“Шоовдорлогдсон” аймгуудын сонгогчдийн хүлээлт…
2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан 65 суудал авч, Засгаа дангаар байгуулах бүрэн эрхтэй болсон МАН–ын сайд, дарга нарын томилгоо ямархуу байх нь вэ гэх сониучирхал олон нийтийн дунд өрнөн, элдэв хэлэлцүүлэг, шүүмжлэлийг өрнүүлсээр байна.
Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн Газрыг байгуулна хэмээн амлаж гарч ирсэн МАН-ынхны зарим сайд нарын томилгоо олны сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгаа талаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлсээр байгааг та бид харж байгаа. Одоогийн байдлаар, 11 яамны сайд батламжлагдан, дөрвөн яамны нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилтэй байж болох үндэслэлээр түдгэлзээд байгаа билээ.
Барилга хот байгуулалт, Эрүүл мэнд, Эрчим хүч, Хүнс хөдөө аж ахуй гэсэн үлдээд буй дөрвөн яамны удирдлагад эрх баригч намынхан хэнийг дэвшүүлэх талаарх таамаг мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн голлох сенсаци болж байна гэхэд хилсдэхгүй.
Ер нь яамдын сайдууд, байнгын хороодын дарга нарыг томилохдоо МАН-ынхан өөрсдөд нь итгэл найдвар хүлээлгэсэн орон нутгийн сонгогчдынхоо хүсэл эрмэлзлэлийг аль хэр тусгаж байгаа юм бол гэсэн сониуч бодол төрөн, аймаг буюу үндсэн гарлаар нь жагсааж үзэв.
Шинэ Засгийн сайдууд
Яам | Нэр | Аймаг |
Ерөнхий сайд | Ж.Эрдэнэбат | Сэлэнгэ |
Шадар сайд | У.Хүрэлсүх | Хэнтий |
ЗГХГ-ын дарга | Ж.Мөнхбат | Архангай |
БОАЖ | Д.Оюунхорол | Завхан |
Гадаад харилцаа | Ц.Мөнх-Оргил | Сүхбаатар |
Сангийн яам | Б.Чойжилсүрэн | Увс |
ХЗДХ | С.Бямбацогт | Ховд |
Хөдөлмөр, НХ | Н.Номтойбаяр | Дорнод |
Батлан хамгаалах | Б.Бат-Эрдэнэ | Хэнтий |
БССШУ | Ж.Батсуурь | Дорноговь |
Уул уурхай, хүнд үйлдвэр | Ц.Дашдорж | Говь-Алтай |
Зам тээвэр | Д.Ганбат | УБ |
Байнгын хороодын дарга нар
Байнгын хороо | Нэр | Аймаг |
Аюулгүй байдал, гадаад бодлого | Ж.Энхбаяр | Говь-Алтай |
Өргөдлийн | Д.Сарангэрэл | Хөвсгөл |
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй | Ц.Гарамжав | Булган |
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухаан | Л.Энх-Амгалан | Хөвсгөл |
Төрийн байгуулалт | Н.Энхболд | Төв |
Төсвийн | Ч.Хүрэлбаатар | Увс |
Хууль зүйн | Ш.Раднаасэд | Говь-Алтай |
Эдийн засгийн | Д.Тэрбишдагва | Архангай |
Эндээс харахад, ихэнх аймгуудаас төлөөллүүд томилогдон, сонгогчдынхоо сэтгэлийг өег болгож байгаа бөгөөд огт нэр нь дурдагдахгүй үлдсэн маш цөөхөн аймаг байна.
Жишээ нь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын уг гарвалтай сайд, байнгын хороодын дарга огт харагдахгүй байна. Хонгор нутгийнхны хувьд гэхэд, Тавантолгойн стратегийн цаашдын хандлагыг тодорхойлохуйц маш чухал ач холбогдол бүхий тойрогт АН-ын акулуудын нэг болох Женко Баттулга, байнгын хороон дарга “бидон” Ганбат зэрэг өмнө нь бараг нутаг орноороо тахин шүтэх нь холгүй байсан нэр дэвшигчдээ жийн, МАН-д гурван мандат бэлэглэсэн ард түмэн. Энэ үүднээс харвал, төр түшилцэх хариуцлагатай өндөр албанд тус орон нутгаас ядаж ганц төлөөлөл байгаасай гэж хүсэхээс ч аргагүй санагдахаар…
Ямартай ч, сайд нь тодроогүй үлдсэн дөрвөн яамны сураг ажгийг “шоовдорлогдон” үлдсэн аймгуудын сонгогчид чих тавин хүлээж буй нь мэдээж. Тэд өөрсдийн гэсэн харьяалал бүхий ганц ч атугай сайдтай болчихвол орон нутгийн алс хэтийн хөгжилд тодорхой хэмжээгээр нэмэр болох болов уу гэсэн горьдлого тээх нь ч аргагүй юм.
URL: