Үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдыг урамшууллаа
Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн алба хаагч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг. Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албын хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон. Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: