Ардчилсан намаас алсран одож буй шинэчлэл

1469

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал уржигдар эхэлж, өчигдөртөө дахин үргэлжлэхээр байсан ч энэ удаадаа цуцлагдан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Улс төрийн томоохон ялагдал хүлээсэн тус намын хувьд үзэл бодол, үйл хэргээ эргэн харж, өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсныг сонгуулийн үр дүн хатуухан сануулсан юм. Хэдэн жилийн өмнөөс дарга, удирдлагынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон залуу гишүүдийн намаа шинэчлэх оролдлого, хөдөлгөөнүүд үнэндээ зөв зүйлийг зорьж байсныг сая л хүлээн зөвшөөрлөө.

Уржигдар эхэлсэн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар залуусын намаа шинэчлэх хөдөлгөөний тунхгийг хүлээн авч сонссон нь дээдчүүлийн чих зөөлөрч эхэлснийг харуулав. Харин үүнтэй харьцуулбал тэр оройн хэрүүл, хэлцэл дундаас найман жил завсарласан ИХ хурлаа энэ оны 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлож амжсан нь удаах үр дүн байлаа.

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн ирц хангалтгүй, гишүүдийн хооронд зөрчил хурц, ойлголцол хол байснаас үзвэл энэ намын шинэчлэлийн үйл явц хүнд нөхцөлд урт хугацаанд үргэлжлэх нь бараг ойлгомжтой болж байх шиг. Худлаа гэвэл ҮЗХ-ны хурал өчигдөртөө ч үргэлжилж чадахгүй цуцлагдсаныг тэгвэл юу гэж хэлэх вэ?!

Нээлттэй Ардчилсан намын төлөө шинэчлэлийн хөдөлгөөнүүд цаашид нэгдэж үйл ажиллагаагаа явуулахаар болсон, тэдний үгийг юутай ч ҮЗХ-ны гишүүд хүлээн авч сонссон үүд хаалга нь үл ялиг боловч нээгдсэн хэрэг болов.

Үүнээс өөр онцлохоор үр дүнд хүрч чадаагүй ҮЗХ-ны хурал хэлэлцэх асуудлаа ч эцэслэн тохирч чадалгүй толхилцсоор дуусчээ.

ҮЗХ-ны хуралд оролцсон гишүүдийн дийлэнх нь намын даргын асуудлыг хамгийн сүүлд ярих нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байжээ.

Улмаар нь энэ нь сонгуулиийн дараа намын даргын суудлыг хуйвалдаж авсан, түүнийгээ баталгаажуулах гэсэн Зи-гийн талынхны байр суурьтай зөрчилдөж багагүй маргааныг эхлүүлж, бас бус хүмүүсийн багийг хуулаад амжжээ.

Намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн алдаа, дутагдлын шалтгааныг зөв үнэлж цэгнэх, үүнд буруутай хүмүүст хариуцлага тооцохоос шинэчлэл эхэлнэ гэсэн байр суурийг дэвшүүлж байсан нь зөрчлийг уламч хурцатгасан гэх. Тэр дундаа 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан анхны шинэчлэлийн Засгийн газрыг татаж унагасан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ч ярих ёстой гэсэн нь олон хүний айдсыг хөдөлгөсөн байна. Хорхой хүртэл биед нь хүрэхэд атирдгийн адил айсан, сандарсан нэг хэсэг нь арьсаа хамгаалах довтолгоонд шилжиж, зөрчил бүр ч хурцдаж, ойлголцол тэр хэрээр холдсон байна.

Үнэндээ ҮЗХ-ны хурал өчигдөр дахин үргэлжиллээ ч үр дүн, ойлголцолд хүрэхээргүй байсан учраас тийнхүү хойшлогдсон хэрэг биз ээ.
Ардчилсан намыг шинэчлэх асуудлыг дэмжиж буй эгэл жирийн гишүүдийн хувьд юун түрүүнд Их хурлаа хийж, намын дүрмийг шинэчлэн баталсны дараа тэр дагуугаа намын ҮЗХ-ны сонгууль, улмаар намын даргын томилгоог хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм.

Харин З.Энхболдыг хариуцлага хүлээн огцорсны дараа хуйвалдааны замаар удирдлагыг аваад байгаа тал үүнийг эсэргүүцэж, эрх дархаа эртээд оройны ҮЗХ-ны хурлаар батламжуулахыг илтэд хичээжээ. Тэрчлэн хурлын дараа нэлээдгүй бухимдацгааж, Их хурлыг илтэд басамжлан “Их хурал гэдэг чинь бас л энэ хэдэн хүн шүү дээ. Ялгаа юу байсан юм бэ” хэмээн ярьцгааж байжээ.

Уг нь энэ намыг үндэсний хэмжээний нам гэж иргэд, дэмжигчид нь ойлгодог. Харин тэд сүүлийн найман жил Их хурлаа хийгээгүй, энэ хэрээр тэднээсээ тасарч, эрх мэдэл бүхий хэдхэн хүний мафи маягийн сүлжээгээр бүхий л бодлого, шийдвэрээ гаргаж ирснээрээ өнөөдрийн завхрал, ялагдалд хүрсэн юм.

Бүр тодруулбал, “Их хурал гэдэг чинь бас л энэ хэдэн хүн” гэдэг үзэл баримтлалаар намыг удирдаж ирсэн, одоо яригдаж буй шинэчлэлийг ч бас яг тэрхүү явцуу хүрээгээрээ шийдэх гэж улайрч байгаа энэ байдал нь АН-ыг хорлосон… Ахиад ч үүнийгээ давтахыг тэд хүсч байх шиг.

Оймсоор шидүүлж, олноороо ялагдаад ч ойлгохгүй байгаа АН-ын энэ алдааг уг нь өнгөрсөн нэгдүгээр сард зарлагдсан ҮЗХ-ны хурлын өмнө нэр бүхий зарим гишүүд нь сануулж, уриалж байсан. УИХ-ын гишүүн Л.Болд тэр үед “Та бид эсэргүүцэн тэмцэж байсан хуучин тогтолцооныхоо эрхшээлд орж манай нам өөрөө ард түмний төлөөлөл, ардчилсан гэдэг шинж чанараа алдахад хүрээд байна.

Энэ нь үзэл санаагаар биш, албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн хуйвалдаанаар бий болсон фракци бүлэглэлүүдийн үйл ажиллагааны үр дагавар юм… Хувь хүн, явцуу бүлгийн сонирхлын зөрчлүүд нь бидний өнгөрсөн үе дэх агуу чанарыг бүдгэрүүлэн мартагнуулж, биднийг олон түмэнд муухай харагдуулж байна” хэмээн дүгнэн хэлж байжээ.

Ард түмний төлөөлөл, ардчилсан гэдэг шинж чанараа арилжчихаад “Их хурал гэдэг чинь энэ хэдэн хүн” гэж хэлж байгаа Ардчилсан намд аврал ер нь байгаа болов уу?!


URL:

Нэр: бадраа Огноо: 21 July 2016

СӨНӨЖ бгаа нам шүү дээ. Ардчилсан намаа гэж

Сэтгэгдэл бичих