Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол банк хэний үүр ичээ болсон газар вэ гэдэг нь харагдаж байна
-2012 оны сонгууль ойртож байна. Та хамтарсан засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд ямар дүн тавих вэ?
-Хоёр жил бол бага биш хугацаа. Угаасаа эвслийн засгийн газар байгуулагдахдаа том зорилтуудыг хүчээ нэгтгээд шийдчихье гэхээсээ илүү 2008 оны 7 сарын нэгэнд төр нь иргэдээ буудаж, баривчилж, орон шоронд хийсэн цуст яргалалын мөр дээр байгуулагдсан гэж би ойлгодог. Тэрнээс биш Хувьсгалт намынхан олонхи болчихсон хэрнээ сайндаа АН-тай нийлээд Засгийн газраа байгуулья гээгүй байх л даа. Тэр л яргалалын хариуг нэхүүлэхээс болгоомжилж, сөрөг улс төрийн хүчнээ нейтраль байдалд оруулахын тулд эвслийг санаачилсан. Засгийн газар энэ хугацаанд Оюутолгойн асуудлыг шийдлээ. Яаж шийдсэнийг бүгдээрээ харж байгаа шүү дээ. Эхний гэрээний төсөл гарсны дараа нийт орлогын 75 хувь Монголд үлдэнэ гээд баахан шуугиан дэгдээгээд сонин хэвлэлээр яриад л ерөнхий сайд нь хүртэл УИХ дээр толгойгоо тавьж тангараг өргөөд байсан. Тэгээд сүүлд нь 50 хэдэн хувь болж буурсан одоо эргээд тооцсон чинь 30 хэдэн хувьтайгаа ч үлдэж чадахгүй байдалд хүрч байна. Нөгөө талаас өөрийнхөө баялагийг хүнд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорно гэж байгаа нь их сонин. Оюутолгойн гэрээ батлагдсанаас хойш Айвенхоугийн хувьцааны ханш өсөөд 10 тэрбум доллар нэмж босгож. Гэтэл Монголын тал жилийн 9,9 хувийн хүүтэй, дээр нь Америкийн инфляцийг нэмсэн 10 хэдэн хувийн зээл аваад өрөнд ороод сууж байх жишээтэй.Монголчууд толгойн нь хамуурсан гэж ярьдаг даа тийм л юмыг хамтарсан Засгийн газар хийлээ. Тиймээс тавих дүн тодорхой биз.
-Н.Багабанди гуай Оюутолгойн гэрээг боловсон луйвар гэж анх хэлж байсан. Та ч гэсэн манай эрх ашигт нийцэх ёстой гэж анхнаас нь хэлдэг байсан. Одоо таны бодол ямар байна?
-Үнэн. Анхнаас нь УИХ-ын гишүүдэд хэлээд байсан. Би өөрөө хувиасаа захидал хүртэл бичсэн. Цаадуул чинь хүний үгийг авдаггүй улсууд л даа. Тэгээд баахан хөөрцөглөж байгаад 100 сая доллар зээлснийгээ гайхуулаад өнгөрсөн. Цаашдаа энэ гэрээг хууль эрх зүйн талаас нь ч, ёс зүйн талаас нь ч харж сайн судлууштай, дахиж шалгууштай. Мэдэхгүйдээ хийсэн зүйл биш. Монгол огт туршлагагүй орон биш шүү дээ. Эрдэнэтийн үйлдвэрийг хуучин Зөвлөлт холбоот улстай хамтарч, өөрийн талаас ямар нэгэн хөрөнгө гаргахгүйгээр 50:50 хувиар байгуулж байсан шүү дээ. Гэтэл Оюутолгой дээр 34 хувь гэж УИХ нь шийдвэр өгөөд байхад нь цаад талд нь 34 хувь нь баттай биш юм хийж байгаа. Гэрээн дээр олны нүдэнд ил биш, Монголын талыг доош нь чихсэн, хохироосон юм олон бий л дээ. Яахав нэгэнт гэрээ байгуулагдсан юм чинь явц дунд нь засч залруулаад явах байх гэж л найдаж байгаа. Н.Багабанди ерөнхийлөгч ТУЗ-д орсон нь Монголын ард түмний хувьд их итгэл найдвар юм гэж би хардаг.
-Сангийн сайд С.Баярцогт огт өөрөөр ярьж байгаа. Бид сайн ажиллаж сайхан гэрээ байгуулчихаад байхад гэж?
-С.Баярцогт сайдын үйл ажиллагаа бол Ардчилсан намын үйл ажиллагаа гэсэн үг. Тэр хүн Ардчилсан намыг төлөөлж Засгийн газарт сууж байгаа юм чинь. Ардчилсан нам С.Баярцогт сайдыг хянах үүрэгтэй. Яагаад гэвэл сонгууль болоход зөвхөн С.Баярцогт хариуцлага хүлээх бус ард түмэн Ардчилсан намд асуулт тавина. Энэ талаас нь авч үзэхэд гайхаад гайхаад баршгүй зүйл хийсэн. Хоёр үйлдэл дээр нь л аваад үзье л дээ. Нэг нь Оюутолгойн гэрээ нөгөө нь ирэх оны төсөв. Оюунтолгойн гэрээн дээр л гэхэд эрдэмтэн мэргэжилтэнүүд нь болохгүй ээ наадах чинь гэж хэлээд байхад өөрсдөө зүтгэж байгаад баталлаа. Хамгийн наад талын жишээ гэхэд 3 сард ЭБЭХ сайд нь УИХ дээр ашгийн 75 хувийг авна гэж хэлчихээд 7 сард гэрээгээ батлуулахдаа 59 хувь гэж байхад нөгөө сайжирсан гэрээ чинь яагаад муудчихваа гээд асуух хүн гараагүй. УИХ-ын 76 гишүүн бичиг үсэг тайлагдсан биз дээ. Тэд 59-өөс 75 нь их гэдгийг мэднэ биз дээ эрхбиш. Гэтэл тэгээгүйг харахад Оюутолгойн асуудлыг тойроод их хэмжээний хээл хахууль авилгал явж, төрийнхөн худалдагджээ гэсэн ойлголт төрж байгаа юм. Нөгөөх нь энэ жилийн төсөв. Төсвийн төслийг оруулахдаа эх үүсвэргүй 800 тэрбум төгрөг тавьчихаад орж ирсэн. Засгийн газар нь УИХ-ын гишүүддээ та нарт нэг нэг тэрбум төгрөг өглөө, одоо энийг дуугуй батлаад өг гэсэн шахалт үзүүлсэн харагддаг. Эндээс харахад манай төрийн дээд байгууллага маань хахуулиар харьцдаг болжээ гэж харагдаж байна. Энэ байдлаас болоод улс төрийн үр дагавар нь өөдгүй гарч байгаа юм. Эдийн засгийн хувьд ч ирэх жилийн төсөв бол сүйрлийн эдийн засгийг бий болгоход чиглэгдсэн. Ер нь УИХ Засгийн газар хямралын генератор болчихоод байна. Одоо баахан бэлэн мөнгө тараана гэж хямралын үндэсийг тавьж байна. Эдийн засаг үүнийг даахгүй. Энэ мөнгөний хариуд нийлүүлэлт хийх чадал Монголын эдийн засагт байхгүй. Энэ бол явж явж Эрээний нийлүүлэгчдийг тэтгэсэн мөнгө л болно.
-Ирэх оны төсвийн тухайд та юу хэлэхсэн бол?
-Төр засгийнханд кармаанд нь өөрсдийн мөнгө байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тэтгэврийн өвгөн ч нялх хүүхэд ч нэг ширхэг талх худалдаж авахдаа 1/6 татвар төлдөг. Тэрийг л хурааж авч сайн хүн болж үрэлгэн хандаж байгаа юм. 2000 онд манай ДНБ нэг ихнайд 180 тэрбум төгрөг байсан. Одоо найман ихнайд төгрөг болчихлоо. Бараг долоо дахин өсчихөж. Тэгэхэд Монгол хүний амьдрал долоо дахин сайжирсан уу гэвэл сайжраагүй шүү дээ. Монгол хүний амьдралыг сайжруулах шаардлага бий юу гэвэл бий. Төр засгийнхан бол аж ахуйн нэгжүүдээс хурааж авсан мөнгөө эргүүлээд тарааж өгч буян үйлдсэн хэлбэрээр амьдрал сайжруулна гэж бодоод байх шиг байна. Уг зүй нь бол татвараа хөнгөлөөд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд тэд нь ажлын байр бий болгож, цалин хөлсөө нэмэх талд нь эрх зүйн зохицуулалт хийгээд өгсөн бол харин хүмүүсийн амьдрал эрүүлээр сайжирна. Манай татварын бодлого нэг шатлалтай. Тэгвэл татварын бодлогоо зөв болгоод шатлалтай болгох хэрэгтэй шүү дээ. Шведийг бол дэлхийн аль ч орон ардчилсан өндөр хөгжилтэй орон гэж хэлнэ. Тэнд татварын дээд хэмжээ нь 70 хувь байдаг юм. 100 сая кроноос дээш орлоготой аж ахуйн нэгжүүд цэвэр ашгийнхаа 70 хувиар татвар төлдөг. Гэтэл манайхан 2006 онд татварын хуулиа өөрчлөхдөө доош нь буулгаад нэг шатлалтай болгоод хаячихсан. Энэ бол ухаалаг биш бодлого. Тэгээд одоо хүмүүст бэлэн мөнгө тараана гэж байгаа юм. Энэ бол сонгуулийн луйвар хийхийн төлөө гаргасан хоосон амлалт. Монголын эдийн засаг хүн болгонд сая таван зуун мянган төгрөг бэлнээр тараахыг даахгүйг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Гэтэл тийм амлалт өгөөд эдийн засгаа улс төрийн барьцаанд оруулж лангуун дээр тавьчихаад байна.
-Монгол улсад нэг триллон 800 тэрбум төгрөг үхмэл хэвтэж байна гэж төв банкны удирдлага мэдэгдэж байна лээ. Гэсэн мөртлөө иргэд нь ядуу дорой амьдарч л байдаг. Тэр их мөнгийг иргэдийнхээ амьдралын чанарт нөлөөлөхүйц байдлаар “амь” оруулахын тулд яах ёстой вэ?
-Саяхан УИХ дээр Монгол банкны ерөнхийлөгч нэг триллон 800 тэрбум төгрөг үхэнги хэвтэж байна гэж мэдэгдэл хийлээ. Тэр бол үнэн байх л даа. Энэ бол манай эдийн засгийн менежмент ямар байгааг харуулж байгаа юм. Менежер нь Засгийн газар л даа. Баахан хөрөнгө мөнгө үхэнги байдлаар дараад сууж байгаа нь хоёр талтай. Энэ бол зүгээр ч үхмэл мөнгө биш. Энэ бол паразит мөнгө. Монголын цусыг сорж байгаа мөнгө. 2006 оноос хойш Монголын гадаад худалдаа жил бүр алдагдалтай гарч байгаа. 2008 онд тэрбум 100 сая долларын алдагдалтай гадаад худалдааны бланстай гарсан шүү дээ. Тэгсэн хэрнээ Монгол банк манай валютын нөөц нэмэгдэж байна тэрбум 500 сая доллартай боллоо гээд яриад байгаа. Эрүүл ухаанаар бодоход гадаад худалдаа нь алдагдалтай байхад төлбөрийн бланс нь сайжраад байдаг нь ямар хачин юм вэ гэж бодно. Үүний тайлал амархан. Хятад улсад хадгаламж жилийн 5-6 хувьтай , Солонгост мөн ялгаагүй тийм байгаа. Тэр бага хүүтэй хадгаламжийн мөнгө Монгол руу урсч орж ирж Монгол банканд шигдээд байгаа хэрэг. Манайхан жилийн 18-19 хувийн хүү өгч байгаа шүү дээ. Тэгээд Монголын мөнгийг хүүлэх механизм явж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн цусыг сорж байгаа гэсэн үг. Тиймээс мөнгөтэй боллоо гээд нэг их баярлаад байх юм биш. Манай гадаад худалдаа алдагдалтай нь үнэн. Гэхдээ бид жил бүрэн тэрбум 200 сая доллараа бэлнээр барьж очоод хойд хөршөөс бензин шатахуун авч байгаа. Хэрэв нефть бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулаад өөрсдийгөө хангаад эхэлбэл манай жинхэнэ өөрийн валютын нөөц болох ёстой юм. Гэтэл бид хүний мөнгийг хадгалчихаад мөнгө байна гэж яриад суугаад байгаа юм. Төр засаг маань нефть олборлох ажил дээр анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд л гэхэд Тамсагбулгаас 3,5 сая баррель нефть гадгаш нь гаргалаа. Үүнийгээ боловсруулах тал дээр юм хийхгүй байна. Хэрэв нефть боловсруулаад өөрөө өөрсдийгөө шатахуунаар хангадаг болчихвол жинхэнэ валютын нөөцтэй болох юм. Нөгөө талд нь Монгол банк зээлийн хүүг чангатгаад зээлд хориг тавьсаар бараг гурван жил боллоо. Энэ чинь эдийн засгийнхаа цусны эргэлтийг зогсоож байна гэсэн үг л дээ. Энэ талаараа УИХ дээрээ маргалдах л юм. Тэгээд л дараа нь тэврэлдээд үнсэлцэх л юм. Үүнийг нь харсаар байтал дотор муухай оргиод хэлэх ч үг олдохоо болилоо.
-Ер нь Монгол банкыг Засгийн газрынхаа нөмөрт орвол яасан юм гэх ч үг сүүлийн үед цухалзах болсон?
-Энд бодууштай асуудал байгаа. Засгийн газрыг харахад наймаачдын баг бүрдчихсэн юм шиг харагдаад байгаа юм. Эд нар өөрсдийнхөө ашиг хонжооны төлөө ямар ч алхам хийхээс буцахгүй байх. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэхэд ямаанд мөнгө өгөх хэрэгтэй гэж хашигчаад сууж байгаа юм. Ийм засгийн газарт мөнгөний бодлогыг өгөх юм бол хааш нь ч явуулж мэднэ. Энэ утгаар нь бодвол банк тусдаа байдаг нь зөв байх. Гэхдээ Монгол банк маань арчаагүй байна гэдгийг бид бүгдээрээ харлаа. Монгол банкны том албан тушаал хашиж байсан хүмүүсийг дараа дараагаар нь хэрэгт татаад явчихлаа. Эндээс Монгол банк өөрөө хэний үүр ичээ болсон газар вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Одоогийн хүмүүст нь яаж итгэх юм. Ер нь тэнд мэргэжлийн боловсон хүчний хувьд чамлахааргүй гэж би боддог. Золжаргалыг би нэлээд боловсорсон дажгүй хүн гэж боддог юм. Ер нь Монгол банкинд бодлогын зөв чиглэл төдийлөн харагдахгүй байгаа. Уг нь УИХ банкаа барих ёстой. Гэтэл УИХ өөрөө чадваргүй байна шүү дээ. Наадуул чинь цагаан сар болохоор хүзүүгээрээ тэврэлдээд дуу дуулна. Бүжиг хийнэ. Сэтгэл мэдрэлийн хувьд гажигтай болох тал руугаа л яваад байгаа юм. Энэ бол сонгууль маань үнэн шудрага хүний чанарыг шалгах биш мөнгөнийх болж байгаа дүр төрх чинь харагдаад байгаа юм шүү дээ
URL: