Их мастер М.Нямжаргал Ази тивийн аварга боллоо
Монгол Улсад 100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тивийн шилдэг даамчид оюун ухаанаа уралдуулж буй эдгээр өдрүүдэд үндсэн төрлийн аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Өнөөдөр болсон сүүлийн ес дэх өрөгт Р.Манлай, Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон ч тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт ороогүй. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо.
Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай ийнхүү их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын тивийн аваргад манай тамирчид сүүлийн жилүүдэд ноёрхож байна. Энэ тэмцээнд Д.Эрдэнэбилэг таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онд түрүүлсэн юм. Мөн Г.Ганжаргал 2012, Д.Баттулга 2013, О.Түвшинболд 2015 онд, Р.Манлай 2016 онд Азийн аварга боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
URL: