Гудамжны хүүхдүүд хаачив

Гудамжны гэх тодотголтой хүмүүс нийгмийн нэгэн төлөөлөл болсоор 20 гаруй жилийн нүүр үзжээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд нийслэлийн энд тэндгүй холхилдох тэднийг аль нэг тийш нүүлгэчихэв үү гэлтэй эрс цөөрсөөр байна. Хамгийн сүүлд 2009 онд нийслэлийн хэмжээнд 500 гаруй насанд хүрээгүйчүүд гудамжинд амьдардаг гэх судалгааг хүүхдийн төлөө байгууллага гаргажээ.

Харин энэ тоо 2002 онтой харьцуулахад багассан байх юм. Үүнээс ч эрт буюу 1995-1998 онд нийслэлийн траншей болон муу усны суваг даган амьдрагчдын бүлэг арми бий болоод байжээ. Тухайн үед Хан-Уул дүүрэг дэх “Эрэл” компанийн баруун хэсэгт тус дүүргийн нэгдсэн дулааны шугам түшиглэн амьдардаг гудамжны иргэд бүлэглэн амьдардаг байсныг тэр орчмын оршин суугчид ярьдаг юм билээ.

Мөн онуудад “Хархорин” захын орчим буюу 32-ийн буудлын ойролцоо нийслэлийн зүүн бүсийн дулааны шугам бараадан амьдрах иргэдийн тоо ч буурдаггүй байжээ. Гэтэл амьдралаа алдсан архичид нь үлдэж, тэднийг бараадах бяцхан хүүхдүүд өдгөө нүдэнд торохгүй, хараанд өртөхгүй болсныг юутай холбож тайлбарлах вэ. Монголд сүүлийн таван жилийн турш хүний наймаа, бие эрхтэний бизнес далд хэлбэрээр цэцэглэн, хөгжөөд байгааг хуулийнхан ч, хэвлэлийнхэн ч нийгэмд анхааруулсаар буй.

Иймээс тэдгээр хүүхдийг хил давуулан наймаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Манайхан энэ тал дээр батлагдаагүй цуу яриа байдаг боловч хүүхдүүд үнэхээр хүний наймаачдын золиос болсоор байна уу гэдэг дээр баримттай зүйл баталж чадаагүй л байна. Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа хүүхдийн хаяг тогтоох байгууллага гудамжинд амьдардаг хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр оронд нь хүргэж өгөх ажлыг төр засгийн оролцоотой гүйцэлдүүлдэг.

Харин тус төвд сүүлийн 3-4 жилийн дотор хүргэгдэн ирдэг хүүхдүүдийн тоо эрс буураад байгааг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Хүмүүсийн ярьдгаар эдгээр хүүхдийг хараа хяналтгүй, биеийн байцаалтгүй зэргээр нь далимдуулан БНХАУ руу нууцаар гаргадаг гэдэг нь оргүй зүйл биш бололтой.

ХҮҮХДҮҮДЭЭ ТООЛЖ ҮЗСЭН ҮҮ

Нийслэлийн хүн амын 70 хувь нь гэр хороололд, тэнд амьдрагсдын 40 хувь нь нэн ядуу амьдардаг. Архидалт, гэр бүлийн хүчирхийллээс үүдэж өсвөр насныхан гэрээсээ зугтан дайждаг. Улмаар тэдний ирээдүй нийтийн эзэмшлийн гудамж, талбайтай холбогдсоноор гудамжныхан гэж нэрлэдэг аж.

Мөн тэд дулааны шугам, сүлжээны холболт дагасан сувгуудад амь зуудаг нь бидний хэлж дадсанаар траншейныхан. Гэхдээ хотын захиргаа болон холбогдох яам, салбарынхан траншейны нүхийг бөглөх ажлыг сүүлийн хэдэн жил эрчимжүүлснээр гудамжныхан дулааны ил шугам бараадаж эхэлжээ.

Гэхдээ тэд зөвхөн нийслэлд амьдраад байдаггүй. Өөрөөр хэлбэл, хотын захад байрлах хогийн цэгт амьдрах иргэдийн тоо эрс өссөн. Гэхдээ Улаанбаатарын хэмжээнд яг хэдэн гудамжны иргэн байгааг нарийвчлан тоолсон практик манайд байдаггүй юм байна. Тиймээс эдгээр хүүхэд бичиг баримт, харгалзах том хүн байхгүй зэрэг нь хэзээ, хаашаа, хэний гараар хаа нэг харийн оронд худалдагдаж байгааг хэн ч мэдэх боломжгүй юм.

Гэтэл хүүхдүүд үнэхээр цөөрөөд байна уу гэхээр бүгд нэг зэрэг толгой дохиод байдаг. Харин
яагаад, хэзээ, хэд байсан хүүхдүүд одоо хэд болсон, хаашаа алга болоод байна гэхээр хэн бүхэн нэгэн рүүгээ харж гайхсаар байгаа нь нэгэн бодлын эмгэнэлтэй. Хүүхдүүд хүний наймааны золиос болдог юм байна гэж бодъё.

Тэгвэл тэднийг худалдаалдаг хүмүүсийн талаар сураг ажиг тавих учиртай. Биеэ үнэлэгчтэй тэмцэхэд хэдэн арваараа баривчлагдаад байхад иргэний тооноос хасагдсан гуйлгачин хүүхдүүдийн талаар хэн ч юу ч хийхгүй байгааг гайхах хүн цөөнгүй.

АЗИД ХҮНИЙ НАЙМАА ЭРЧИМТЭЙ ӨСЧЭЭ

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр энэ он гарсаар Ази тивд хүний наймаа өнгөрсөн онтой харьцуулахад хоёр хувиар нэмэгджээ. Ингэхдээ зөвхөн Хонконг, Малайз, Сингапур, БНХАУ, Тайваньд 19 мянган хүний наймаатай холбогдох гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.

Түүнчлэн, БНХАУ-ын цагдаагийн байгууллага улсынхаа зургаан муж, 50 гаруй хотыг хэрсэн хүний наймаачдын хуурай газрын “боомт” үүсээд байгааг саяхан дэлгэжээ. 1960-аад оноос хойш Төв, Зүүн Өмнөд Азид хүний наймааны эхлэл тавигдсан байдаг аж. Эхэн үедээ охид, хүүхнүүдийг гэр бүлийн зуучлалаар хуурч бусад орон руу бэлгийн мөлжлөгт ашиглахаар худалдаалдаг байжээ.

Улмаар энэ төрлийн гэмт хэрэгт Тайланд, Индонезийн хамтаар тэргүүн эгнээнд бичигдэж, гол худалдан авагчаар БНХАУ, Тайвань, БНСУ нэрлэгдсэн байдаг. Гэхдээ дөчин жилийн өмнөхтэй өнөө үеийн байдал хол зөрнө. Зөвхөн охидын биеийг үнэлэх нь хүн наймаалагчдын гол ажил биш болжээ.

Барууны хөгжилтэй орнуудад сахар, зүрх судас, бусад төрлийн хөгжил дагасан өвчнүүд огцом нэмэгдсэн юм. Үүнээс үүдэж Ази дахь хүний наймаачдын бүлэглэлүүдтэй тэдгээр орны баян хэрэглэгчидтэй хамтарч ажиллаж эхэлснээр бие, эрхтэний наймааны эхлэл тавигдсан түүхтэй.

ГАДААДАД ГУЙЛГА ГУЙЖ БАЙНА

Швед улсад Монгол хүүхдүүд гуйлга гуйн амь зогоож байгаа тухай манай улсын холбогдох газар тус улсаас мэдээлжээ. Үүнд, тус улсын цагаачлалын албаны олж тогтоосноор Монгол Улсын насанд хүрээгүй 15-17 насны долоон хүүхэд гудамжинд гуйлга гуйн амь зууж байгааг мэдээлжээ.

Улмаар Монгол руу эдгээр хүүхдийг шилжүүлэх эсэхийг тодруулсан байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал эдгээр долоон хүүхдийг буцааж хүлээн авах боломжгүй гэж үзвэл Шведийн тал эдгээр хүүхдийг насанд хүртэл нь өсгөж, хүмүүжүүлнэ гэжээ. Чухам яагаад хэн гэгч хүний хүүхдүүд гудамжны амьдралтай болсныг ч тус улсын холбогдох байгууллага олж тогтоожээ.

Албаны хүмүүсийн ярьж байгаагаар гудамжинд амьдардаг гэх тодотголтой хүүхдүүдийн дийлэнх нь хүүхэд асран хүмүүжүүлэх олон улсын болон дотоодын байгууллагуудын хараа, хяналтад орсон гэж байна. Гэтэл яг хүүхдийн төлөө байгууллагуудын хяналтад хичнээн өсвөр насныхан хүмүүжиж байгаа тухай баримт байдаггүй.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОГСДЫН ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХЭД

Он гарсаар манай улсын хэмжээнд хүүхэд эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох явдал ихэсчээ. Тухайлбал, энэ оны байдлаар 71 хүүхэд нас барж, 551 хүн гэмтэж бэртжээ. Мөн өнгөрсөн зуны байдлаар траншейны хүүхдүүд гэмт хэргийн сэдэл, үйлдлээр өмнөх онуудтай харьцуулахад эрс зэрлэгшсэн байна.

Т.Батсугар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих