УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томилов
УИХ-ын чуулганы өнөө оройн хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудлыг авч хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөхөөр болсон гэдгийг дуулгаад түүний оронд Ц.Цолмонг томилох асуудал хамт орж ирсэн гэдгийг танилцуулав.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан ба байнгын хороо томилгоог дэмжсэн гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюуртсайхан энэ үеэр, “Нэр дэвшигчийн ах нь УИХ-ын Тамгын газарт ажилладаг юм байна. Ингэхээр тодорхой ашиг сонирхолын асуудал үүсч байна. Үүнийг яаж шийдэх гэж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Ц.Цолмон энэхүү асуултад, ”Миний төрсөн ах Ц.Цэрэн УИХ-ын Тамгын газар ажилладаг нь үнэн, 22 жил төрд ажилласан төрийн албан хаагч юм. Одоогоор ах дүүс нэг байгууллагад хамт ажиллаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах, хууль сурталчлах төсвийг УИХ-ын өмнөх дарга танасан. Үүгээрээ УИХ-ын гишүүдийн эрхэд халдсан үйлдэл болсон. Үүнийг залруулах ёстой гэсэн саналаа хэлсэн.
Дараа нь Б.Болдбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 96.9 хувь дэмжив. Харин Ц.Цолмонг орны хүнээр тавих эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх буюу 100 хувийн санал авав.
unuudur.mn
URL: