Б.Мөнх-Оргил: Хотын үлгэр

13729067_1155983177810314_2962345128438148773_n_500x500Хайрлагдахаар төрсөн гэдэгтээ бат итгэсэн бүсгүй хайрлахаар төрсөн гэдэгтээ мөн итгэсэн залуу хоёр учирчээ… Анхны харцаар дурлалцаж айл гэр зохиожээ… Хайрлагдахаар төрсөн бүсгүй хайрлагдаж, хайрлахаар төрсөн залуу хайрлаж дүүрэн жаргалтай амьдарч байваа. Залуу хичээх тусам бүсгүй гомдоллож, бүсгүй гомдоллох тусам залуу хичээж хэдэн оныг ардаа үдэв ээ. Илүү их хайрыг бүсгүй хүлээнэ. Чинээндээ тултал залуу зүтгэнэ. Бүсгүй гэрэлтээд л түүний гоо үзэсгэлэнд эр эмгүй нүд унагана. Үүндээ тэр сэтгэл хангалуун. Залуу бүдгэрээд л түүний даруу зан, шударга байдал зарим нөхдөөс нь хөндийрүүлж орхижээ. Үүндээ тэр хаяа гутрана. Халтайтлаа зүтгэсэн нөхрөөсөө уйдан хар хослолтой залуусыг сэм мөрөөдөх болсон бүсгүйн зан хувираад ааш нь олдохоо болив оо. Шөнө болтол ажиллаа гэж гомдоллосоор эрт ирүүлдэг болов. Цалин бага авлаа гэж сарын сүүлчээр эрүүдэх болов. Өдөржин ном шагайх нөхрийнхөө болхи завааныг гайхаж, өөрийг нь эргүүлдэг боловсон эрчүүдэд тал өгөх болов. Бодсон бодол нь биелэлээ олж богинохон цагаар учрах болжээ… Өнөөдөр найзынх нь төрсөн өдөр гээд тэр гэртээ ч алга. Хайрлахаар төрсөн залуу үүнийг нь муухан гадарлаад жаргах замынх нь садаа эс болюу гээд явахаар шийджээ… Хамаг хувцасаа баглаад хар үүрээр гэрээсээ гарав. Эхнэр нь болох жаргалтай бүсгүй ирээгүй л байлаа… Алгын чинээхэн ам дөрвөлжин цаасан дээр хэдхэн үг эвлүүлэн бичээд орхижээ. Бүсгүй ирээд дэлгэн үзвэл товчхон үг… Өчигдөрийн уусан архиндаа шартсандаа ч юмуу шөнөжин нойргүй хоносондоо ч юмуу дотор нь бэлбэгнэж тэрхүү захидлыг тоох янзгүй орон дээр гэдрэг харан унав… Нэг сэрвэл унтлагын өрөө нь таг харанхуй, хүн алга… Хайраа гэж чанга хашгирав. Араас нь ус аваад ир гэж залгуулан уцаарлангуй хэлнэ. Хэн ч хариулсангүй. Хэд хэд орилосны эцэст түүнд ихээр гомдов. Хүн энд үхэх гээд хэвтэж байхад ажлаасаа ч ирээгүй анхаарал халамж ч тавихгүй юм. Гэтэл бусдын нөхрүүд гэж дотор нь бачуурна. Ор нь гэнэт амьтай юм шиг чичирхийлэх нь түүний утсанд дуудлага ирж байгаа аж. Урьд шөнийх нь хамт хоносон залуу… Эрхлэнгүй хоолойгоор утсаа автал эхнэр нь цаанаас хилэнтэйгээ хашгична. Зүрх нь хүчтэй савлаж бие нь дагжин чичрэх ялдамд хамаг хар хөлс нь чийхрав. Утсаа унтраав… Шокноосоо ч гарч чадахгүй хэсэг харанхуйлан хэвтвэл ходоод нь хоржигнохын хажуугаар нөхөр мэдвэл яана гэсэн гэнэн айдаст автана.

Шөнийн 12 цаг. Утсаа асаавал нөгөө л дугаараас 57 дуудлага иржээ. За энэ ч яахав нөхөр хааччихваа. Толгой нь ангас ангас хийнэ. Нөхөр рүүгээ залгав… Уучлаарай таны залгасан дугаар… дүүд дүүд… Үүрийн 06 цаг бас л холбогдсонгүй… Дуг хийв. Өглөөний 09 цаг бас л холбогдсонгүй. Удаан гүрийж хэвтсэн бүсгүй одоо л орноосоо өндийхөөс өөр аргаггүйдэв… Нөхөртөө чигтэйхэн их гомдож том том нулимс унагав. Хадам эх рүүгээ, хадам дүү рүүгээ, өөрийнхөө ээж рүү гээд бүх л хүмүүс рүү залган гомдол мэдүүлэв. Ирэхээр нь хэлэх үгнүүдээ ч бэлдэв. Эцэст нь найз дээрээ очиж хичнээн их зовж буйгаа хэлж сэтгэлээ хөнгөлөхөөр шийдэв. Хувцасны шүүгээг онгойлговол нөхрийнх нь хувцаснууд алга. Пал хийх шиг болж хөдөлж ч чадахгүй мэлрэн зогссоноо болиод унтлагын өрөөндөө гүйн оров. Орны хажууд хэвтэх өчигдөрийн цаасыг дэлгэн үзвэл “БИ ЯВЛАА” гэж эхлээд “БАЯРТАЙ” гэж төгсгөсөн байв…
Хайрлахаар төрсөн залуу гэрээсээ гараад хаачихаа мэдэхгүй хэсэгхэн зорилгоггүй явснаа эргээд очмоор ч юм шиг санагдав. Гэвч эхнэрээ хайрлах үнэ цэнэ нэгэнт үгүй болсон тул гол нь харлана. Ингээд урагш харан чигээрээ явна… Ажлаасаа ч гарч, утсаа ч сольж, байр түрээслээд ганцаараа хэсэг амьдрав. Сэтгэл шулуудмагц ээж рүү гээ залгаж салах болсоноо ч хэлэв. Шинэ ажилд оров… Шинэ жил болов. Шинэ жилийн цэнгүүн дээр өөртэй нь адилхан хайрлахаар төрсөн бүсгүйтэй учрав. Хайрлаж л мэдэх залуу хайрлуулах хичнээн сайхныг мэдэв. Хайрласаар ирсэн бүсгүй хайрлуулах хичнээн амттай ч бас мэдрэв. Бие биенээ хайрласаар гэр бүл болов. Жил сар улиран одож шуугилдсан олон хүүхдүүдтэй болов… Инээд нулимс хослонхон их л жаргалтай амар сайхандаа жаргажээ … Хайрлагдахаар төрсөн бүсгүй хайрлагдахаар төрсөн залуутай учирчээ … Бие биеэ л бодсоор бие давхар бололцоод салжээ… Төрсөн ганц үрдээ төгсөн төгстөлөө чи бол хайрлагдахаар төрсөн гэж захисааар өнгөрчээ…
Б.МӨНХ-ОРГИЛ
2015.12.27-нд

URL:

Сэтгэгдэл бичих