“Бумбаны тахилга” 28-наас 30-ны өдрүүдэд болно

17

Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” 2016 оны 07-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно. Уг үйл ажиллагаанд Энэтхэг улсын номын их багш Күндэлин Ренбүчи болон Гоман дацангийн гэвш лхаарамба лам нар уригдан ирж оролцоноМөн 2016 оны 07-р сарын 31-ний ням гаригт Тайж хайрхан уулын уламжлалт тахилга болох юм. Тиймээс “Бумбаны тахилга” арга хэмжээнд оролцох хүсэлтээ хүмүүсийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс бүртгэж эхэлсэн байна.  Тахилгын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг 99050052, 99794601 дугаарын утсанд холбогдож авах боломжтой юм.

 Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай аж.

Бумба түүний утга учир

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна. Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг. Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншилагаар равнай үйлдэж бүтээл хийдэг.

 

Намсрай бурханы бумба

Намсрай бурхны бумбыг бүтээн залж тахисны ач тус нь аливаа бүхний хишиг буян, эд эдлэлийг хурайлан дуудаж элдэв өлзий бусыг арилган ертөнц дэх түмэн зүйлийн ядуурал хоосролоос бүрэн ангижруулж эд эдлэл хишиг буянаар цаг ямагт тэтгэж байхыг бэлэгдсэн байдаг тул бүтээн залж шүтэх нь нэн тустай.Үүний бүтээлийн тарни нь Ум Вээ Шарма Наяа Суухай.

Гонгор бурханы бумба

Гонгорын бумбыг шүтэхийн ач тус нь есөн ариун хүслээр эрдэм билэг, нас, хишиг буяны үйл зөнгөөрөө ундран дэлгэрч, ариун цагаан буян бүгдийг хурайлан асгаруулж байхын бэлэгдэлтэй төдийгүй Гонгор бурханы бумбыг бүтээж залсан газар орон, айл өрх бүхэнд үгүйрэл хоосролын үйл бүхэн хаагдаж, үр удам хойч үе бүхэндээ хишиг буян нь өрнөн дэлгэрч, өөдлөн дэвжиж байхын ерөөлтэй бөгөөд гол утга санаа нь хүмүүний үйлдсэн арван цагаан буяныг цаг алгасалгүй үе удам дамжуулан дэлгэрүүлж байх тул үүнийг бүтээн залсны ач тусаар хотлоороо цаглашгүй их буян хишиг хурайлдаг увдистай.Үүний бүтээлийн тарни нь Ум Гүрү Маха Гала Хара ни Са Сидин За.

Замбала бурханы бумба

Замбала бурхны бумба бүтээн залахын ач тус нь нэн их бөгөөд үүнийг ихэвчлэн ариун цагаан хөдөлмөр, буянтай үйл бүхнийг үйлдэж, ашиг оролого олж байгаа эрхэм хүмүүний мөнгөн сан хөмрөгийг дэлгэрүүлэхэд бүтээн залдаг учиртай. Иймд бусдын тусын тулд ариун үйлс, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй хэн хүн бүхэн энэхүү Замбала бурханы ариун бумбыг бүтээлгэн ёсчлон тахиваас сайн үйл бүхнээр олсон мөнгө төгрөг нь хурайлан тогтож , бие нас болон эд эрхтний хүч нь дэлгэрч мөнгөний эзэн Замбала бурханы хайр ивээл адис жинлаваар өнгөжин жавхаажиж өрнөн дэлгэрч, эд мөнгөний гарлагагүй мөнгөн сан хөмрөг нь үржин дэлгэрч байхын увдистай болой.Үүний бүтээлийн тарни нь Ум Замбала Залин Даяа Суухай.

Ногоон дарь эхийн бумба

Ногоон дарь эхийн бумба нь 21-н ногоон дарь эх бурхны үүднээс бүтээсэн байдаг бөгөөд ихэвчлэн насны буян хишиг тогтоож нас уртасгахыг бэлэгдэн залдаг ба үүнийг насны бумба гэх нь ч бий. Ялангуяа бага насны хүүхнүүдийн өвчин эмгэг, ад зэтгэр зэргийг хаах ба хөгшид, эмэгтэйчүүд, эхчүүдийн насан хутаг дэлгэрч амар амгалан төрөх хийгээд үрийн заяаг тогтоон дэлгэрүүлж, насан бие бататгах үүднээс хурайлан бүтээдэг. Ногоон дарь эхийн бумба залсан газар оронд буяны сэтгэлээр санасан аливаа ажил үйлс зөнгөөрөө бүтэж хишиг буян дэлгэрч амь насан дэлгэрэхийн нигууртай тул ёсчлон тахин шүтвээс нэн зохилтой болой.Үүний бүтээлийн тарни нь Ум Дари Дү Дари Дүрэ Суухай.

Лусын бумба

Лусын бумбыг газар орны эзэн лус савдгын үүднээс бүтээл хийж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн догшин газар ус, лус савдгыг аргадах, баясгах зэрээр лус оршсон уул овоо, газар усанд зориулан бүтээнэ. Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дугана бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялагыг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан тахихад нэн сайн. Үүнийг байгууллага болон орон гэртээ залваас лусын хорлол хөнөөл үл халдах бөгөөд хишиг буяныг хурайлан дуудна. Газар орны эзэд, лус савдаг тэргүүтэнүүд нь хүний энэ насны ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусын бумбыг шүтэн залсаны ач тус нэн их.

Үүний бүтээлийн тарни нь Дадяата Ум Дата Гада Вага Вана Нага Раза Шара Адис Тиди На Адис Тиди Суухай.

16

18

19

Эдийн бумба

Эдийн бумба нь бүтээлийн хувьд дээрх олон төрлийн бурхад болох Намсрай, Гонгор, Замбала, Ногоон дарь эх, Лусын бумба зэргийг бүтээхэд ордог ариун нандин зай, зий, эрдэнэ, амуу, юнгар зэрэг гайхамшигт хольц жорнуудыг нэгтгэн дээрх бурхнуудын бүтээлийг урин залж дүвэлсэн бумбануудыг эдийн бумба гэж нэрлэж байгаа болно. Эдийн бумбыг шүтсэний ач тус нь дээрхи олон төрлийн бурхдын бүтээлийн бумбануудыг бүгдийг нь нэгтгэн шүтсэнтэй агаар нэгэн адил бөгөөд хүмүүний энэ болон хойч үеийн цаглашгүй их хишиг буян, амь нас, эд эдлэлийг дэлгэрүүлэн үгээгүй ядуу хоосны гэмийг арилгаж бүхнийг амирлуулж гарзын үүдийг хааж хишиг буяныг 10 цагаан замаар нь аривжуулан дэлгэрүүлдэг учраас дээдлэн шүтэх нь нэн чухал болой.Үүний бүтээлийн тарни нь Ум Барма Дүда Арьяа Замбала Чинда Яа Суухай.Бумба бүтээх

Бумбаны хоосон саванд олон төрлийн зай, төрөл бүрийн бурханы дээж, есөн эрдэнэ, үнэт эдлэлийн дээжис, амттан, олон төрлийн үнэртэн зэргийг нэгтгэн хольж хийгээд битүүмжлэн таглах 5 өнгийн торго даавуу зэргээр хучих 5 өнгийн утсаар асарлан баглах лац, тэмдэг тавьж уншлага, равнай үйлдэхэд бэлэн болсоныг бумба бүтээх гэж нэрлэнэ. 5 өнгийн хучлага нь 5 тансаг идээ 5 махбодийн бэлэгдэл болдог учиртай.

Бумба равнайлах

Дээрх олон төрлийн эд зүйлийг нэгтгэн хольсон бумбанд зориулан тусгайлан уншлага уншихыг равнайлах гэж нэрлэж байгаа болно. Равнай гэдэг нь “Машид оршоох” гэсэн утгатай төвд үг бөгөөд бурхадын адис жинлав, шид бүтээлийг бурхадын болон эд зүйлст сайн энерги оршоохыг хэлж байгаа болно.

Бумба бүтээх уншлага

Бумбаны бүтээлийн уншлага гэдэг нь тухайн бурхадын өмнөөс нэрлэн бүтээсэн бумбануудад зориулан уншлага үйлдэхийг бумбаны бүтээлийн уншлага гэж нэрлэж байгаа болно. Тухайлбал, Намсрай бурханы өмнөөс бүтээсэн бумбанд Намсрай бурханы уншлага, Гонгорын бумбанд Гонгор бурханы, Ногоон дарь эхэд дарь эхийн уншлага, Лусын бумба болон эдийн бумба зэрэгт тухайлсан бурхадыг тахил өргөх уншлага үйлдэх нь бумбаны бүтээлийн уншлага болно.

Бумбаны тахилга

Бумбаны тахилга үйлдэхэд хэд хэдэн чухал зүйлүүдийг анхаарах ёстой бөгөөд юун түрүүнд бумбаны тахилгыг үйлдэж байгаа лам хуврагууд тухайн тахилгын хугацаанд мацаг барьж махан хоол идэхгүй байх төдийгүй цагаан хоолоор хооллох тахилгыг хийх ёстой мөн түүнээс гадна бумба тахиулж буй бумбанд эзэд хэд хэдэн чухал зүйлүүдийг мөн анхаарах ёстой ба тухайн залж тахиулах гэж авч ирж буй бумбандаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Үндэстэн агентлаг 


URL:

Сэтгэгдэл бичих