Харийн баяны өмнө Монгол төрийн ёс жаяг бөхөлзөх үү?

1772

Төр төмбөгөр ёс ёмбогор гэж монголчууд бид эртнээс ярьсаар ирсэн.

Ямар ч төрийн чадавх, боломж, бололцоо гадаад харилцааны тал дээр хэрхэн ёстой төртэй, өндөр дэг жаягтай ажиллаж чадаж байгаагаас хамгийн түрүүнд харагддаг гэж хэлж болно.

Тэгвэл МАН-ын үнэмлэхүй олонхоос байгуулсан Засгийн газрыг сорьсон анхны шалгуурууд мөн л гадаад харилцааны салбарт явагдаж эхэллээ.

Тухайлбал Монгол Улсад зочилж байгаа “Алибаба” группийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жек Магийн Монголд өрнүүлж байгаа үйлдлүүдээс нь олон зүйл анзаарагдах аж. Монгол төрийн ордонд төрийн протокол буюу тодорхой томьёолсон дүрэм журам сахин мөрддөг. Түүнийг нь сэтгүүлчид тун сайн мэддэг.

Энгийн иргэд, сэтгүүлчдийг өмссөн хувцсаар нь ялган хөөж, тууж төрийн ордны босгыг ч үл давуулдаг журмыг хэлээд байгаа хэрэг. Тэгвэл Монгол төрийн дэг журам зөвхөн монголчуудад үйлчлээд харийн баянд үл хэрэгсэгддэг бололтой. Өнөөдөр Жек Ма төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан билээ. Яахав дэлхийд товойж гарч ирсэн, овсгоотой бизнесменүүдийг Монголдоо татаж байгаа нь энэ засгийн хувьд муу зүйл биш. Гэхдээ хэний ч өмнө Монгол төрийн дэг журам ялгалгүй адилхан л үйлчлэх ёстой.

Жек Матай уулзах үеэрээ М.Энхболд “Монгол Ардын Нам Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, парламент, Засгийн газраа бүрдүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй бодлого явуулснаас болж олон аж ахуйн нэгж үүдээ барьсан.

Бид энэ байдлыг өөрчилж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллана” хэмээн тоочно лээ. Өмнөх дөрвөн жилд байдал ямар ч байсан байж болно. Харин энэ тухайгаа харийн баянд байдгаа тоочин, царайчилж амлалт өгч байгаа мэт аяглах нь бас л зохимжгүй.

Жек Ма Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай дотночлон түүний өнөө алдартай “Хаан жимс” амралтын газарт очиж уулзсан байна лээ. Тэр бол өөр хэрэг. Харин Монгол төрийн ордон ямар ч алдартай тэрбумтан, бизнесмений хувьд “Хаан жимс” мэт амралтын газраас өөр газар гэдгийг хэлээд өгчих хүн өнөөхөндөө энэ төрд алга бололтой.

Өмнөх гадаад харилцааны салбарын тэргүүн Л.Пүрэвсүрэн зочноо эвгүй байдалд оруулж, шуугианы эзэн болдгоороо алдартай байв.

Сүүлд л гэхэд Францад болсон террорист халдлагыг монголчуудын хувьд аз боллоо гээд хээв нэг хэвлэлийн хурал дээр хэлчихсэн л эр дээ. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг жинсэн өмдтэй бууж ирэхэд нь хүндэт харуулын цэрэг жагсааж зочноо эвгүй байдалд оруулж хоёр улсын харилцаанд сэв суулгах шахсан.

Ийм сайдын орыг залгасан Ц.Мөнх-Оргил мөн л олны анхаарлын төвд байгаа. Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байгаа тэрбээр ажлаа хоёр хөршөөсөө эхлүүлж байгаа нь зүйтэй. Юун гэвээс тэрбээр БНХАУ-ын болон ОХУ-ын элчин сайд нарыг хамгаас түрүүнд хүлээн авч уулзжээ. Энэ тухай мэдээллүүд нь ч цацагдаж байна. Сайн ажиглавал хоёр элчин сайдыг хүлээн авч уулзсан газар, орчин тун ч өөр мэт. Дипломат ёс жаяг нарийн эд.

Энгийн иргэдийн хувьд анзаарагдах төдий боловч мэргэжлийн хүмүүсийн нүдэнд маш тод харагдах алдаанууд олон гардаг. Цаашилбал хоёр улсын элчин төлөөлөгчдийг ялгаварлаж буй мэт сэтгэгдэл хөршүүддээ ч төрүүлж болохуйц эмзэг сэдэв дипломат харилцааны салбарт л байдаг билээ.

 


URL:

Нэр: Зочин Огноо: 30 July 2016

Стивен Сигал гэж нэг дурак төрийн ордонд жийнстэй харайлгаж явсан АНУ-ын Цагаан ордон ,Францын Елисейн ордон , Английн Букингем, Москвагийн Кремлийн ордонд энэ дуракууд ингэж томорч чадахгүй манайхыг басамжилж байгаа юм

Сэтгэгдэл бичих