Шинэ бүтцээр 13 яаманд 1,381 ажилтан ажиллана

IMG_0258(2)Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталжээ.

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1,490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр  13 яаманд 1,381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.

Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан  яамдын Бодлого, төлөвлөлтийн  газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн яамдын газар, хэлтэс нь орлогч даргагүй байна.

Татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.

Мэргэжлийн Засгийн газрын 13 яам

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
  6. Батлан хамгаалах яам;
  7. Барилга, хот байгуулалтын яам;
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
  9. Зам, тээврийн яам;
  10. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  12. Эрчим хүчний яам;
  13. Эрүүл мэндийн яам.

URL:

Сэтгэгдэл бичих