А.Гансүхэд хилийн хориг тавьсан нь үнэн

1621

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүхийг гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл гараад удаж байгаа.

Тодруулбал, тэрбээр зургаадугаар сарын 16-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан гэх. Зарим эх сурвалж түүнийг яллагдагчаар татсаны дараа хилийн хоригтой байхдаа гадаад руу оргон зугтсан хэмээн мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан УМБГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “2016 оны сонгуультай холбоотойгоор гадаадаас туршлага судлуулахаар явуулах хүсэлт УИХ-ын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнаас УЕП-т ирсний дагуу хилийн хоригийг түр цуцалж явуулсан байна. Хэрэв сонгуулиар далимдуулан оргон зайлж, хугацаандаа ирэхгүй бол Интерполд хандан, эрэн сурвалжлуулж баривчилна” гэж ярьсан юм. Тэгвэл өөр нэгэн баттай эх сурвалжийн хэлснээр “А.Гансүхэд хилийн хориг тавьсан нь үнэн. Хилээр гарах боломжгүй хүн гадагшаа хаашаа явдаг юм бэ” гэсэн юм. Харин дээрх мэдээлэлүүд гарсны дараа А.Гансүх өөрөө тайлбар хийсэн байгаа юм. Тэрбээр “Хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. “Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ” гэх мэтээр…Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Изриал улс руу очих ёстой. Тухай бүрт хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээд явдаг.

Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй” гэжээ. Хэргийн талаар эргэн сануулахад, Шинэ төмөр замын ажлаас их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр өнгөрсөн оны сүүлээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан шалгаж эхэлсэн. Уг хэрэгт холбогдуулан А.Гансүх, Женко Х.Баттулга нарыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн бол одоо яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасанчлан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм. Мөн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажлын хэсэг хамтран шалгаж байгаа ажээ.

О.Сайхан   Эх сурвалжийн линк: http://www.zaluu.com/read/855f4d54


URL:

Сэтгэгдэл бичих