Хууль бусаар оруулж ирсэн мөнгөн усыг дундаас нь дээрэмджээ

189526-26072016-1469496750-1531722675-mungun_usМөнгөн ус их хэмжээгээр хил нэвтрүүлэх тохиолдол тасрахаа болив. Дархан-Уул аймагт 2007 онд мөнгөн ус алдагдаж их хэмжээний хохирол учирсан билээ. гэтэл Дархан-Уулд алдагдсан мөнгөн уснаас 20 дахин их хэмжээтэй мөнгөн усыг иргэд Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн сарын сүүлчээр оруулахыг завдаад хууль хяналтынханд баригджээ.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан энэ төрлийн хэргийг дахин илрүүлжээ. Энэ удаа Гашуунсухайтын боомтынхоос бараг хоёр дахин их, 40 кг мөнгөн усыг цагдаа нар хурааж авсан байна.

Хэргийг тодруулбал, Говьсүмбэр аймгийн харьяат Т гэгч бусадтай бүлэглэн ОХУаас оруулж ирсэн мөнгөн ус худалдан авч, цааш нь хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа мэдээлэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст иржээ.

Мэдээллийн мөрөөр энэ сарын 18-нд шалгахад Т нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзахаар тохирчээ. Ингэхдээ тэрээр М, Ж, Г нартай хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн Р, Г нараас барааг нь дээрэмдсэнийг шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Энх

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих