Орон тооны цомхотголоос 5.4 тэрбум төгрөг хэмнэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар төрийн захиргааны байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллахаас гадна Засгийн газрын агентлагийн албандаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болоод буй.
Тэгвэл яамдын тоог цөөрүүлж, шинэ бүтцээр ажилласнаар бүтэн жилээр тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэх тооцоо гарчээ. Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллана.
Түүнчлэн Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсвэл орлогч дарга нэг байхаар зохицуулсан. Харин 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахаар болсон билээ.
Мөн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгож, агентлагийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй болгохыг зорьсон.
Үүнээс гадна Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэж зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болсон юм. Тиймээс дээрх хэмнэлтийн тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
URL: