“Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл 10 хувиар багасчээ
“Оюутолгой” компанийн хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг “Turquoise Hill Resources” танилцууллаа. Энэ хугацаанд “Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлынхаасаа 10 орчим хувиар буурч, 207.100 тоннд хүрчээ. Мөн өмнө нь тооцоолж байсны дагуу алтны үйлдвэрлэл нь 52 хувиар багассан байна.
Харин борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаасаа 6.7 хувиар нэмэгдэн 227.4 мянган тоннд хүрсэн аж.
Борлуулсан баяжмалд 54.4 мянган тонн зэс, 95 мянган унци алт, 395 мянган унци мөнгө багтжээ.
“Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Жефф Тигесен “Алт, зэсийн өндөр агуулга бүхий ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ буурсан нь хоёрдугаар улирлын үйлдвэрлэлд нөлөөлсөн. Оны хоёрдугаар хагаст хүдрийн агуулгатай холбоотойгоор алтны үйлдвэрлэл буурах төлөвтэй байгаа” гэж ярьжээ.
“Оюутолгой” энэ онд 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 255- 285 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм.
URL: