Увсын фракци Улсын мөнгө, төсөв, сангийн бодлогыг тодорхойлно
Эдийн засгийн үзүүлэлтүүд тун тааруу байгаа энэ үед төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг барих багийг нэг фракцид төвлөрүүлсэн нь магадгүй санамсаргүй хуваарилалт биш байх. Засгийн газрын танхимыг хэрхэн яаж бүрдүүлэхийг шийдэх хүчин зүйлсийн нэг нь нам доторх фракцийн тохиролцоо гэдэг нь нэгэнт нийтэд ил болсон дүрэм биз. Харин фракци бүрдэх нэг хүчин зүйл нь яах аргагүй нутаг ус. Тэгвэл засгийн эрхийн барьж буй МАН доторх Увсын фракци энэ удаад төрийн санхүү, төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлох эрх мэдлийг авчээ гэмээр дүр зураг харагдана.Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсноос харвал Увсын фракци шинэ Засгийн газарт бодлого тодорхойлох хэмжээний эрх мэдэл, хариуцлагыг үүрэх нь ээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүд тун тааруу байгаа энэ үед төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг барих багийг нэг фракцид төвлөрүүлсэн нь магадгүй санамсаргүй хуваарилалт биш байх. Яг энэ чиглэлд томоохон сорилт хүлээж байгаа төдийгүй реформын шинжтэй алхмууд үгүйлэгдэж буй учраас ихээхэн хариуцлага нэхэгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүд эхнээсээ сануулж байна.
Монголын санхүүгийн секторт арилжааны банкуудын оролцоо давамгайлж байгаа, цаашлаад тэд хоорондоо өрсөлдөх биш хуйвалдах замаар банкны хүүг өндөр түвшинд тогтоон барьж буй нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг боомилох хэмжээнд хүрснийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгчийн томилгооны үеэр нухацтай шүүмжилсэн. Дэлхий хавтгай болох хэрээр Монголд ямар ч салбарт урьдынх шиг хэд нугарсан өндөр ашигтай бизнес оршин тогтнох боломжгүй. Ийм нөхцөлд Монголын ихэнх компаниуд ихээр бодоход 10-20 хувийн ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа.
Гэтэл тэдэнд өнөөдөр арилжааны банкууд дунджаар 20 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийнх нь бүх ашгийг ховх сорох аюул гэсэн үг юм. Банкны зээлийн хүүнд хамаг ашгаа соруулчихаж байгаа компаниуд цаана нь цалин, татвараа юугаар төлж, цаашид хэрхэн томрох нь ойлгомжгүй болж байгаа хэрэг юм. Энэ нь эцэстээ эдийн засгийг аюулд хүргэх “үхлийн тойрог” болж хувирахад ч ойрхон байгаа гэх.
Иймд банкны зээлийн хүүг бууруулахгүйгээр компаниуд ашигтай ажиллах, оршин тогтнох бололцоо улам бүр хумигдаж байгааг гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгчид зориуд сануулж, үүнийг өөрчлөхийн тулд ямар бодлого санал болгохыг нь асууж байлаа.
Гадны банкийг оруулж ирэх асуудлыг өмнөх парламентын үед ярьж байсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Мөн гадны төрийн өмчийн банкийг оруулж ирэх асуудал ч хуулиар хязгаарлагдмал. Нэгэнт үүсчихээд байгаа нөхцөл байдлыг өөрчилж, бодит эдийн засгийн салбараа мөнгөний бодлогоор дэмжинэ гэвэл эрс шинэчлэлийн алхам хэрэгтэйг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ойлгож байгаа болов уу.
Түүнд энэ удаад УИХ дотроос, Засгийн газрын танхим дотроос ч хүчтэй дэмжлэг байгаа гэж харагдаж байна. Энэ нь “Увсын фракци” байх бололтой. Тэд засагт багаараа мөнгө, санхүү, төсвийн бодлогыг атгах эрх авахдаа эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хүлээсэн гэж харж байна. Эдийн засгийн хямралыг сөрөх эрүүл, зөв бодлого хэрэгжүүлнэ гэсэн хүлээлтэд хүрч ажиллах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Эх сурвалж:
URL: