Н.Алтанхуягаас намын даргын суудлыг булаах “Женко” Х.Баттулгын хүсэл ба боломж
Монголын улстөр сонгуулийн бужигнаандаа автаж эхлээд удаж байна. Тэгээд ч монголчууд сонгуулийн өмнөх жилийн намар ямар нэгэн халуухан юм болно гэж хүлээдэг зуршилтай болсоор удаж байгаа билээ. Угаасаа улстөр “халуурдаг” учраас олон түмэнд хүлээлт үүсэх нь ч зүй ёсных.
Тэгвэл энэ намар, ирэх өвлийн халуурсан улстөрийн нэг сонирхолтой сэдэв нь АН хэрхэх вэ гэдэг асуудал яах аргагүй мөн.Тэр дундаа стандарт бусаар Засгийн газарт хамтарсан АН-ынхан даргаа огцруулах, эсэх, улмаар засгаас гарч сөрөг хүчний дүрээр сонгуультай золгох, эсэх нэн сонирхолтой сэдэв юм.
Сүүлийнхийг нь өнөөдөр тааж хэлэхэд эрт. Харин эхнийх нь АН-д зайлшгүй болж өнгөрөх үйл явц гэдэг нь тус намын хүрээнд уугиж буй утаа, тортогоос анзаарагдаж байгаа юм. Үүний учрыг өгүүлэхийн тулд баримт сөхье.
АН-ын ҮЗХ өнгөрсөн хавар хуралдаж, урьд нь хэдэн удаа болж өнгөрсөн ротацийн сонгуулиа цуцалсан. Ингэснээр ҮЗХ-ны одоогийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүйгээр ирэх сонгуульд орохоор болсон юм. Уг нь тус намын хувьд өөрийгөө бусдаас илүү ардчилалтайгаа харуулах гол үйл ажиллагаа нь дотоод сонгууль буюу ҮЗХ-ны бүрэлдэхүүнд сэлгээ хийх ротаци байсан.
Гэвч ротаци гэгч нь намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэхээс илүү нам доторхи бүлэглэл, фракцуудын зөрчлийг хурцатгах нэг хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Үнэхээр ч ротаци явуулж эхэлснээс хойш бүлэглэл, фракцууд өөрийн хүмүүсээ олноор ҮЗХ-нд багтаахын тулд ёстой нэг “үзэлцэх” шиг болсоор ирсэн түүхтэй.
Ингэснээр нам доторхи хагарал, зөрчил удирдах дээд байгууллагадаа төдийгүй дунд, доод шатандаа гүнзгийрч зарим аймаг, дүүргийн АН хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр даргатай болох нь бараг л хэвшил болоод байв.
Өнгөрсөн 2010 онд болсон тус намын ээлжит ротаци өмнөхөөс ч илүү хэл ам, хэрүүл тэмцэл дунд болж билээ. Дархан-Уул аймаг, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт намууд нь хоёр хуваагдаж, зарим нь намынхаа төв байранд хүртэл суулт, өлсгөлөн зарлаж, нам нийтээрээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн гэхэд хилсдэхгүй.
Энэ бүхэн угтаа бол “Алтангадас,” МоАХ фракцуудад харьяапагддаг асан З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар Ардчилсан хүчний холбоо гээчийг байгуулж, өөрсдийн хүрээлэлд дахин нэг фракц үүсгэх гэснээс мандсан хэрэг байлаа. Мөн анх уулзалдаж эхэлсэн “Кроун” рестораныхаа нэрээр нэрлэгдсэн шинэ фракцаа хүчирхэгжүүлэх гэсэн НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү нарын хүсэл шунал ч дээрх хагаралд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
Зөрчил тэмцэл туйлдаа хүртэл хурцадсан нь АН-ын дээвэр туургыг хийсгэж хаяхаас наахнуур л болсон юм даг. Тиймээс тэд бүтэн жил үргэлжилсэн хэрүүл маргаанаа хойш тавьж, дахин хагарлын үүдийг нээхгүй гэцгээн ротаци хийх ажиллагаагаа цуцалсан юм.
Гэвч нэгэнт ан цав суусан шаазанг эргүүлж наагаад ч нэмэргүйн адил АН зөрчил, тэмцэлдээ битүүхэн идэгдсээр өнөө хүрч байна.
Үнэндээ бол АН-ынхны ротаци хийхгүй хэмээх шийдвэрийн цаана ирэх сонгуульд ялна гэдэгтээ хэт итгэсэн бардамнал байсан. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны гишүүд бүгд нэр дэвшээд Их хурлын гишүүд болно гэдэгтээ итгэж л дээ. Тийм ч учраас хоорондоо мөнхийн “алалцаж” байдаг фракцууд бүгд санал нэгдэж, АН-ын ҮЗХ-ны гишүүд нэг л сонгогдсон бол дөрвөн жилдээ ээлж, халаагүй болсон.
Гэхдээ АН л юм хойно ротацийг байхгүй болгосон шигээ үргэлж эвтэй байна гэж юу байхав. Намын дараагийн даргын төлөөх тэмцэлдээн одоо ид эрчимжиж байна. Өнөөг хүртэл суудлаа манаж чадсан Н.Алтанхуяг засгаас огцрохгүй санаагаа байн байн цухалзуулдаг ч үүнээс хойш “намын даргын суудлаа өгөхгүй” гэж хэлэх ч боломжгүй болов.
Учир нь сүүлийн үеийн улстөрийн байдлаас харахад түүнийг огцруулахын төлөө бусад бүлэглэлүүд нэгдэх нь тодорхой байна. Н.Алтанхуягт үнэнч “Алтангадас”-аас бусад нь гэсэн үг л дээ. АН-ын ҮЗХ-ны ээлжит хурлын тов ч тус намын нөлөө бүхий хүмүүсийн сонорт аль хэдийнэ хүрээд байгаа аж.
Хурал болохоор л даргыгаа огцруулах тухай ярьж эхэлдэг хуучтай АН-ынхан улстөрийн ийм эгзэгтэй үед, тэр тусмаа даргадаа харшил нь хөдөлсөн олон фракцууд нэгдсэн үед чимээгүй байвал ёстой алдас болох байлгүй. Мэдээж Н.Алтанхуяг огцрох нь тодорхой.
Тэгэхээр хэн түүний оронд АН-ын дарга болох вэ гэдэг илүү шинэ сонин сэдэв болно. Олон хүн З.Энхболд, Лу.Гантөмөр, Н.Батбаяр, С.Эрдэнэ зарим нь бүр Э.Бат-Үүл гэж хий хоосон сураг ажиг бүхий таамаг дэвшүүлж суугаа. Тэгээд ч зогсохгүй тэднийг намаа сонгуулийн өмнө зангидаж, удирдаж тэгээд ялуулж чадах уу гэсэн асуултыг араас нь тавих аж.
Гэвч эдний хэн нь ч намаа зангидаж, удирдаж, тэр тусмаа бүр сонгуульд ялуулах хүнээр тодрохгүй байна. Үүний учрыг хойно тайлбарлая. Харин тэдний өмнүүр орж дарга болох шөрмөстэй аавын хүү тулаанд бэлтгээд мушилзанхан суугаа нь “женко” хэмээх Х.Баттулга юм.
Энэ хүн бол нэгд, хөрөнгө чинээтэй, хоёрт, намаасаа нэр дэвшиж ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржтой харилцаа сайтай, гуравт маш хүчтэй фракц байгуулж чадсан нэгэн учраас өөрийгөө сойж, өөрийг нь тойрон хүрээлэгчид ч түүнийг зүтгүүлж байна.
Үүний дээр Монголын улстөрийн тавцанд бусад нам болон тэдний доторхи фракц, бүлэглэлүүдтэй харилцан тохиролцож тоглож чадах нэгэн гэсэн гол шапгуурыг хангасан хүнд тооцогджээ. “Женко” компани, түүнийг дагасан мөнгөний урсгал одоогоор Монголдоо албан ёсоор хоёрт ордог.
Мөн тэрбээр одоогийн Ерөнхийлөгчтэй хамгийн ойр дотно холбоотой улстөрч мөн билээ. Тэгээд ч сайд нарын дотроос Х.Баттулга хамгийн их сайшаал хүртэж байгаа гэж нөхөд нь пиарддаг. Н.Энхбаярын хамт хувьсгал хийж улстөрийг “аврах” телөвлөгөөгөө олноос нуугаагүй М.Энхсайхан ч ЗТХБ-ын сайд, МоАХ-ны дарга Х.Баттулгад сээтгэнэх болоод байна.
“Сайд нараас Х.Баттулга л арай сайн нь” гэж ичихгүй хэлж байгаа М.Энхсайханы сээтгэнэл зүгээр ч нэг зүйл биш болов уу. Улстөрийн явуулга, хар пиардаа мэргэшсэн М.Энхсайхан ямар нэг үнэр авсан учраас л ийн Х.Баттулгад ханд хаяж байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл, их мөнгө, хор найруулга, хүчтэй фракц, number one-ийн дэмжлэг бүх л зүйл “Женко”-д байгаа учраас АН-ыг удирдаж сонгуульд орох өндөр боломж түүнд байна. Тийм учраас нэгэн цагт тойргийг нь булаан авч “Эрэл”-ийн намын нөхреөс тойрог худалдан авахад хүргэснээ хүртэл М.Энхсайхан мартагнахыг хичээж байгаа байх.
Г.Батхүү, Лу.Болд гээд АН-ын удирдлагад зүтгэж байгаа олигархиуд байна аа. Гэхдээ тэдэнд өөрийн гэсэн хүчтэй фракц байхгүй.
Аль ч намын дүрмээр намуудын дотоодод албан ёсоор фракц, бүлэглэл байхыг хүлээн зөвшөөрдөг. АН-д өнгөрсөн жил анх удаа албан ёсны жигүүр буюу фракц мэндлэхэд улстөрийн хүрээнийхэн нэг их тоолгүй өнгөрсөн. Тэр нь МоАХ-ныхон. МоАХ-ыг албан ёсны фракц болгон, дуу хоолойг нь хүчтэй болгоход тус холбооны дарга “женко” Х.Баттулга гол үүрэг гүйцэтгэсэн.
Мэдээж албан ёсны статустай фракцын дуу хоолой Ардчилсан хүчний холбоо гэх ТББ-ынхаас хавьгүй хүчтэй байх нь тодорхойг мань эр бодолцож, улстөрийн дараагийн алхамдаа ашиглахаар тооцсон нь тодорхой. МоАХ-г бараг л арав, хорин удаа шинэчилж байсныг та бид мэдэх билээ.
Ер нь ардчиллын түүхийг харахад МоАХ фракц аливаа өөрчлелт шинэчлэлтийг намдаа хийх хамгийн гол тулгуур хүч болсоор ирсэн байдаг. Намууд нэгдэж, АН байгуулснаас хойшхи түүхийг авч үзье. Үүнээс өмнөхийг авч үзвэл хэт нуршсан хэрэг болох биз. 2003 онд АН-ын даргын суудлаас Д.Дорлигжавыг буулган М.Энхсайханыг дарга болгохоор зохион байгуулалтад орж, түүнийг гүйцэтгэсэн ч удирдагчид нь болох С.Эрдэнэ нар эрх мэдлийн төлөө “Алтангадас”-ыг дагаж одсон. Дараагийн удаа зохион байгуулаптад орж Ц.Элбэгдоржийг дагаж сонгуульд орсон билээ.
Түүнээс хойш энэ фракц үндсэндээ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь С.Эрдэнийг, нөгөе зарим нь Х.Баттулгыг дагаж яваа. Өнгөрсөн жил зохион байгуулалтад орсноо зарласан МоАХ фракцад Р.Бурмаа, Б.Мөнхтуяа, Ж.Равдандорж нар байдаг гэдгээ ил зарлаж байлаа.
Нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн олон хүн МоАХ фракцад нэгдэхээ илэрхийлснээр АН-ын ҮЗХ-ны 86 гишүүн анхны хурлаа хийж байсан юм. МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ерөнхий зохицуулагчаар томилсон тус фракцад ҮЗХ-ны 228 гишүүдээс дахиад ч цөөнгүй хүн орсон гэлцэнэ.
Одоо ҮЗХ-нд хамгийн том хүчийг бүрдүүлж чадсан тэднийг бусад бүлэглэлүүд ч дагахаас аргагүй гэлцэнэ. Бүр тэр үеэс л Н.Алтанхуяг даргад айдас төрүүлсэн энэ үйл явдап эдүгээ бүр ч хэлбэржин тогтож, одоо зөвхөн ҮЗХ хэзээ хурапдахыг л хүлээж сууна.
Одоо тэд Н.Алтанхуяг даргаа “Засгийн газраас ч гарахгүй, намын даргын суудлаа ч өгөхгүй” хэмээн дахин мэдэгдэж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа юм.
Одоо дээр нэр дурдсан АН-ын дарга болох хүсэлтнүүд яагаад зорьсон хүрч чадахгүй тухай цухас боловч өгүүлье. З.Энхболд бол унаган соцдек төдийгүй “Алтангадас” фракцын гол төлөөлөгчдийн нэг. Түүнийг Н.Алтанхуяг их улстөрд хөтлөн оруулж, ТӨХ-ны дарга болгоснорс хойш мань эр тун саяхныг хүртэл “том ах” болох түүнтэйгээ эв нэгдэлтэй байсан.
Тэгтэл 2008 оны сонгуулийн дараа стандарт бус Засгийн газар байгуулагдах үеэс “том ах”-аасаа өө хайж, өрсөлдөж эхэлсэн юм. Нээрээ ч намынхаа даргад өрсөлдөж, Н.Алтанхуяг тун цөөн хүний саналаар ялсан. Гэвч энэ бүхэн тоглоом байх бүрэн үндэстэйг АН-ынхан, тэр дундаа МоАХ-ныхон одоо л олж харсан бололтой.
З.Энхболд даргатайгаа хамт Ж.Наранцацралтыг хуурамч захидлаар унагалцсанаас эхлээд байнга хамтдаа явж ирсэн ба тэднийг хэтэвч нэгтэй гэлцдэг нь оргүй зүйл биш. Тиймээс Н.Алтанхуяг хамгийн итгэлтэй нөхрөө суудлаа хадгалж үлдэхийн тулд ашигласан хэрэг байж болох гэнэ.
Үүний баталгаа нь З.Энхболд санаачлан Ардчилсан хүчний холбоо гээчийг байгуулж намынхаа том фракцуудын төлөөллүүдийг оруулж тэдгээрийн хүчийг тарамдуулах бодлого явуулж ирсэн гэх хардлага юм. Мөн Н.Алтанхуяг нар Оюутолгойгоос юм олж чадаагүй учир байнга уг гэрээг намынх нь нөхөд, тэр дундаа З.Энхболд нар шүүмжилдэг гэх асуудлыг ч ярих хүн олширч байна.
Үүнийг МоАХ-ны унаган фракцынхан олж харсан учраас С.Эрдэнийг өнгөрсөн жил нийслэлийн АН-ын даргаас буулгасан төдийгүй фракцаа ахин эмхлэн байгуулсан хэрэг ажээ. Тэгээд ч С.Эрдэнэ МоАХ-г Х.Баттулгад алдсандаа шаралхаад түүнийг намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээс хасуулж дөнгөсөн байна.
Мөн С.Эрдэнэ нарт ад үзэгдэн намынхаа ҮЗХ-ноос хасагдсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Элбэгдоржийг АН-ын дарга байх үед аврал эрэн орж ирсэн Ж.Батзандан, О.Магнай нарын залуус ч Х.Баттулгын МоАХ фракцыг түшсэн нь тодорхой гэнэ.
Харин Э.Бат-Үүлийн хувьд 2004 оноос эхлээд өөрийн байгуулсан нам дотроо ямар нэг түшиггүй ганцаардсан хүн болсноо саяхнаас ойлгосон гэсэн яриа тархжээ. 2004-2008 оны хооронд бүлэг ч үгүй ганцаардаж явсан үүнийг 2008 оны сонгуулиас хойш ийм асуудлаар арай өөр уян хатан болсон гэх.
Гэхдээ л 2009 оны хавар АН ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ сонгосон хурлын үеэр одоогийн дарга, МУИС-ийн нэг ангийн нөхөр Н.Алтанхуягтаа араараа тавиулаад “бархирмаар санагдаж” явсан. Тэгээд л намын даргын суудлыг зүүдлэх болсон гэдэг.
Гэвч түүнийг тууштай биш учир намынх нь нөхөд тэр дундаа бүр МоАХ-ныхон ч дэмжихгүй нь тодорхой. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Эрдэнэ хоёр улаан, цагаанаараа дуудалцан баахан хэрэлдсэн нь ч намынхаа асуудалтай холбоотой. Тиймээс АН-ынхан дотор “Салхи хаашаа, Үүл тийшээ…” гэсэн хэлц маягийн үг бий болоод удлаа.
Экс мүдняк Н.Батбаяр, Л.Гантөмөр нарын тухайд намын даргад хүч үзэж саналыг нь хувааж унагана гэж айлгаж байгаад өөрсдийн нөхдөөс ахиухан УИХ-д нэр дэвшүүлэх болон гүйцэтгэх засаглалын танхимд бөөнөөр нь шургуулах тохиролцоог хийх зорилготой аж.
Одоогийн АН-ын дарга нар намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулалгүй хэдэн cap жилээр гүрийдэг нь АН-ын фракцуудыг нам нийлж, сэм хуйвалдан даргынхаа эсрэг хор найруулах гол нөхцөл болдог гэж байгаа. Сүүлийн үед нийслэлийн АН-ын даргын суудлыг нэлээд хэл амтай авч байсан Ш.Түвдэндорж том том дуугарах болсон.
Мань эр өөрийн ивээгч Х.Баттулгын далбаан дор л томорч байгаа нь тэр. МоАХ-г С.Эрдэнээс “Женко” авах тэр үеэс түүнээс огт холдоогүй энэ эр нийслэлийн дүүргүүдийн АН-д үүсээд байсан асуудлуудыг цэгцэлсэн хэмээн их л додигор байдаг гэнэ.
Гэвч саяхан Ш.Түвдэндоржийг нийслэлийн дүүргүүдийн АН-ын дарга нар огцруулах нь гэсэн яриа цаашдаа ч үргэлжилж, аягүйдвэл бодит ажил хэрэг болохоор шуударч магадгүй аж. Мэдээж ийм явдал боллоо гэхэд Х.Баттулгыг намын дарга болохоос өмнө өрнөх нь тодорхой шүү дээ.
Ер нь дээрх нөхцөл байдлаас харахад удахгүй болох АН-ын ҮЗХ-ны хурлаар “Женко” Х.Баттулга тус намын даргын суудалд суух магадлал тун өндөр болоод байна. Гэхдээ “Шадав нь авна уу, Готов нь авна уу, ямар хамаа байна” гэдэг шиг АН-ын даргад Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хэн нь байсан ч хэрүүл, тэмцэл тийм амар салахгүй нь л лав юм.
Эрх мэдлээс салах дургүй, алсан хойноо дахиж ноцоод байх араншин АН-ын эрчүүдийн төрөлх чанар юм шүү дээ.
О.Ганбаяр
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: