Отгонтэнгэр хайрхныг тахих ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов. Өнө эртний түүхтэй Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын идрийн барилдлагатай хөхөгчин могой өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Түвдэндорж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, О.Чулуунбилэг, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар болон орон нутгийн удирдлагууд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Наро вачин гэгээнтэн, Жалханц хутагт нарын шашин номын зүтгэлтнүүд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Ламчодов”, “Жигжид”, “Очирваань”, “Юлтий” зэрэг ном хурж, Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.
2016 оны долдугаар сарын 22-нд Отгонтэнэр уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуврагууд жавдандаа сууж, Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Гурван-Эрдэнэ, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн очив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Завхан аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.
1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй. Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй. Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ. Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна” гэлээ.
Түүний дараа хуврагууд “Морины сэтэр” ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Отгонтэнгэр ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Бор морийг Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн малчин Б.Баттулгын адуун сүргээс сонгосон байна.
Отгонтэнгэр уулыг эртнээс нааш тахиж “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж хүн зон олон идээнийхээ дээжийг өргөн сүслэж ирсэн түүхтэй Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм.
eagle.mn
URL: