Монголын сэлэмчид түүхэн ялалт байгуулжээ
Италийн Сицил арлын Катанья хотноо болсон туялзуур сэлэмний ДАШТ-д оролцсон тамирчид түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ялалт байгуулсан байна. Эхний өдөр буюу энэ сарын 10-нд болсон эрэгтэй хүнд сэлэмний төрөлд манай хоёр тамирчин хүчээ сорьж, түүхэн амжилт үзүүллээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн аваргын дэвжээнээ хоёр дахь удаагаа хүч сорьж байгаа манай шилдэг тамирчдын нэг Э.Баярбат урьдчилсан шатанд өрсөлдсөн Бермудын тамирчин Трэвис Стивенсийг 5:4-ийн харьцаатайгаар буулгаж авсан аж. Ингэснээр Монгол Улсын туялзуур сэлэмний спортын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны ялалтын эзэн болжээ. Манай тамирчин хэсэгтээ Египт, Норвеги, Литва улсуудын тамирчдад 3:5-ын харьцаатайгаар ялагдсан бөгөөд Беларус, Финляндын тамирчдад хожигдсноор нийт 222 тамирчнаас 170-р байранд орсон байна. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрлийн тэмцээн дараагийн өдөр нь болсон бөгөөд энэ төрөлд ганцаар хүч үзсэн манай тамирчин Эрдэнэбаатарын Орхон Шри Ланка улсын тамирчин А.Сатарсингийг 5:4-ийн харьцаатайгаар буулгаж авснаар, эмэгтэйчүүдийн түүхэн дэх дэлхийн аваргаас авсан анхны ялалтын эзэн болсон байна. Тэрбээр хэсэгтээ Канадын нэрт тамирчин, Хамтын Нөхөрлөлийн Орнуудын тэмцээний хошой аварга Эйнсли Свитцертэй эн тэнцүү өрсөлдөж 4:5-ийн харьцаатайгаар харамсалтайгаар хожигдсон байна. Э.Орхон БНСУ, Казахстан, Бразил болон Финляндын тамирчдад хожигдсноор 155 тамирчнаас 142-р байрт оржээ. Ийнхүү манай оронд хөгжөөд удаагүй байгаа, холбоо нь байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж буй туялзуур сэлэмний тамирчид ДАШТ-д амжилттай оролцон, анхны ялалтуудаа байгуулсан байна.
П.Нанзад
URL: