Монгол улс бага-дунд орлоготой орны ангилал руу буцаад шилжжээ

1498

Уул уурхайн орлогодоо сагаж, дэвхцэж болохгүй юм байна гэдгийг эрх баригчид ухаарсан болов уу гэж найдаж байна. Хүн амынх нь цөөнх  хэсгийн амьдрал өсч дэвжиж, иргэд олонхынх  нь амьдрал бахь байдгаасаа дордоод байхад цаасан дээрх өсөлт хэнд ч падлийгүй эд юм байна гэдгийг эрхбиш одоо ойлгоцгоож байгаа биз ээ. Эрхэм та санаж буй бол нэг жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ҮНО бага-дунд, дунджаас дээш орлоготой орнуудын босгыг давж, дунджаас дээш орлоготой орон гэх тодотголтой боллоо гэгдэж байсан. Тэгвэл Дэлхийн банкны мэдээллээр бол наадмын өмнө Монгол улс бага-дунд орлоготой орны ангилалд буцаад шилжсэн байна.

Дэлхийн банкны шинжээч энэ талаар өгүүлэхдээ “Монгол улс яахаараа нэг жил дунджаас дээш орлоготой орны ангилал руу дэвшиж, дараа жил нь бага дунд орлоготой орны ангилалд буцаад орчив? Товчхондоо, тоо юу өгүүлж байна вэ? Эдгээр ангиллууд нь хэн нэгний үзэмж биш бүхэлдээ орлогын түвшинтэй холбоотой албан ёсны статистикт суурилсан байдаг.

Ийм хэдий ч ангиллыг өөрчилсөн нь асуултууд дагуулахгүй байхын аргагүй. 2011 онд Монгол улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орон байсан ба түүнээс хойш эдийн засаг суларсан хэдий ч 2015 онд эерэг өсөлт гаргасан. Монгол улс яагаад бага-дунд орлоготой орны ангилалд орсныг ойлгохын тулд илүү нарийн зүйлсийг харах хэрэгтэй хэмээн өгүүлжээ. Түүнчлэн “Дэлхийн банкны ангиллын систем нь 1989 оны судалгаанаас анх гарсан ба үүнд аргачлал болон босго бүхий түвшнүүдийг тогтоосон. Жигд нэг хэмжүүрээр харьцуулахын тулд нэг хүнд ногдох ҮНО-ыг сонгосон. Мөн улс орнуудыг хооронд нь харьцуулах боломжтой болгох үүднээс валютын дундаж ханшид суурилсан хөрвүүлэх аргачлалыг сонгосон. Уг босгуудыг ОУВС-ын зээлжих тусгай эрх (SDR)-д багтсан мөнгөн тэмдэгттэй томоохон улсуудын инфляцтай уялдуулан жил бүр шинэчилдэг. Дэлхийн өсөлт инфляцаас ерөнхийдөө илүү өндөр байдаг тул яваандаа олон орон эдгээр босгуудыг давах юм. Ядаж ингэж найдах нь зөв байх. Улс орнуудын тоог хооронд нь харьцуулахын тулд нийтлэг нэг мөнгөн тэмдэгт шаардлагатай байдаг ба ихэнхдээ энэ зорилгоор ам.долларыг ашигладаг. Валютын ханшийн хэлбэлзэл өндөр үед жилийн дундаж ханшийг ашиглан нэг хүнд ногдох ҮНО-ыг ам.доллараар илэрхийлэх нь огцом өөрчлөлт бий болгох тул урт хугацааны дундаж ханшийг ашигладаг. Дэлхийн банкны атлас аргачлал нь гурван жилийн хөдөлгөөний дундаж ханшийг ашигладаг ба ингэхдээ тухайн сонирхож буй улсынхаа, өөрөөр хэлбэл бидний яриад байгаа Монгол улсын, мөн түүнчлэн зээлжих тусгай эрхэд багтсан мөнгөн тэмдэгтэй улсуудын инфляцын түвшинг тооцдог.

Монголын эдийн засаг 2015 онд бага зэрэг өссөн боловч доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ҮНО буурсан болохыг харуулж өгч байна.  Нэг хүнд ногдох ҮНО 1.3% өссөн боловч 3 жилийн ханшийн хөдөлгөөний дунджид ихээхэн суурилсан Атласын хөрвүүлэх фактор 13%-иар өссөн байна. Ханшийн дунджийг тооцоолохдоо 1,358-ийг 1970 орлуулсан. Үүний үр дүнд Монголын нэг хүнд ногдох ҮНО-ыг долларт шилжүүлбэл дунджаас дээш орлоготой ангилалд тавигддаг босго болох $3,850-т хүрэхгүй байна. Аливаа улс орлогын ангилалд дэвшээд дараа нь доод ангилалдаа буцаж орох нь тэр бүр тохиолдоод байдаггүй боловч зарим оронд тохиолдож байсан. Энэ онд түүхийн эдийн экспортод суурилсан эдийн засагтай долоон улс орон доод ангилалруу буусан бол, гурван улс орон дээш ангилалруу оржээ.

Дэлхийн банк аливаа улсад буцалтгүй тусламж хуваарилах шийдвэр гаргахдаа энэхүү ангиллыг тодорхойлоход ашигладаг статистик үзүүлэлт болох ҮНО-ыг ашигладаг боловч энэхүү хуваарилалтад ангиллыг шууд ашигладаггүй. Гэхдээ хэдий огцом, хүчтэй биш боловч ангиллын босгууд нөлөөлөл үзүүлдэг. (Зээлжих чадвар, бодлого болон институцийн орчин гэх мэт бусад хүчин зүйл мөн нөлөөлнө). Харин зарим байгууллагууд болон хөтөлбөрүүд буцалтгүй тусламж олгохдоо эдгээр ангиллыг шууд ашиглаж болох юм. Одоогийн энэ арга нь ядуурлыг бодитоор хэмжиж чадахгүй, буцалтгүй тусламж үзүүлдэг орнууд ангиллуудыг ашиглан дундаж орлоготой орнуудад бага хуваарилалт хийдэг хэмээн зарим нэг нь шүүмжилдэг нь үнэн.  Дэлхийн банкны судлаачид ангиллын системийг судалж, давуу болон сул талуудыг нь ангилал ашиглагчийн өнцгөөс хянаж үзсэн болно. Одоогийн байдлаар Дэлхийн банк ангиллыг хэрэгтэй гэж үзэн, цаашид жил бүр гаргасан хэвээр байх юм. Хэдийгээр Монгол улс гурван жилийн хугацаанд бага-дундаас дунджаас дээгүүр, дараа нь буцаад бага-дунд орлоготой орон болсон боловч энэхүү хөдөлгөөнөөс үүдэн ОУХА-аас авах хөнгөлөлттэй тусламжийн хэмжээ өөрчлөгдөөгүй юм. Монгол улсын орлогын статистик босгыг давсан эсэхээс үл хамааран Дэлхийн банк нь эдийн засгаа хөгжин цэцэглүүлж, ядуурлыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Монгол улсын зорилтуудыг хангахад ойрын жилүүдэд түншлэн ажилласан хэвээр байх юм хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих