“Яргачин” Т.Цогт, Г.Маралмаа хоёрыг шүүх шүүлээ, гэхдээ шударга шүүсэн үү
Олон нийтийн сүлжээнд хүчээ авч байгаа нэг сэдэв бол өчигдөр болсон эрүүгийн хэргийг шүүх хурал байна. Тодруулбал, дөрвөн настай охиноо үхтэл нь зодож, улмаар үхэлд хүргэсэн төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал байв. Нэг удаа мөрдөн байцаалтад буцаж, олон удаа шүүх хурал нь тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон ч өчигдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа. Шүүгч нарын гаргасан шийдвэр үнэндээ л ард түмнийг цухалдуулж, Монголд шударга ёс, шударга шүүгч гэж байдаггүй харуулах шиг болов. Шүүгдэгч Г.Маралмаад 23 жилийн ял оноож, саатуулагдсан хугацааг нь ял эдэлсэнд тооцож, харин Т.Цогтыг хүний аминд хүрээгүй гэж үзэн цагаатгаж, хүнд гэмтэл учруулсан зүйл ангийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хавтаст хэргийг хаав.
Өөрөөр хэлбэл, Г.Маралмаа нарсанд сууж, Т.Цогт наранд гарлаа. Хамгийн гол хууль шүүхийн байгууллага, шүүгч нар шударга байж чадсан уу гэдэг асуултыг асуумаар санагдав. Арай л улайм цайм шийдвэр гаргачихав уу даа гэж хардаж, халаглаж байна.
Яагаад яагаад гэх олон асуулт ар араасаа урган гарч ирж байна. Энэ хэрэгт сэжигтэн ялтан хоёр хоёулаа буруудаж, жил гаруйн хугацаанд цагдан хоригдож явчихаад өнөөдөр нэг нь ялтан, нөгөөдөх нь гэм хийгээгүй гэсэн үндэслэлээр цагаадаж байгаа юм бэ. Хойд эх Г.Маралмаад бүх бурууг тохож “Охиныг минь зодож занчсаар байгаад биед нь хүнд гэмтэл учруулж алчихлаа” гээд шүүхийн танхимд гэмгүй царайлж зогссон эцэг Т.Цогт ямар ч буруугүй хэрэг үү. Үнэндээ бол түүний хувьд хамгийн буруутай нь шүү дээ. Бяцхан охин үхлүүт ГССҮТ-д хүргэгдэж эмч нар яаралтай хагалгаа хийх шаардлагатай байна гэхэд “Би мэдэж байна” гээд эмнэлгээс авч явчихаад амийг нь хохироосон гол буруутан Т.Цогт. Хэрвээ тэр цаг алдалгүй яаралтай хагалгаанд оруулсан бол охин өнөөдөр амьд мэнд байх ч байсан юм билүү хэн мэдлээ. Хөөрхий дөө, ухаангүй, нүд нүүргүй хөхөрч хавдсан биеийг нь эмчлүүлэх сэтгэл байхгүй “Үхсэн ч хамаагүй, би хүүхдээ мэднэ” гээд эмнэлгээс аваад явсан аавын буруу. Гэтэл тэр яагаад буруугүй болж гэмгүй үлдэж байгаа юм. Мөн түүнээс гадна Г.Маралмаа удаа дараа зодож биеийг нь хөхрүүлээд байхад яагаад охиноо өмөөрч хамгаалж болоогүй юм бэ, хөх няц болсон биеийг нь харсаар байж худлаа хэлдэг Г.Маралмаагийн үгэнд итгэж л охиноо буруутгаж байсан ийм эцэг байх уу. Дээр өрөвдөж хайрлахгүй юмаа гэхэд, охиноо “өмдөндөө бааж шээлээ, ээжийнхээ үгэнд орсонгүй” гэдэг шалтгаанаар өвдтөл нь удаа дараа зодсон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан байхад яагаад түүнийг гэм буруугүй хэмээн өршөөв.
Үнэхээр төрсөн эцэг Т.Цогт охиноо алаагүй юм бол ядаж алгын чинээхэн охины өмнө нүглээ наминчилж, буруугаа хүлээж чадахгүй байсаар наранд гарлаа. Ийм эцэг байх уу.
Эвийдээ дөрөвхөн настай охин амьсгал хураахынхаа өмнө “Аав аа, миний буруу” гэж хэлсэн гэдэг. Ямар амьдрал үзэж, ямар зовлон туулсан болоод эрхийн чинээ жаахан охин амьсгал хураахынхаа өмнө хүртэл ийм зүрх зүссэн үгийг амнаасаа унагав даа. Үнэхээр л охины үхэлд эцэг шиг юм нь буруугуй юм бол, тэр жаахан амьтныг хойд эх нь ганцаараа зодсоор байгаад алчихсан нь үнэн бол гэж өөр өнцгөөс бодсон ч шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг хүлээж авч чадахгүй байна. Наад зах нь, охиныхоо амнаас ийм үг сонссоход хүргэснийх нь төлөө, эрхийн чинээ охиноо хамгаалж чадаагүйнх нь төлөө Т.Цогтын эцэг байх эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй. Дөрөвхөн настай жаахан охины амь мэдээ төдийхэн нийтлэгдээд үлдчих вий, жинхэнэ гэмт этгээд нь ял завших вий гэж ямар олон удаа шүүхийн танхимаас сурвалжлага бэлтгэж явсан даа. Гэтэл өнөөдөр тэр хүн бараг л ял завшихлаа. Ийм өр өвтгөм үйл хийчихээд тэр хүн өнөөдөр яаж түмэн олон дотор гэмгүй явна. Тийм их нүгэлтэй хүнийг дэлхий яаж дааж явна аа. Олон түмэн мэдээж зэвүүцэнэ бас жигшинэ ээ.
Харин одоо бол Г.Маралмаад 23 жил, Т.Цогтыг цагаатгасан шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийнх нь үндэслэл, тайлбарыг нь сонсохыг уншигчид хүсч байна.
О.Сайхан
URL: