруулдаг шилээр харж байгаа юм шиг л байна. Тааралдсан болгоноо кинондоо оруулах эсэх талаар бодож тод томруун хардаг. 80-90 минутын дотор цоо шинэ ертөнцийг бүтээнэ гэдэг утгаараа мэдээж их хариуцлагатай ажил л даа.

Монголд ахиж өөр кино хийх бодол бий юу? 

М.К: Мэдээж. Дараагийн удаад уран сайхны кино хийхээр төлөвлөж байна. Би танай сайхан оронд гурав дахь удаагаа ирж байна. Энэ миний сүүлчийн ирэлт гэж бодохгүй байна. Бид хоёр Берлиний нэг уушийн газарт сууж байхдаа “Ийм баримтат кино хийвэл гоё болох юм байна” гэж хоорондоо ярилцаж төлөвлөөд л хүрээд ирсэн. Үүн шиг дараагийн удаад санаагаа гаргаад хийхэд болохгүй зүйлгүй. Хүсээд, төлөвлөөд, зорих юм бол бүтэхгүй зүйл гэж байдаггүй.

Ярилцлагыг: Д.Дашмөрөн

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих