Түвшин ахих сонирхолтой түнш
Зоогийн газар, гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүн зэрэг Монголд ихэвчлэн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид “Оюутолгой”-той дүйцэхүйц төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байна. Тэгэхдээ боловсруулах үйлдвэр, банк санхүү, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлов.
Тухайлбал, БНСУ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд наймдугаарт ордог аж. Зөвхөн энэ салбарт гэхэд 485 компани үйл ажиллагаа явуулж, 2015 онд 10.1 тэрбум ам.долларын экспорт хийсэн аж.
Тиймээс нарны тусгал, салхи ихтэй Монгол Улсын хувьд энэ салбарт идэвхтэй ажиллахыг тэд зөвлөж байна.
Зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэл төдийгүй салхин сэнс, нарны панел зэрэг шаардлагатай технологийн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих ёстойг БНСУ-ын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийн тэргүүн Song Yong Lho давхар санууллаа.
Түүнчлэн БНСУ-ын талаас Монгол Улсын “Тавантолгой” төслийг хөрөнгийн зах зээл дээр хөгжүүлэх төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлж байсан удаатай юм.
Гэхдээ тэд Монголд урт хугацаагаар зорчих болон амьдрах виз, бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчны баталгаа, Монголын дэд бүтцийн салбарыг хөгжүүлж өгөх хүсэлтэй байгааг Солонгосын олон улсын институтийн дэд ерөнхийлөгч онцлов.
Харин Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Монгол Улсын бизнесийн орчны талаарх мэдээллийг хоёр талын төлөөлөгчдөд өгсөн юм.
Манай улс хөрөнгө оруулалтыг хамгаалах улсын бодлогоороо дэлхийн 189 орноос наймдугаарт эрэмбэлэгдэх болжээ. Энэ нь эдийн засагтаа гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд анхаарч буйн илрэл.
Тэгвэл Засгийн газраас баталсан журмын дагуу хууль бус, хориглосноос бусад бүх салбарт шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж нээгдээд байгаа аж. Мөн Хөрөнгө оруулалтын газрын зүгээс тогтворжуулалтын гэрээг аж ахуйн нэгжүүдтэй хийх болсныг татварын болон бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин савлахгүй болсны сайн жишээгээр эш татан танилцуулав.
2014 оноос хойш хоёр орны гадаад худалдааны эргэлт бага зэрэг саарсан ч Солонгос нь Монгол Улсын хувьд эдийн засгийн дөрөв дэх түнш хэвээр байгаа. Тухайлбал, 2010-2014 онд БНСУ-ын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулах цар хүрээ өссөн.
Гэхдээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тодорхойгүй, гарсан шийдвэр хэрэгждэггүй, ажиллах хүчний бүтээмж муу зэргээс болж эхлүүлсэн бизнес амжилтгүй болох, үйл ажиллагаагаа зогсоох, хөрөнгө оруулалтаа татах нөхцөлийг бий болгодгийг тус улсаас ирсэн төлөөлөгчид хэлж байв.
Харин Монгол Улсын хувьд эрчимжсэн хөдөө аж ахуй, тэр дундаа мах, сүү боловсруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс одоогоор амжилт олсон нь ноолуур. Яг үүн шиг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах өндөр технологийг ашиглаж, гадаад зах зээлд хүлээн зөвшөөрүүлэх боломжийг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамт хайх хүсэлтээ байгаагаа илэрхийлж байв.
Олон улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдлын дунд чөлөөт худалдааг хумих биш, эсрэгээрээ өргөтгөн хөгжүүлэх бодлого баримталж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцолж байсан.
Тэгвэл Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зорилго бүхий хамтарсан судалгааг эхлүүлэхээр болсныг бизнесийн форумын үеэр албаныхан мэдээлж байв.
Б.Энхжаргал, Засгийн газрын мэдээ
URL: