Хаан банк хуурамч мөнгө өгч, үйлчлүүлэгчийг гүжирджээ

 

Өчигдөр буюу 2016-07-27-ны өдрийн 11 цагийн орчим Хаан банкны Хархорин салбараар үйлчлүүсэн эмэгтэй гомдолтой байгаа талаар бидэнд хандсан юм. Тэрбээр өөрийн нэр дээрх Хаан банкны данснаас 4 463 000 төгрөг бэлнээр нь авсан байна. Харин үйлчлүүлэгчид өгсөн мөнгөн дунд хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэрт байсныг “Хас” банкан дахь хадгаламжиндаа хийхээр үйлчлүүлж байхдаа мэджээ.

Улмаар хуурамч мөнгөн тэмдэгт өгсөн асуудлаар эргээд Хаан банканд хандахад үл ойлголцол гарсан байна. Үүний улмаас үйлчлүүлэгч ухаан алдаж эмнэлэгийн тусламж авахад хүрчээ. Бид болсон явдлын талаар Хаан банкаар үйлчлүүлсэн иргэнтэй уулзаж тодрууллаа.

 

Үйлчлүүлэгч: Би “Хаан” банкнаас мөнгөө тоолж авчихаад шууд хажуугийн залгаа “Хас” банк руу явж өөрийнхөө хадгаламж руу хийхээр явсан. Тэгтэл “Хас” банкаар үйчлүүлж байхдаа нэг ширхэг хуурамч 20 000 дэвсгэрт өгснийг нь мэдсэн. “Хас” банкнаас тухайн мөнгийг журмын дагуу мөнгийг хурааж авсан. Би эргээд “Хаан” банканд ирж учир байдлаа хэлэхэд намайг өөрөө сольсон мэтээр гүжирдсэн. Гүжирдүүлснээс болж би өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч байна. Сая ухаан алдснаас болоод зүрх өвдөөд, даралт ихсээд байна. “Хаан” банкны лавлах утас руу нь залгахаар “Таван минутын дараа эргээд хариу хэлье” гэсэн боловч таг. Залгахаар утсаа авахгүй байна. Гол нь хуурамч мөнгө их багадаа биш дараа дахиж өөр хүнийг битгий ингэж гүжирдээсэй. “Хаан” банк хуурамч мөнгө илрүүлээгүй байхад “Хас” банк нь илрүүлчихлээ. Би найдвартай гэж бодож банкаар үйлчлүүлж байхад ингэж гүжирдүүллээ. Хэрвээ би Хаан банкнаас гараад шууд Хас банк оролгүйгээр дэлгүүр орсон бол мөнгө солигдлоо гэж үзнэ. Гэтэл би Хаан банкнаас мөнгөө авчихаад, цүнхэлсэн чигээрээ Хас банк руу орсон. Камерын бичлэг шүүж үзэж болно.Теллерийн буруутай үйл ажиллагаанаас боллоо. Теллер нь хуурамч мөнгөтэй боодол мөнгийг надад хажуугийнхаа теллерээс надад авч өгсөн. Та мөнгө аваад банкнаас гарсан бол хамаагүй гэсэн.

Хаан банкнаас мөнгө авсан гүйлгээний баримт болон мөнгө

 

 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Хаан” банкны Хархорин салбарын захиралаас тодруулсан юм.

“Хаан” банкны Хархорин салбарын захирал Н.Даваалхам: Манайх харилцагчаас орж ирж байгаа мөнгийг хуурамч мөнгө эсэхийг шалгаад, тоолоод авдаг. Харилцагчид өгөхдөө ч гэсэн шалгаад тоолоод өгдөг. Харилцагчийг гомдол гаргахаар нь би өргөдлийг нь хүлээж аваад шийдвэрлээд сууж байсан. Тэгсэн энэ эгч бухимдаад татаж унасан. Түргэн дуудаж, тусламж үзүүлсэн.

-Танай мөнгө тоологч машин хуурамч мөн бишийг нь ялгадаггүй юм уу?

- Ялгадаг. Бүх мөнгө тоологч машин ялгадаг.

- Шалгадаг юм бол танайхаас яагаад хуурамч мөнгөн тэмдэгт илэрэв?

- Харин тодруулах хэрэгтэй. Манайх дотоод хяналттай, камерын хяналттай. Бид энэ талаар шалгаж байгаа 2 цагийн дараа гэхэд буюу өчигдөр/16:00 цагийн орчим/ хариу өгнө гэв.

Хаан банкныхан 16 цагт хариу хэлээгүй. Харин ч ажлын бус цагаар теллер, дарга гээд олон хүн үйлчлүүлэгч рүү залгаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан байв. Үйлчлүүлэгчийн хувьд мөнгөө цүнхэлсэн чигээрээ 10 секунд алхаад орчих “Хас” банкаар үйлчлүүсэн бөгөөд энэ нь тухайн байгууллагуудын хяналтын камерт үлдсэн байгаа. Хуурамч мөнгөн тэмдэгт үнэхээр илэрсэн талаар өчигдөр Хас банкны тухайн салбар хариуцсан ахлах теллерээс тодруулахад: “Тантай хамт зогсож байгаа энэ хүн өнөөдөр манайхаар үйчлүүлсэн. Энэ үеэр боодолтой мөнгөнөөс нь хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн. Хуурамч мөнгөн тэмдэгтийг бид хураан авч, зохих журмын дагуу цагдаагийн байгууллагад өгнө.” Гэв.

Хуурамч мөнгө өгсөн эсэхийг цагдаагийн байгууллага тогтоох болно. Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээд оруулсан ийм төрлийн хэрэг Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт,үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах-д заасан байдаг. Тодруулбал

176 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт,үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах

176.1.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Хаан банкны зүгээс энэхүү сурвалжлагыг олон нийтэд хүргэхгүй байхын тулд үйлчүүлэгч рүү удаа дараа залгаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан байв. Энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.

 

А.Баярмаа

dorgio.mn


URL:

Нэр: gunjee Огноо: 28 July 2016

хаан банк таньд ойрхон түмэнд итгэлтэй уриа лозонгоо хаана гээчих вэ.одоо л зэс нь цухуйх нь дээ ард түмэн минь мэдээтэй байгаарай.зээлийнхээ хүүг бууруулна гэж даанч гонж доо

Сэтгэгдэл бичих