Р.Пүрэвдагва: Өндөр даваанд хүрч барилдах замыг монголчууд маань засаж өгсөн гэж бэлгэшээж явна

3431

Шинэ арслан Р.Пүрэвдагватай ярилцлаа. Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “тод өнгө” нь тэр байв. Зоригтой, дайчин барилдаантай, хэнийг ч ялан дийлэх чин хүсэлтэй бөх бол Р.Пүрэвдагва. Тэрбээр өвдөг хэдийнэ шороодсон ч, сэтгэлдээ өрсөлдөгчөө үргэлж ялдаг байж мэднэ.

-Үндэсний их баяр наадамдаа урамтай сайхан барилдаж, ес даван үзүүрлэж, арслан цол хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Монголчууд маань дэлгэр зуны сайхан цагт Үндэсний их баяр наадмаа хийж, цэнгэн баярладаг уламжлалтай. Энэ жилийн наадам сайхан боллоо гэж монголчууд бүгдээрээ ярьж байна. Миний хувьд ч мартагдахааргүй сайхан наадам боллоо. Ардын төрийнхөө тэгш ойн наадамд ес даван үзүүрлэж, арслан цол хүртсэндээ баяртай байна.

-Хэдэн жил барилдаж, бэлтгэл сургуулилалт хийж ийм өндөр амжилтад хүрсэн бэ?

-Бага наснаасаа бөх болъё гэж мөрөөдөж байсан. Аварга, арслан, заан, начин цолтой том, том бөхчүүдийг харж, тэдний цолыг авах юм сан гэж битүүхэн бодож, эр хүний доторх эмээлтэй хазаартай морио уралдуулж явлаа. Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээндээ 10 жил харьяалагдаж, Өсөхөө аваргыгаа дагаж бэлтгэл сургуулилалт хийсэн байна. 10 дахь жилдээ улсын өндөр цол хүртлээ.

Бөх хүний амжилтад олон сайхан багш нар, дэмжиж тусалдаг албан байгууллага, пүүс компанийнхны хөлс, хүч шингэсэн байдаг. Амжилт гаргаж, тэднийхээ хөлс хүчийг талаар өнгөрөөгөөгүйдээ, итгэлийг нь даасандаа баяртай байна.

“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Алтан дорнод Монгол”, “Хера холдинг” компанийн хамт олон, “Бөх билэгт” дэвжээний манлай бөх, дархан аварга Г.Өсөхбаяр, багш, үнэн хүчит гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг болон нутгийн бөхчүүд, мөн хүчний бэлтгэлийн багш Л.Болдбаатартаа талархал илэрхийлье.

-Бөхийн спортод хөтөлж оруулсан анхны багш тань хэн бэ?

-Архангай аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Буян багш маань бөхийн эрдэм анх зааж байлаа. Энэ эрхэм хүний отгон шавь нарын нэг нь би. Багш маань чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн хурц арслан цолтой хүн байсан. Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьд тэргүүтэй Архангай аймгийн улс, аймгийн цолтнуудад анх бөхийн “а” үсгийг нь заасан буянтай хүн.

-Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд энэ жил наадмын бэлтгэлээ хаана базаав?

-“Бөх билэгт” дэвжээнийхэн энэ жил Дуган хадны амралтад бэлтгэл сургуулилалтаа базаасан. Уул, ус тэгширсэн сайхан хангай юм билээ. Дэвжээний бөхчүүдийн маань өнгө их сайхан байсан. Бөх хүн бүр улсын наадамд түрүүлж, үзүүрлэнэ гэж бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

Бүгд түрүүлж, үзүүрлэхийн төлөө нэгдэн, нэг хамт олон болж, бэлтгэлээ хангасан. “Бөх билэгт” дэвжээнийхэн өнгөрсөн хавар тэргүүнээ өөрчилж, сая УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Мөнхбатаар удирдуулах болсон. Итгэл, сэтгэл нийлж, хөдөлмөрлөсний хүчинд архангайчууд энэ жил сайхан наадлаа.

-Өнгөрсөн жил даншгийн наадамд барилдаж, түрүүлээд арслан цол хүртсэн. Үүнийхээ дараа даншгийн арслан цолоо улсын арслан цолоор ихэрлүүлэх боломж бий гэж ярьж байсан. Энэ жил өөртөө ямар зорилго тавьж байсан бэ?

-Жил бүрийн наадмаар л санаснаа гүйцээгээд, зорьсондоо хүрээд сайхан барилдъя гэж боддог. Монголчуудаа, нутгийнхнаа, дэмжиж тусалдаг хүмүүсээ баярлуулах юм сан гэсэн бодол үргэлж тээдэг. Энэ жил хүсэл маань биеллээ. Нэг нь давж, нөгөө нь өвдөг шорооддог наадам шүү дээ. Дараа жил дахиад л олон сайхан бөхчүүдийн маань нэг нь үзүүрлэж, нөгөө нь түрүүлнэ.

-Төрийн наадмын даваа бүр хатуу гэж ярьдаг. Энэ жил өрсөлдөгчид хүчтэй байв уу. 1024 бөх барилдсанаараа энэ жилийн наадам онцлог байлаа.

-За, Монгол Улсын шигшээ 1024 бөх барилдсан гэхэд хилсдэхгүй байх. Нэгийн даваанаас эхлээд өрсөлдөгч бүр хатуу байлаа. Бөхчүүд маань бүгд бэлтгэл сургуулилалтаа хангачихсан, өнгөтэй сайхан байсан. Хүч бяраа шавхаж, уран мэхээ уралдуулан сайхан барилдацгаалаа.

-Та шартай, хэнийг ч ялна, дийлнэ гэсэн сэтгэл зүйтэй, чин эрмэлзэлтэй барилддаг. Барилдахаар гарахынхаа өмнө өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Тамирчин хүн өөрийгөө хурцалж, ирлэж байх ёстой гэж боддог. Өөрийгөө хурцалсан сэтгэлийн дотоод хүч маань олонд илэрхий мэдрэгддэг байж магадгүй. Ер нь спортын тэмцэл зөв байх хэрэгтэй. Барилдааны үеийн хор шар таван минутын дараа л мартагддаг. Би үеийн болон залуу бөхчүүдэд иртэй барилдаарай гэж хэлдэг. Иртэй барилдаан нь бөх хүний зөв тэмцлийг агуулж байдаг.

-Долоогийн даваанд хүчтэй гарьд Б.Гончигдамбатай барилдсан. Хатуу боорцог гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэрхэн барилдъя гэж бодож гарсан бэ?

-Барилдаандаа л анхаарлаа. Бэлтгэл дээр давтаж байсан мэхүүдээ хийчих зорилготой байсан. Санасан мэхээ хийгээд сайхан барилдсан.

-П.Бүрэнтөгс арслантай наймын даваанд хийсэн маргаантай барилдааныг тань бөх сонирхдог хүн бүр л ярьж байна. Ямар үйл явдал болоод өнгөрөв өө?

-Миний мэдэрснээр бидний барилдаан хайнцсан. Олон өнцгөөс авсан, янз бүрийн дүрс бичлэг үзээд, хүмүүс бодол сэтгэгдлээ ярьж байх шиг байна. Монгол бөхөд дүрэм бий. Би дүрэмдээ захирагдаж барилдсан. Дүрэмгүй, үзэгчгүй бол тэмцээн наадам биш болно. Хөлийн цэцүүд дахин барилдуулах шийдвэр гаргасан.

Дүрмийн дагуу бол хоёр бөх хайнцсан тохиолдолд эсрэг буюу өмнө нь барьц сонгуулсан бөх нь барьц сонгох эрхтэй байдаг. Дүрэмд заасан барьц сонгох боломжийг надад олгоогүй.

Наадам оройтсон учраас наадамчин олон, гадаадын зочдыг хүндлээд дахин шодсон. Ингээд шоо миний талд бууж барилдаан үргэлжилсэн. Тэгээд юу болсныг монголчууд мэдэж байгаа.

-Дотнын найз Н.Батсуурьтайгаа төрийн наадмын есийн даваанд хүч үзэн барилдлаа. Та хоёрыг шартай, эрэмгий дайчин чанараараа адилхан гэж бөхчүүд ярьдаг.

-Арслан найзыгаа хаяж, арслан цол хүртлээ. Бид энгийн үед сайхан найзууд. Харин зүлэг ногоон дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Үнэн хүчийг үзэн барилдаад, найзынхаа араас залгасан арслан цолтнуудын нэг боллоо.

-Нэг нутгийн, нэг дэвжээний хоёр бөх төрийн наадмын түрүү булаалдах нь ховор тохиолдол. Нас чацуу, найзтайгаа төрийн наадмын түрүү булаалдахаар дэвж явахад юу бодогдож байсан бэ?

-За даа, олон бодол орж ирээгүй. Энэ наадамд Архангайн бөх түрүүлж, үзүүрлэж, аварга, арслан цолтон төрөх юм байна л гэж бодож байлаа. Олон юм бодох сөхөө ч байсангүй. Ямар бөхчүүд цол авч, хэн сайн барилдаад байна гэдгийг ч мэдээгүй. Дараа нь наадмын бөхийн барилдааны тойм үзэж байж мэдэж авлаа. Зөвхөн өөрийн барилдаанд л төвлөрсөн. Харцага, заан, гарьд, арслан боллоо гэж баярлаж хөөрсөнгүй.

-Таныг 10-ын даваанд барилдахаар гарахад цуцчихсан байдал анзаарагдаж байсан. Хоёр бяртай арслантай хүчээ шавхан барилдаж цуцаад Ч.Санжаадамбатай санасандаа хүртэл барилдаж чадаагүй юү?

-Ардын төрийн наадамд төрүүлээд үзчихсэн хоёр арслантай дараалан барилдсан. Өрсөлдөгчдийн маань хувьд сэтгэл зүй, бяр чадал тухайн үед минийхээс илүү байсан болов уу. Дараалан хүнд барилдаан хийчихээд Ч.Санжаадамбатай барилдахад нэлээд цуцсан байсан. Чадлынхаа хэмжээнд хүртэл барилдлаа. Спортын хүний тэсвэр, тэвчээр хаана хүрдэг юм, тэр хүртэл тэмцсэн.

13620007_1016763681773284_3161272918558598766_n

-Бөхийн хорхойтнууд таныг цолоо ахиулна гэдэгт итгэлтэй байсан. Та өөртөө хэр итгэж байв. Наадмын бэлтгэлийн үеэр багш нар тань ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Өнгөрсөн жилийн наадмын дараагаас л бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн. 10 жилийн бэлтгэл сургуулилалтын үр шим өнөөдөр гарч байна гэж хэлж болно. Ер нь би хоёр жилийн давтамжтай сайн барилдаад байдаг юм. Анх 2008 онд Архангай аймгийнхаа наадамд төрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. 2012 онд тав давж, улсын начин болсон.

2014 онд улсын заан Б.Батмөнхөөр тав давж, улсын начин цолоо баталж байлаа. Тэр жил Н.Батсуурь арсланг харцага цолтой байхад нь зургаагийн даваанд барьц сонгуулаад унаж байсан. Энэ жил сайн барилдчих болов уу гэсэн битүүхэн хүсэл байсныг нуугаад яах вэ.

Багш нар маань ч бэлтгэл сургуулилалтыг маш сайхан тааруулж өглөө. Дархан аварга, гарьд хоёрынхоо зөвлөснөөр бэлтгэлээ сайн базаасан. Сэтгэл санаа тайван, сайн барилдана гэсэн хүлээлттэй, зоригтой, хүлээцтэй байлаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олон таныг уухайлан дэмжиж байсан. Пүрэвдагва, Пүрэвдагва, Пүрэвдагва… гэж нэрийг тань дуудан дэмжих байх үед урам зориг орж, бяр хүч нэмэгдэж байв уу?

-Спортыг фанатгүйгээр төсөөлшгүй. Урам зориг оролгүй яах вэ. Монголчууд маань хүсэж хүлээж, итгэл, сэтгэлээ өгч байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэгээд итгэл, сэтгэлийг нь дааж, сүүн цагаан мөртэй явах юм сан гэж дотроо бодож байлаа. Өндөр даваанд хүрч барилдах замыг монголчууд маань засаж өгсөн гэж бэлгэшээж явна. Намайг дэмжсэн хүн бүрт баярлаж буйгаа дамжуулъя.

-Арслан цолоо мялааж, аль наадамд барилдах вэ. Архангай аймгийнхаа наадамд барилдах уу?

-Одоохондоо шийдээгүй байна.

-Танд амжилт хүсье. Ард олныхоо итгэлийг дааж яваарай.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

URL:

Сэтгэгдэл бичих