Загвар өмсөгч О.Пүрэвдулам: Нүцгэн зургаа авахуулах санал ирдэг ч эрс татгалздаг
Загварын үе үеийн моделиудаас рок попын тайзруу багын мөрөөдлөө хөтлөн орсон О.Пүрэвдулам жилийн өмнөөс дуулж эхлэсэн. Зар сурталчилгааны салбарт хамгийн эрэлттэй моделийн нэг тэрээр рок попынхонд этгээд содон өнгө нэмэхээр зүтгэж байгаа.
Модель хүнд байх хамгийн гол үнэт зүйл болох хувирал сайтай түүний төрх олон олон face илтгэдэг. Ингээд түүнтэй ярилцлаа.
-Загварын тайзнаас Рок попт урвасан зам хэр дардан байна? Уран бүтээл арвин болж байна уу?
-Би моделийн чиглэлээр 8 жил тасралтгүй ажилласан. Багадаа дуучин юм уу эмч болно гэж мөрөөддөг байсан. Харин ээж
маань эмнэлгийн хүн болохоор намайг эмч болгох хүсэлтэй байсан. Аавын талынхан гоё дуулдаг учраас би ч бас багадаа дуулдаг байлаа.
Хамтлагийнхаа Тунгаатай хэдэн жилийн өмнөөс ярьж байгаад хамтлагаа байгуулсан. Гадаадад загвар өмсөгчид нь шоу бизнес гэдэг утгаараа хамтлагтай карьер хөөсөн байдаг. Манай Тунгаа тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн, бид хоёроос туршлагатай, хоолойны чадалтай.
Нөгөө гишүүнийг маань Туяамаа гэдэг “Шилмэл загвар”-ын модель. Туяамаа маань “Мисс Монголиа” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч байсан, хөгжмийн авъяастай. Бид 6 сард анхны клипээ үзэгчиддээ хүргэсэн. Электро транс чиглэлээр уран бүтээлээ хийдэг.
Энэ чиглэлээр уран бүтээл хийдэг дуучид, хамтлагууд ховор байдаг. Загварын охидын хамтлаг гэдэг утгаараа бусдаас илүү загварлаг арай өөр байя гэсэн зорилго тавьж байгаа.
-Бүтэн жилийн хугацаанд хийсэн бүтээлдээ хэр сэтгэл хангалуун байна?
-Хамтлагаа байгуулсан даруй хоолой бүжгийн бэлтгэлдээ орсон. Хамгийн анх “Би чам руу” нэртэй дуугаа бичүүлсэн. Энэ дуу шинэ жилийн үеэр телевизүүдээр цацагдсан. Надад тэр үед кинонд тоглох санал бас ирсэн. Хамтлаг байгуулсныхаа дараа бие дааж Freedom уран бүтээл хийсэн.
Дуундаа клип хийж амжаагүй. FM-үүдээр нилээн цацагдаж чатын 4-р байранд орж санаандгүй амжилт дагуулсанд урамшсан. Яах ёстой вэ гэдэг дуугаа шинэ жилийн үеэр тоглолтуудад дуулсан. Манай хамтлагийн гишүүн сургуулиа төгсөх гээд клипний ажил түр хойшлогдоод 6 сард үзэгчиддээ хүргэсэн.
Одоогоор нийтдээ 6 дуутай. Одоо 10 сарын 6-нд болох томоохон тоглолтон дээр дуулна. Энэ сардаа багтаад шинэ дуундаа клип хийх бодолтой байгаа.
-Загвар өмсөх, дуулах гэдэг тэс өөр. Анх олны өмнө дуулахдаа хэр нүүр хагарсан байв?
-Хамгийн анх “Төгс ертөнц” загварын нэвтрүүлгийн шинэ жил дээр дуулж байсан. Тайзан дээр нүүр хагарсан туршлагатай ч дуулж байхдаа ямар нэгэн алдаа гаргачихвал яана гэсэн айдастай байсан.
-Рок попын охидын өрсөлдөөний талбар дахь “Киви”, “3 охин”, “Sweetymotion” хамтлагуудаас та нар яаж илүүрхэх вэ?
-”Киви” хамтлаг гэхэд л 6, 7 жил уран бүтээлээ туурвисан өөрсдийн байр суурьтай, фенүүдтэй хамтлаг. Манай хамтлагийхан урлагийн чиглэлээр суралцаагүй хүсэл сонирхолоороо нэгдсэн. Бид өөрсдийн алдаа дутагдал дээрээ ажиллахыг хичээсэн.
Давуу тал гэвэл манай хамтлагийн гишүүд их дайчин нэг сэтгэлтэй байж санаа нийлж ажиллаж чаддаг. Анх гарч ирэхдээ бид ямар нэгэн компанитай хамтарч ажиллаагүй. Тоглолтонд оролцохдоо зарим нэг компанид гэрээгээр дуулдаг.
Компаниуд бизнесийнхээ нүүр царай болгох санал тавьдаг л даа. Монголын шоу бизнес, урлагийн ертөнц их хөгжиж байна. Урьд нь цөөхөн охидын хамтлагтай ямар ч өрсөлдөөн байдаггүй байсан. Одоо шинээр залуу хамтлагууд гарч ирж байна. Ингэж байж л өрсөлдөөн бий болж, шоу бизнес хөгжинө.
Гадны ихэнх орнууд моделийн чанартай сургалт явуулдаг. Сургалтандаа жүжиглэх, бүжиглэх, наад зах нь чадварлаг зураг авахуулах зэрэг туршлагатай болдог. Кино найруулагчид, продакшнууд нь сонгож, шалгаруулж аваад кинонд тоглуулдаг. Авъяас чадвартайг нь сонгож хамтлаг болгодог.
Ер нь загварын чиг хандлага, Монголд их сүүлд хөгжсөн. Бусад оронд загвар урлаг гэдэг талаасаа хөгжсөн байдаг.
-Өнгөрсөн “Гоёл” наадамд та илүү өөртөө итгэлтэй, бэлтгэл ч сайтай харагдаж байсан?
-Жил бүр “Гоёл”-д сайн бэлдэж, нилээн бэлтгэлтэй оролцдог. 11 сараас эхэлж моделиуд бэлдэж эхэлдэг. Шинээр оролцох гэж байгаа шинэ моделиудаа сургаж бэлтгэж эхэлдэг. Тэр болгонд нь бид нар ч бэлтгэлтэй байх хэрэггэй. Хуучин “Гоёл”-д оролцож байсан туршлагатай моделиуд тэр болгон бэлдээд байдаггүй.
Миний хувьд жилдээ ганц удаа болдог томоохон загварын шоу гэдэг утгаар нь ихээхэн ач холбогдол өгдөг. Бэлтгэлдээ сайн хамрагдаж, өөртөө итгэлтэй оролцдог.
-”Тод модель” шалгуурт илүү ахиц өөрчлөлт оруулмаар санагдах үе байх уу? Шалгаруулалтын дараа уйлж жүжиг тавьдаг хүмүүс олон болохоор л асууж байна?
-Шалгуур гэвэл нэгдүгээрт туршлагатай, чадвартай, эрч хүчтэй, олны танил болсон хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн гэх мэт их өндөр шалгууртай. Тухайн жилдээ бусдаасаа ялгагдах онцлогтой, илүү чадвартай, Монголд зохиогдож байгаа загварын шоу, томоохон реклам сурталчилгаанд эрэлт ихтэй байх гээд нилээдгүй шалгууруудыг тавьдаг. Мэдээж тэр хүний авъяас чадварыг хүмүүс мэддэг, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг утгаараа загвар өмсөгчдийн эрэлт ихэсдэг.
-Өрсөлдөгчийнхөө атаа жөтөөнд өртөж тэвчих аргагүй байдалд орж байсан уу?
-Надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Дээр үед л иймэрхүү хов жив сонсогдож байсан. Олон эмэгтэй хүмүүс хамтарч ажилладаг газар хов жив зөндөө гарч байдаг. Ер нь загварынхан ч гэлтгүй урлагийнханд ч асуудлууд их гардаг.
-Одоо бол ид танай үе л гол дүр эзэгнэж байгаа биз дээ?
-Шинэ моделиуд их болсон. Би анх Гоёлд 2004 онд оролцож байсан. Тэр үед Сэлэнгээ, Хонгороо гээд тавуулаа шалгарч байсан. 80 моделиос 4 үе шаттайгаар шалгаруулж авдаг одоогийнхийг бодвол шалгуур их өндөртэй байсан. Одоо шинэ моделиуд олон шалгуурыг давдаг цаг өнгөрчихсөн.
Загварын курс төгссөн ч стандарт шаардлага хангавал тэнцдэг болсон. Миний хувьд загварынхантайгаа бүгдтэй нь гайгүй харьцаатай байдаг. Дотно нийлээд байдаг хүн ховор. Хамгийн сайн найз маань Сэлэнгээ.
-Та нэг хэсэг олон рекламанд тоглож байсан. Одоо бол уран бүтээл илүү байх л даа?
-2009 онд бас гоёлын фото моделийн шагнал авч байсан. Энэ шагналууд маань фото моделийн хувьд нилээн том амжилт. Тэр үед их ачаалалтай ажилладаг байсан.
“Мобиком” компанитай гэрээгээр ажиллахаас гадна бусад компаниудынх нь рекламанд тоглосон байсан. Сүүлдээ миний тоглоогүй реклам ч байхгүй болсон. Холбооныхоо хуралд рекламанд орж байна шүү гэж тоглоомоор шүүмжлүүлж байсан. Олон ч газруудаас санал авч байсан.
Хамгийн анх “Гранд” хамтлагтай хамтарч ажиллаж байсан. Уржнан жил “Шилмэл загвар”-т багшилсан. Өөрийнхөө шавь нараа фото чиглэлээр мэргэшүүлсэн гэж боддог. Зөвхөн тайзан дээр сайн fashion моделиуд зураг авалтан дээр өөртөө итгэлгүй, хөшүүн, өөрийгөө илэрхийлж чадахгүй зүйлүүд их гардаг.
Гадаадын моделиуд fashion шоунд оролцохоосоо илүү том брэндийн нүүр царай болоод зураг авалтаар илүү их орлого олдог. Монголд сүүлийн нэг, хоер жилиин хугацаанд энэ чиглэлийн ажил их хөгжиж байгаа. Тэрнээс өмнө хэцүүхэн байсан. Моделиудын хөдөлмөрийг үнэлэх тал дээр дутмаг байсан.
-Тэр бүгдэд хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадсан уу?
-Чадсан гэж бодож байгаа. Тэр үед надаас ч илүү моделиуд зөндөө байсан. Миний тоглож байсан рекламууд их өндөр шалгууртай байсан. Бүх моделийн агентлагуудын 500 , 600 хүнээс шалгаруулж авдаг. Тэр үедээ шалгаруулалтанд нь тэнцсэндээ их баяртай байсан. Үнэлэмж нь ч их өндөр байсан.
Тэгэхэд хамгийн анх удаа өндөр цалин авч байсан.
-Таны үеийн моделиуд ихэнх нь гадагшаа гарч хувийн амьдралаа хөөх болсон. Энэ талаар бодох үе байв уу?
-Хамтлагийн ажил гээд, сургуулиа төгсөх гээд их завгүй байгаа. Хэрэв яг тэгж бодож байсан бол жилийн өмнө арай өөр шийдвэр гаргах байсан байх. Гадны нэг агентлаг руу анкетаа явуулж байсан. Тэрэнд нь тэнцээд жилийн хугацаатай хамтарч ажиллах гэрээ ирж байсан. Яг цагаа тулсан чинь би өөрөө яваагүй. Ер нь бодож байгаа юм гэвэл мастерт гадаадад суръя гэж бодож байна.
-Пластик гоёлыг ямраар хүлээн авдаг вэ?
-Яг одоогоор хийлгэнэ гэсэн бодол байхгүй. Би ийм зүилд их дурамжхан ханддаг. Миний бодлоор сэтгэл дундуур байдаг юмаа янзлуулчихаад өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг бас эмэгтэй хүний хувьд сайхан мэдрэмж.
Мэргэжлийн моделиуд суралцагч моделуудаасаа арай өөр. Монголын дизайнеруудын холбоо гэрээний 30 модельтэй.1 ,2,3-р зэрэглэлийн мэргэжлийн түвшний мэргэшсэн моделиудтай болохоор алдаа гаргахгүй туршлагатай. Гэхдээ моделиудаа өндөр шалгуураар шалгаж авдаг.
Тийм учраас моделиуд нь байнгын бэлтгэлтэй байдаг. Моделиудынхаа жинд нь анхаарал хяналт тавьж нэгдсэн журмаар фитнест явуулдаг.
Миний хувьд учиргүй турж, таргалж огцом өөрчлөгдөж байгаагүй. Байнгын хөдөлгөөнтэй байдаг. Заавал фитнест явахгүйгээр гэртээ ч дасгал хийдэг. Эмэгтэйлэг байдлаа хадгалж, турах биш жингээ барих гэж дасгал хийдэг. Ер нь би цаг үргэлж хамтлагийн ажил, клипний зураг авалт гээд ийш тийшээ гүйж байдаг.
Хоол сойж турна гэдэг зөв турах арга биш. Хамгийн гол нь зөв, эрүүл хоолны дэглэм барих, хөдөлгөөнтэй байх. Амарч байхдаа охидууд өөртөө анхаардаггүй форм алдаад ирдэг. Гэртээ байсан ч хөдөлгөөнтэй байх хэрэгтэй ядаж гэрээ цэвэрлээд л. Би цагаар хооллодог. Кофе, газтай ундаа огт хэрэглэдэггүй. Биед хэрэгтэй гэдэгүүднээсээ цай их уудаг, давс бага хэрэглэдэг
-Загвар өмсөгч хүнтэй брэнд ярилгүй өнгөрч болохгүй байх?
-Загвар хөгжихийн хирээр хүмүүс их брэнд гэж ярьдаг болсон. Энэ нь нэг талаараа зөв ч. Ялангуяа залуучууд хэтэрхий их брэнд, үнэтэй юм хэрэглэхийг зөв гэж боддоггүй. Би fashion гэж туйлширдаггүй. Гэхдээ бүр огт хэрэглэдэггүй гэж хэлэхгүй. Хувцасаа хэр тохируулж өмссөн хүн гоё харагддаг.
Зарим нь хэтэрхий брэндээр евчилдөг нь утгагүй санагддаг. Хувцасаа тохируулж өмссөн байна вэ гэдэг нь чухал болохоос хэдэн төгрөгний үнэтэй вэ гэдэг нь сонин биш гэж боддог.
-Гэнэтхэн олны танил болж, бусдын нүдэнд өртөх амаргүй юу?
-10 жилд байхдаа л рекламанд тоглодог байсан. Сургуулийнхан бүгдээрээ намайг мэддэг байсан. Би даруухан, их дуу цөөтэй хүүхэд байсан. Хүн болгонтой нээлттэй харьцдаггүй. Хичээл тараад л гэртээ харьдаг хүүхэд байсан. Хүүхдүүд хажуугаар нь явахаар миний тоглосон реклам, клипний дууг тавьдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд их тохиолддог байсан.
Загварт орохын өмнө өөрийгөө зөвөөр бүрэн дүүрэн илэрхийлэх тал дээрээ их дутмаг байсан. Миний эмээ их мундаг хүн байсан.Намайг 6 настай байхад хоол хийхийг зааж өгч, багаас минь ажилд сургасан.
-Тайзан дээр хамгийн задгай ямар загвар өмсч байв? Магадгүй дотуур хувцасны шоунд ч юм уу?
-Хагас нүцгэн болон нүцгэн зураг авахуулахыг эсэргүүцдэг. Тиймэрхүү саналууд их ирдэг ч эрс татгалздаг. Дизайнерийн үгийг дагах нь модель хүний үүрэг байдаг. Гэхдээ дизайнер маань ил задгай хувцас хуваарилсан байсан ч би өмсөх боломжгүй гэдэг.
Хамтлагийн хувьд хүмүүсийн анхаарлын төвд байгаа загвар өмсөгч охидын стиль, имиж ямар байх нь вэ гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Электро чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байгаа учраас яавал өвөрмөц харагдах вэ гэдэг утгаараа этгээд, авангард эмэгтэйлэг стилиэр хувцаслана гэж бодож байгаа.
Клипнээсээ шалтгаалаад иймэрхүү хувцас өмсөхийг үгүйсгэхгүй.
Г.Цэнд-Аюуш
URL: