“САНТ” сургуулийн сурагчид ОЛОН УЛСЫН олимпиадаас эх орондоо ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ ирлээ
Ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагчид долоодугаар сард хилийн чанадад зохион байгуулагдсан олон улсын олимпиадуудаас ганзага дүүрэн иржээ.
Тодруулбал тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Пүрэв Хонг Конгд болсон олон улсын Математикийн олимпиадаас хүрэл медаль, 12 дугаар ангийн сурагч Ц.Цэрэнчимэг, 11 дүгээр ангийн сурагч Л.Оюунтөгс нар Швейцарьт болсон олон улсын Физикийн олимпиадаас мөнгө, хүрэл медаль, 11 дүгээр ангийн сурагч Б.Хулан Вьетнамд болон олон улсын Биологийн олимпиадаас хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Сургуулийнхаа төдийгүй Монгол Улсын нэрийг гаргаж, амжилттай оролцсон шилдэг сурагчидтай уулзахын тулд “Сант” сургуулийг зорилоо.
Ингээд амжилт гаргасан дөрвөн сурагчтай уулзаж ярилцсанаа хүргэе.
Математикаар 109 орны сурагчидтай өрсөлдөж ХҮРЭЛ медаль хүртжээ
Эхлээд Хонг Конгд зохион байгуулагдсан олон улсын математикийн 57 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн сурагч Б.Пүрэвтэй уулзлаа.
Б.Пүрэвийн хувьд улсаа төлөөлж олимпиадад оролцох зургаан сурагчийн нэг болохын тулд багаасаа бэлджээ. Харин энэ олимпиадад тавдугаар сарын сүүлээс эхлээд нэг сарын хугацаанд бэлдсэн байна.
Багаасаа гэдгийн учир нь “Сант” сургууль сурагчдынхаа хүссэн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах, нийслэл, улс, олон улсын олимпиадуудад оролцох боломжоор хангадаг ажээ.
Сурагч Б.Пүрэвийн хувьд дэлхийн шилдэг их сургуульд суралцаж, чадварлаг инженер болох мөрөөдөлтэй гэв.
Физикээр гарамгай амжилт гаргасан МОНГОЛ ОХИД
Энэ сурагчдаар дан ганц “Сант” сургуулийн хамт олон биш Монголчууд бахархах хэрэгтэй гэж бодогдов. Учир нь сурагч Х.Цэрэнчимэг, Л.Оюунтөгс нар Швейцарийн Цюрихд болсон олон улсын Физикийн олимпиадаас эх орондоо мөнгө болон хүрэл медальтай иржээ.
Хүрэл медаль хүртсэн сурагч Л.Оюунтөгс “Дөрвөн улсаас л эмэгтэй сурагчид явуулсны нэг нь Монгол. Бид медаль хүртсэн цөөн хэдэн охидын нэг болсондоо баяртай байгаа” гэсэн юм.
Тус олимпиадад оролцох бэлтгэлээ тэд Налайхад байрлах сургуульд бүтэн сарын турш хийжээ. Яг олимпиадын бэлтгэлтэй үед өдөртөө 10-14 цагийг хичээлдээ зарцуулдаг гэж сурагчид хэлэв.
Харин бэлтгэлгүй үед сургууль дээрээ өдөрт 7 цагийн хичээлдээ суучихаад 2-3 цаг гэртээ хичээлээ хийдэг ажээ.
Ер нь Монгол Улсаа төлөөлж олимпиадад оролцохын тулд эдгээр сурагчид Азийн олимпиадын дүн, улсын олимпиадын дүн, нэмэлт сорил зэрэг олон давааг давдаг байна.
Биологийн олимпиадаас Монгол Улсдаа хоёр дахь медалийг авчирчээ
Сурагч Б.Хулангийн хувьд Вьетнамын Ханойд болсон олон улсын биологийн олимпиадад амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн. Тэрбээр сурагчдын тийм ч их хичээллээд байдаггүй биологийн салбарыг гүнзгийрүүлэн судласнаараа онцлогтой.
Олон улсын биологийн олимпиадын материал нь хоёр онолын хэсэг, дөрвөн дадлага ажилтай байсан байна.
Түүний бэлтгэл сайн байсан ч Монгол сурагчдад хичээл дээрээ гадны сурагчид шиг хангалттай дадлага ажил хийх боломж хомс байдгийг хэлсэн юм.
Олон улсын олимпиадуудад нэг улсаас 4-5 хүүхэд оролцох боломжтой байдаг. Тэгвэл Монголоос оролцож буй сурагчдын багт “Сант” сургуулийн хүүхдүүд жил бүр багтаж, амжилттай оролцдог билээ.
Тухайлбал өнгөрсөн жил физикийн олимпиадад явсан таван сурагчийн дөрөв нь тус сургуулийнх байсан бол энэ жил хоёр нь тус сургуулийнх.
Тэд сургуулийнхаа тухай “Хүүхдүүдийг багаас нь сургаж чаддаг. Хүсэл эрмэлзэлдээ хүрэх бүх боломжоор хангаж өгдөг” гэдэгтэй санал нэг байлаа. Нэмж хэлэхэд эдгээр шилдэг сурагчид “Сант” сургуульдаа зуун хувийн тэтгэлэгтэй суралцдаг юм байна.
СУРАГЧ БҮРТ БОЛОМЖ ОЛГОХ “AP” ХӨТӨЛБӨР
Сурагчид олимпиадын бэлтгэлийн хажуугаар сургууль дээрээ “AP” (Advanced Placement) буюу АНУ-ын ахлах ангийн сурагчид сонгон суралцдаг, олон улсын хөтөлбөрт хамрагддаг гэв.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд тус сургуулийн захирал З.Энхмөнхөөс тодрууллаа.
АP хөтөлбөр гэж юу вэ?
З.Энхмөнх “Энэхүү хөтөлбөрийн дагуу ахлах ангийн сурагч өөрийн сонирхолтой хичээлийг илүү гүнзгий судалдаг юм. Их сургуулийн нэгдүгээр курсийн хичээлтэй дүйцэхүйц түвшний хичээлүүд байдаг. Шалгалтаа сайн өгвөл цаашид Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэх боломж илүү нэмэгдэхээс гадна элсэн суралцахдаа тухайн хичээлийн кредитийг тооцуулан суралцдаг” хэмээн тайлбарлав.
MIT-д элсэх оролцох болзлоо хангасан, олон улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн сурагч Х.Цэрэнчимэг энэ хөтөлбөрт хамрагдаж их сургуулийн нэг хичээлийнхээ кредитийг тооцуулах боломжтой болжээ.
AP хөтөлбөрийн талаар тэрбээр “AP хөтөлбөр бол зөвхөн олимпиадад оролцож буй сурагчид гэлтгүй хүссэн бүх сурагчдад өөрийнхөө дуртай хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломж олгодог” хэмээн хэлэв.
“Сант” сургуулийнхан 60 жилийн түүхтэй “AP” хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр олон сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх боломжийг нээж байна.
“AP” хөтөлбөрийг яваандаа Монголын боловсролын салбарт буюу улсын сургуулиудад нэвтрүүлэх боломжтой бөгөөд энэ талаар судалж байгаагаа тус сургуулийн захирал З.Энхмөнх хэлэв.
Хэдийгээр зуны дэлгэр цаг болж, сурагчдын амралт үргэлжилж байгаа ч Монгол Улсыг хөгжүүлэх шилдэг залуус энд өөрийгөө хөгжүүлсээр байгаа ажээ.
эх сурвалж:http://www.ikon.mn/n/slq
URL: