Гадаад паспорт захиалахын тулд 100 айлыг зорих шаардлагагүй
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.
Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах ажээ.
Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд хэрэв тийм тохиолдолд тус байгууллагын Зуун айл дахь Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.
Бүрдүүлэх материал:
1. Анх удаа авч байгаа бол:
– иргэний үнэмлэх
– төлбөр төлсөн баримт
2. Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:
– хуучин гадаад паспорт
– иргэний үнэмлэх
– төлбөр төлсөн баримт
Харин захиалагч эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстой гэнэ.
unuudur.mn
URL: