Хөдөөгийнхөн ба хотынхон

XX зууны дунд үеэс л монголчууд суурин иргэншлийг сонгож эхэлсэн билээ.

Гэхдээ дэлхийн бусад улс орон шиг сонгодог утгаар нь хотожсонгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод хуарагнан буусан гэр хорооллынхон хагас нүүдэлчин төрхтэй байна. Нэг ёсондоо нийслэлийн дийлэнхийг монгол гэр, багахан газрыг байшин эзэлж байгаа хэрэг. Нэгэн үе хотынхон хотдоо, хөдөөгийнхөн хөдөөдөө байж бие биенээ нөхөн амьдарч байсан нь нүүдэлчин уламжлалт монголчуудын амьдралын хамгийн зөв зохицол байсан бололтой.

Учир нь тэр үед хөдөөгийнхөн хүрээ хотын чийгэнд өвчилж сууснаас сэрүүн хангайгаа бараадахыг эрхэмлэдэг байсан. Ингэж л хоёр иргэншил хоорондоо эв зүй учраа олоод байж. Харин сүүлийн хэдэн жил монгол хүн хаана ч амьдрах эрхтэй болсноор хотыг чиглэсэн их нүүдэл эрчээ авч эхэлсэн билээ.

Уг нь нэг үе хотын иргэн болоход наанадаж ажил сургуультай, цаанадаж толгой хоргодох оронтой байх ёстой байдаг байж. Гэтэл одоо энэ бүхэн хотын иргэн болоход хамаагүй болсон. Нөгөөтэйгүүр нийслэлийг зорьсон их нүүдэл хэдэн жил дараалсан ган, зудаас үүдэлтэй юм.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд малаа барсан малчид хотыг зорих нь элбэгшсэн. Түүнчлэн боловсролтой болохыг эрмэлзсэн залуус нийслэл рүү тэмүүлдэг болсон. Энэ мэт байдлаас улбаалан нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Гэхдээ бидэнд энэ бүхнийг үгүйсгэх эрх байхгүй. Учир нь Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй болсон. Гэвч хот, хөдөөгийн иргэншил сөргөөцөлдсөн хэвээр байгаа юм. Хөдөө амьдарч байсан хүмүүс суурин иргэншилтэй хөл нийлүүлсэн ч сурсан зангаараа олон зүйлд хөнгөн “гэнэн” хандах жишээтэй.

Усыг нь уувал ёсыг нь дагадаг бичигдээгүй хууль бий. Хотод олон хүн амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болсон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай гэдгийг хөдөөгийнхөн тэр бүр мэддэггүй нь харамсалтай.

Ш.Мягмарсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих