Ц.Нямдорж: Даргадаа сэтгэл дүүрэн нам байдаггүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа -
-УИХ-ын сонгуулийн хуулийн талаар нэгдсэн, эцсийн тохиролцоонд хүрэхгүй байна. Монгол Ардын Намын зүгээс мажоритар давамгайлсан хувилбартаа үнэнч хэвээр байна?
-Одоогийн Үндсэн хуулийн заалтаар таван удаагийн сонгууль явуулахдаа хоёр нь томсгосон, гурав нь жижиг тойргоор зохион байгуулсан. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж заасан байдаг. Энэ тал дээр хуулийн мэргэжилтнүүд Монголын төдийгүй олон улсын төвшинд маргалддаг.
Одоо яригдаж байгаа 50:26, 48:28, 52:24 хувилбарын аль нэгийг нь баталлаа гэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан гарцаагүй очно. Тэндээс ямар шийдвэр гарахыг хууль гаргах гэж байгаа бид бодолцох л ёстой. Тиймээс би чимээгүй, ажилд саад бололгүй, зай барьсхийгээд яваад байгаа юм.
Мажоритар бол Монголд илүү таарсан тогтолцоо. Гишүүнээ тойргоосоо сонгочихдог учраас тэр хүн нь тухайн нутгийн ажил амьдрал, болох, болохгүйн талаар төрийн гал тогоонд оруулж ирж ярьдаг. Сонгогч, орон нутагтайгаа амьд холбоотой байх тогтолцоо бол яалт ч үгүй мажоритар.
Харин дутагдалтай тал нь сонгогчдын санал хаягдчих гээд байдаг. Огцом огцом гаргалгаануудаас болж ялагдлаас өөрийгөө авч гарах гэсэн улстөрчдийн тоглоом, түүний дараа гарах гажиг гэж бий.
-Тэгвэл яг энэ асуудлаархи Таны байр суурь чухам юу вэ?
-Үндсэн хуулийн нүхэнд таарсан томъёоллоо хэрхэн гаргаж ирэхийг нь хараад л сууж байна. Пропорциональ тогтолцооны дутагдалтай нь нам, удирдлагын багт багтах гэж тэднийг тойрон эргэлдэгчид олширч, түүнийг дагасан муу үр дагавар бүрэлддэг.
Хуучин ямар ч гэлээ тойрог уруугаа яваад сонгогчдоо сонсож, ажил амьдралаа ярьдаг байсан бол пропорциональ тогтолцоо давамгайлбал намын байр хавиар л эргэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр хөдөө явж хүний амьдрал сонсох нь бараг хаягдана шүү дээ. Тиймээс бүр арга ядахад мажоритар давамгайлсан холимог тогтолцоог сонгох биз.
Ялангуяа уул уурхай дагасан эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед дарга төвтэй тогтолцоог давамгай болгочих юм бол цөөхөн хүний хуйвалдаанд улс орныг аваачих аюул пропорцональ тогтолцоонд бий. Жишээ нь, Улаанбаатарын сонгогчид тойргийн тоог нэмье гэдэг.
Гэтэл Монгол том газар нутагтай, бүрэн бүтэн улс. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байгаа малчдын маллан өсгөж байгаа малын махаар Улаанбаатарын бид амьдардгийг бодохгүй байж болохгүй. Сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газрыг 1.8 сая хүнээр яаж хамгаалуулах вэ гэдэг нь тусгаар тогтнолын асуудал.
Байдлыг харахад нүүдлийн соёл иргэншлээс суурин уруу шилжих үйл явц хурдацтай явагдаж байна. Хүн болгон төв суурин газар бараадах үйл явц явагдаж байгаа учраас хүний тоог дагуулсан механик үйлдэл ярихаас илүү, бүрэн бүтэн байдлаа хэрхэн авч үлдэх вэ гэдгийг давхар бодох хэрэгтэй. Үүнийг бодохгүй улстөржсөн, өөрийнхөө дэвшүүлсэн хувилбарыг л зүтгүүлчих юм сан гэсэн улстөр яваад байна.
Би нэг л зүйлийг баталгаатай хэлье. Пропорциональ тогтолцоог 100 хувь авч, сонгууль явууллаа гэхэд ялагдсан нь “Ёстой гоё ялагдчихлаа, тогтолцоо нь сайхан байснаас луйвар болсонгүй” гэж алга ташихгүй нь ойлгомжтой.
Сүүлийн үед гарч байгаа сонгуулийн маргаан бол ялагдсанаа сайруулах гэсэн улстөрчдийн арчаагүй үйлдлээс үүдэлтэй. Сонгуулийг хурдан морьтой зүйрлэвэл нэг нь түрүүлж, нөгөө хожигддог л систөм. Үүнийг Монголын улстөрчид тархиндаа суулгаж чадах эсэхээс сонгуулийн холбогдолтой маргаан дуусна.
-Оюутолгойн орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн эсэх нь гишүүдийг талцуулж байна. Энэ тухайд Та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Тогтоол хэрэгжээд л явж байгаа. Тэнд 51 хувьтай холбоотой ганц заалт бий. Үүнийг л тойрсон улстөр явагдаад байгаа юм. Энэ бол зардлаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 51 хувьд хүргэх талаар ярих гэсэн заалт.
Зардлаа байтугай зарлагаа гаргаад ямар ч орлогын тухай асуудалгүй бүтэн хоёр жил Оюутолгой төслийнхөн ажиллаад, 50 хувийг нь хийж байгаа биз дээ. Дахиад 50 хувийг нь хийх гэхээр асар их мөнгө хэрэгтэй.
Ингэж гаргасан шийдвэрээ гишүүд нь эсэргүүцээд байвал цаашдаа Монголд төр тогтохгүй. УИХ-ын үйл ажиллагааны алтан зарчим бол олонхиороо шийдвэр гаргадаг явдал. Дургүй ч байсан гэлээ гаргасан шийдвэрийнхээ дүнг олон нийтэд сурталчилдаг. Энэ нь УИХ-ын гэхээс илүү ардчиллын зарчим.
Таван удаагийн УИХ-д суухдаа ийм хачин УИХ үзээгүй. Сөрөг хүчингүй болсон, болоогүй гэсэн яриа гарч л байсан. Харин хамтраад Засаг байгуулчихсан үед хоёр талаас албан бус зохион байгуулалтууд гарч ирэнгүүтээ нэгэнт гаргасан шийдвэрээ нураах маягийн ярианууд ард түмний дунд туйлын их явж байна. Энэ төслийг Засгийн газар, УИХ хамтарч байгаад баталж, эхлүүлснээс хойш ер тасрахгүй байгаа.
Тийм учраас энэ асуудалд улстөрийн өнцгөөр л яриа гаргаж байна гэж ойлгож байна. Түүнээс биш Засгийн газар нь ч, УИХ нь ч хууль зөрчиж, гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн юм байхгүй.
-Засгийн газрын танхимын гишүүн, сайд нарын ихэнх нь УИХ-ын гишүүд. Магадгүй Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэх ойлголт, шүүмж үүнээс үүдэлтэй байж болох юм. Та санал нийлэх үү?
-Мэдэхгүй. Би дөрвөн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан хүн. Ц.Элбэгдоржийн ч, Н.Энхбаярын ч Засгийн газарт байлаа. Би л лав хариуцсан чиглэлээрээ Хууль зүйн байнгын хорооны дээр гарч үзээгүй. Хууль зүйн байнгын хороо хяналт тавьбал бид шалгуулдаг, асуудлаа танилцуулдаг. Дахин хэлэхэд, наана чинь зүгээр л богино зайны улстөр хийгдэж байна.
Одоогийн Үндсэн хуулийн заалтаар Засгийн газрыг УИХ-ын гишүүн бус хүмүүсээр бүрдүүлэх бололцоо бий. Хагасыг нь байлгаж болох гарц ч байж л байна. Ийм учраас хуультай холбогдуулж, улстөрийн шийдвэрээ яаж гаргах вэ гэдэг асуудал байгаа юм.
-Танай намынхан даргадаа сэтгэл дундуур байдаг л гэнэ. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зуруулж байгаа нэх юм. Энэ бүхнээс болоод намын Бага хурал хойшиллоо л гэнэ. Энэ нь Монгол Ардын Нам доторхи зөрчил тэмцэлтэй холбоотой юм болов уу?
-Нам дотор зөрчилтэй байгаа учраас Бага хурал хойшлогдоод байгаа юм биш. Цаг хугацааны хувьд таарч өгөхгүй байгаа юм. Тэгээд ч “Ард түмнээ сонсъё” аян Улаанбаатар хотод өрнөөд өндөрлөх тийш хандаж байна.
Үүний дараа Бага хурлаа хийх биз. Даргадаа 100 хувь сэтгэл дүүрэн нам байдаггүй. АН ч ялгаагүй. Ардын намд ч ялгаагүй нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь энэ болохгүй байна гэсэн яриаг мөнхийн л гаргаж байсан шүү дээ.
Н.Энхбаярын үед ч, М.Энхболдын үед ч тийм л байсан. С.Баярын үед ч мөн адил. Энэ гайхаад байх зүйл биш. Нам доторх байдаг л үзэгдэл. Жишээ нь, Оюутолгойн асуудлыг ингэж шийдэх ёстой гэж намайг нэг юм хэлэхэд “Биш ээ, ингэж шийдэх хэрэгтэй” гэж бусад нь ярьдаг нь хэвийн л үзэгдэл биш шүү дээ. Нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийхээ хойноос бүлэглэж муу үг шидэх хэрэггүй.
Өдөр болгон хэвлэлийн хурал хийж, амьтан үймүүлээд “Энэ нь болохгүй байна. Тэр нь бүтэхгүй байна” гэж ярих бололцоо надад ч байгаа.
1696 онд Манжийн эрхшээлд орсон. 1921 оноос хойш хаанахын ямар нөлөөнд байснаа бид бас мартах болоогүй. Бие даасан улсын хувиар төр барьж байгаа юм бол ямар суудалд ямар зорилготой сууж байгаагаа эрхбиш нэг хэсэг нь ухаарах цаг болсон.
УИХ-ын гишүүд дотроос нь үймүүлээд байвал хэзээ ч олигтой үр дүнд хүргэхгүй. Тэр тусмаа албан бус зохион байгуулалтад орсон хүмүүс. Нэгэнт шийдсэн асуудлаар амьтан үймүүлээд байх нь ухаангүйн шинж.
Явган маргаан дэгдээж байхын оронд Тавантолгойн асуудлыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр улстөр их явж байна шүү. Ийм үг хэлчихвэл сонгогчдод таалагдаж магадгүй гээд улстөр хийх гэсэн нөхөд байж л байна.
-Таны өргөн барьсан хуулийн төслүүдтэй холбоотойгоор хүчний байгууллагуудыг нэг гарт нэгтгэж, бүр зэвсэг хөдөлгөх нь гэх яриа гарсан. Энэ тухайд Та юу хэлэх вэ?
-Өнөөдрийн /өчигдөр/ сонинд гэхэд л миний талаар гурван ч материал гарчихсан байна. Миний талаар байнга л ийм зүйл гардаг шүү дээ. Надад хүчний байгууллагуудыг атгаж, улс орныг ийш тийш болгочих асуудал байхгүй.
“Долдугаар сарын 1″-ний хэрэг явдлаас үүдэлтэй хуулийн хийдэл, дотоод зөрчил, ойлгомжгүй байдал байна. Үүнийг засахгүй бол нөхцөл байдал хүндэрсэн үед хуулийн гаргалгаанууд хэрэгтэй гэдэг зүйлийг ажил хийж байгаа хүмүүс нь албан ёсоор надад тавьсан.
Ийм хуульд ийм өөрчлөлт оруулбал ажлыг зохион байгуулж болж байна гэдгээ хэлсэн. Тэрийг нь Засгийн газарт танилцуулж, Засгийн газар дэмжсэнээр УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн. Энэ ярианы угшил нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулсантай холбоотой. Энэ сургуулийг байгуулсантай санал нийлээгүй манай зарим албад, түүний удирдлага, тэднийг хатгаж байгаа хүмүүсийн гаргаж байгаа муу яриа.
-Ингэхэд энэ сургуулийг байгуулах зайлшгүй шалтгаан байсан уу?
-Дотоод хэргийн их сургуулийг байгуулахаас аргагүй байна. Хуучин Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн хажуугаар тагнуулынхан дэргэдээ 20 оюутан, 25 багштай дээд сургуультай. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг л юм болчихоод байгаа юм.
Хоёр жилийн өмнө Ё.Отгонбаяр сайд төрийн өмчийн их, дээд сургуулиудын талаар авах арга хэмжээний тогтоол оруулсан. Засгийн газраас хуулийн дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал оруулж ир гэж Ё.Отгонбаяр, Л.Болд сайд бид гуравт даалгавар өгсөн.
Бид гурав гэхээс илүү би өөрийнхөө чиглэлийн янз янзын сургуулиудын талаар судалгаа хийсэн. Ингээд тэдгээрийг нэгтгэж, манай салбарын дөрвөн чиглэлийн мэргэжилтнийг нэг сургуульд бэлтгэх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан юм.
Үүнд дургүйцсэн хүмүүс “Ц.Нямдорж хүчний байгууллагуудыг гартаа авч байна” гээд бараг л төрийн эргэлт хийх нь гэж элдэв муу яриа тарааж байна. Гэхдээ идсэн эрүү хухайрч, идүүлсэн бут ургадаг ёс бий. Засгийн газрын гаргасан шийдвэр зөв учраас энэ ажил цааш явна.
Дотоод хэргийн их сургуулийн нээлтэд оролцож, байдалтай нь танилцсан. Ирэх жилээс сургуулийг төвийн дулаанд холбох шийдвэр, судалгаа нь гарсан. 2012 оноос дотуур байрыг нь барих 3.5 тэрбум төгрөгийн зардал төсөвт суучихсан. Сургуулийн сургалтын бааз гэж ичмээр.
Сайн боловсон хүчин бэлтгэдэг сургуультай байж л ажил сайжирна уу гэхээс бичиг үсэгтүй хүн төгсгөдөг байж болохгүй. Энэ шийдвэрийг харин ч хожуу гаргаж дээ гэж бодож байна. Тал талаас эсэргүүцэлтэй тулгараад болж өгөөгүй юм. Ийм учраас энэ хэрүүл надад сонин биш.
Ц.Жаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: