Засгийн газрын шинэ бүтцээр 1238 хүн ажилгүй болно
Засгийн газрын бүтцийг 100 хувийн саналаар дэмжлээ-
УИХ-ын чуулган өчигдөр цаг сунган хуралдлаа. Хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, дэмжсэн. Мөн УИХ-ын даргаас санал болгосны дагуу Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо. Хэлэлцүүлгийн явцад гишүүд зээлийн хүүг бууруулах, банкуудын монополь байдлыг багасгаж, гадаадын банкийг тодорхой хэмжээгээр зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг асуудлыг ярьсан юм. Мөн ажлаа өгч буй ерөнхийлөгч Н.Золжаргал чуулганы танхимд хүрэлцэн ирж, ажлаа тайлагнах ёстой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкны удирдлагын бас нэг бүтэц болох Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн асуудлаа яаралтай шийдвэрлэж, бүтэн багаараа ажиллахыг сануулсан юм.
Шинээр томилогдсон ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд 1982 ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 онд Москва хотын Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. 1992-2008 он хүртэл тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, УИХ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж явсан туршлагатай. Гишүүд санал нэгтэйгээр Н.Баяртсайханыг Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр томилж, амжилт хүссэн. Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ үеэр “Монголбанкны ерөнхийлөгчийн үзэгний үзүүр дээр ард түмний амьдрал байдаг юм шүү” хэмээн санууллаа.
Дараа нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Шинэ бүтцээр Засгийн газар 13 яам, 16 сайдтайгаар ажиллана. Мөн дэд сайдын орон тоог дахин бий болгож, Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яамдад хуваарилахаар тусгаад байгаа юм. Тодруулбал, Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болгон өөрчилнө. ХаринХөдөлмөрийн яамны тухайд нийгмийн хамгааллын яамтай нэгтгэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг шинээр байгуулах аж.
- Монгол Улсын Ерөнхий сайд;
- Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
- Зам, тээврийн сайд;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд.
Худалдан авах ажиллагааны газар, Тахарын албыг татан буулгана
Агентлагуудын тухайд Засгийн газрын тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгажээ. Үүний дотор Гааль, татварын ерөнхий газрыг салгаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг дахин сэргээнэ. Мөн Бүртгэл, статистикийн газрыг хоёр салгаж, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудын үйл ажиллагааг тусад нь гаргахаар тусгажээ. Тахарын алба, Худалдан авах ажиллагааны газруудыг татан буулгаж, Төрийн өмчийн хороог дахин байгуулах зэргээр шинэ бүтцэд тусгасныг УИХ дахь сөрөг хүчний гишүүдийн зүгээс шүүмжиллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шинэ Засгийн газар аж үйлдвэрийн бодлогыг үгүй хийж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн шинэ Засгийн газрын бүтэц нь УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал зэрэгтэй зөрчилдөж байгааг сануулсан юм. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хэдийгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулж, үндсэн чиг үүргийн яам болгож байгаа нь сайн хэрэг ч Хүний хөгжлийн бодлогыг яагаад орхигдуулав” гэдгийг тодруулсан.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тайлбарласнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэрэнд Хүний хөгжил гэдэг үг ороогүй байлаа гээд энэ чиглэлийн бодлогогүй болно гэсэн үг биш гэнэ. Яамны хэрэгжүүлэх чиг, үүрэгт хүний хөгжлийн бодлогыг тусгаж өгсөн гэлээ. Түүнчлэн Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж байгаа ч чиг үүргийг нь Уул уурхай болон Хүнс, хөдөө аж ахуйн яаманд шилжүүлж байгаа учраас үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулахгүй гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ үеэр “Шинэ бүтцийг баталлаа гэхэд хэчнээн төрийн албан хаагч ажилгүй болох вэ. Тооцоо судалгаа байна уу” гэдгийг асуусан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Шинэ бүтцээр 1238 хүн орон тооны цомхотголд орж, халагдахаар байгаа. Эргээд шинэ бүтэц маань 360 гаруй хүний шинэ ажлын байрыг бий болгох боломжтой” гэлээ.
Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны саналаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураалгахад 58 гишүүн санал хураалтадоролцож, 100 хувийн саналаар дэмжсэн.
http://eagle.mn/r/14296
URL: