ТАНИЛЦ: Одоогийн байдлаар тодорхой болсон 5 шинэ сайд

1492

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болж хувираад байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Түүний танилцуулсан зураглалаар бол энэ удаагийн Засгийн газрыг нийт 13 яам, 16 сайдтай байгуулахаар төлөвлөжээ.

Сайд нарын нэрс өнөөдөртөө багтаж бүрэн тодорч дуусах бөгөөд одоогийн байдлаар зарим яамдын сайдад нэр дэвшигчид баттай болоод байгаа аж.

Тодруулбал, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилохоор болжээ. У.Хүрэлсүх нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд намынхаа арын албанд зүтгэсэн хүмүүсийн нэг юм. Тиймээс түүнийг Шадар сайдад томилохоор болсон гэнэ.

ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн, генсек Ж.Мөнхбат томилогдох гэнэ. Ж.Мөнхбат нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг тун сайн хашсан нэгэн юм. МАН-ын өнөөдрийн ялалтад түүний оруулсан гавьяа их хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх буюу “гал тогоонд” ажиллахаар болжээ.

Баттай болсон дараагийн сайд нь Сангийн сайд. Эдийн засгийн хямралтай энэ хүнд нөхцөл байдалд Сангийн яамыг удирдах хүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор болжээ. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа. Мөн УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон Сангийн сайдыг ажлыг сайн хийх хүнээр нэрлэгдээд байна. Тийм ч учраас наадмын түүнийг намын нөхөд нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан билээ.

Үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох тохирчээ. Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг билээ. Тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд хэдийгээр найман сарын хугацаанд ажилласан ч нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгддэг юм.

Одоогоор тодорхой болоод буй хамгийн сүүлийн сайд нь Барилга хот байгуулалтын яам юм. Тус яамын сайдаар УИХ-ын гишүүн асан Д.Дашдорж томилогдохоор болжээ. Д.Дашдорж нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй учир Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын Засгийн газарт ажиллах дан дээлтэй сайдуудын тоог нэгээр нэмж байгаа юм.

Ямартаа ч одоогийн байдлаар эдгээр таван сайд тодорхой болоод байна. Өнөө оройдоо багтаж бусад сайд нарын нэрс тодорхой болох юм байна. Бид шинэ сайдуудтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Г.Лхагваа   Эх сурвалжийн линк:  http://www.zaluu.com/read/82h48c54


URL:

Нэр: IRGEN Огноо: 20 July 2016

OYUNKHOROL , DASHDORJ 2 OOS UUR KHUN TAVIKHGUI DEE. BUSAD SAID NAR BOLOMJIIN YUM BNAA.

Сэтгэгдэл бичих