Л.Эрдэнэтуул: Б.Булганы ээж нь “Засаг, төр солигдсон болохоор учиртай болов уу” гэсэн

1433
“Ярилцах цаг” булангийн зочноор “Улс төр, стратеги судлалын төв”-ийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урилаа.
1432
 
-2016 оны УИХ-ын сонгууль дууслаа. Энэ парламентын бүтэц, хүчний харьцааг та юу гэж дүгнэж байна?
-УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Их хуралд 65 суудалтай болсноор Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах боломжтой болж байна. Сонгуулийн энэ үр дүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн.
Нэгдүгээрт, ард түмэн АН-аас залхсан. Үүнд АН-ын олон алдаатай бодлого, албан тушаалд очсон  болоод удирдлагад байсан хүмүүсийн  увиагүй байдал нөлөөлсөн. АН-ыг сонгохгүй бол МАН-д саналаа өгье гэсэн сэтгэлзүйн хүчин зүйл байсан.
Хоёрдугаарт, сонгууль тулгаж Сонгуулийн хуулиа өөрчилсөн нь АН-ын хувьд “Мэхт мэхэндээ” гэгч болсон. Мажоритар тогтолцоогоор 76 жижиг тойрогт  арай олон санал авсан хэн нэг нь 100 хувь ялдаг. Өмнө нь ч ийм л байсан. Энэ шинэлэг  зүйл биш.
Энэ хоёр хүчин зүйлийн дүнд МАН маш том боломж олж авлаа. Энэ боломж зөвхөн Засгийн газар байгуулахдаа ч биш, УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний том бүлэгтэй болж олонхийг бүрдүүллээ. Мөн улс орныг хямралаас, ард түмнээ ядуурлаас аврах торгон боломж.
Зөвхөн Засгийн газар бүрдүүлж эдийн засгийн хэдэн асуудал шийдэх бус том утгаараа монгол төрийн хар хайрцагын бодлогыг барьж, бүх салбарт бодлого явуулж болж бүтэхгүй байгааг засах боломж. Чадахгүй бол яадгийг мэдэрсэн мэдрэмж. Эрх баригч нам энэ бүхнийг хэрэгжүүлнэ гэж найдаж, горьдож байна даа.
-Бусад сонголт, гурав дахь хүчний тухайд?
-Гурав дахь хүчин, тэр дотроо нөлөө бүхий МАХН-ын хувьд үнэхээр харамсалтай. Намын даргыг нь нэр дэвшүүлсэнгүй. Хэрэв тэр хүн оролцож, нэр дэвшсэн бол гараад ирэх бүрэн боломж  байсан.
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ ихээхэн итгэл хүлээж байсан ч дотоод тэмцлээсээ болж өөрсдөө унаад зогсохгүй, залуу лидер С.Ганбаатарынхаа рейтингийг шавартай хутгачихлаа. Г.Уянга шинэ нам байгуулсан нь хэтэрхий сонгууль тулгаж байгуулагдсан. Дээрээс нь бусад хүчнүүдтэй эвсэж нэгдэж, гэрээ хэлэлцээрт хүрэх чадвар муутай, хэтэрхий би гэсэн төвтэй, манай нам, Г.Уянга би л улс төрийн ертөнцийн төв юм.
Намайг дагаад хиймэл дагуул шиг эргэлдвэл эргэлд, үгүй бол үгүй л байна гэх маягаар бусад улс төрийн хүчнүүдтэй харилцах боломжоор тааруу байсан нь алдаа болсон. ИЗНН-аар бол хуучин дарга С.Оюун нь тоглочихсон. Тэр нам доторх эрүүл саруул боловсон хүчнүүдэд энэ сонгуулиар ямар ч боломж олдоогүй. Сонгуулийг  товчхон дүгнэхэд ийм байна.
-Гол хөзрийг атгаж байгаа МАН хийгээд улс төр цаашид хэрхэн өрнөх бол?
-МАН амжилтандаа хэт эрдэн  хөөрч, хөөсөрч, бодит хөрснөөс салж  болохгүй  дээ. Асар их хариуцлага ирсэн гэдгийг МАН-ын удирдлагууд телевизээр хэлж байсан. Тэгэхээр тэднийг ямар хүнд нөхцөлд ажиллах вэ гэдгээ тодорхой хэмжээнд ухамсарлаж байгаа гэж ойлгож байна.
Туршлагатай ахмадуудаа сонсох, залуусынхаа хүчийг дайчлах, эдгээрийг болоод улс орны бүхий л асуудлыг зангидаж чадах лидерийн чадвар, уужуу ухаан хэрэгтэй болов уу.
-УИХ-ын сонгууль, үндэсний их баяр наадам, АСЕМ гээд олон нийтийн анхаарлаас холдсон сэдэв  бол Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдоод найман сар болж буй  Б.Булганы  асуудал байна. С.Зориг агсны тухай үг хэлдэг, ярьдаг цөөхөн хүний нэгийн хувьд та асууж сураглав уу. Ямар нэг мэдээлэл байна уу?
-Сонгуулийн буюу зургадугаар сарын 29-ний шөнө би санал хураалтын дүнг бусдын адил телевизээр үзэж  суугаад МАН үнэмлэхүй ялалт байгуулж байгааг  хараад МАН-ын штабт ажиллаж байсан найз, нөхөд рүүгээ утас цохиж  үнэмлэхүй ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн.
Нөгөөтэйгүүр, ашгүй дээ Б.Булганыгаа гаргаж авах нь гэж бодсон. Яагаад гэвэл, Б.Булган АН удирдлагад байгаа зарим хүний улстөрийн бохир тоглоомын золиос болсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл илрүүлсэн алуурчин хаана байна. Б.Булган түүнд нь холбоотой гэсэн нотолгоо, баталгаа нь хаана байна.
Сонгууль өнгөрчихлөө, аль хэдийнэ Ерөнхий сайд  нь солигдчихлоо. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй солигдоно, бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх, эсэх нь тодорхойгүй. Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа. Тэднийг цэвэрлэх хэрэгтэй.
Дээр нь шинэ Засгийн газар байгуулагдангуут Б.Булганы асуудлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөөч. Яагаад түүнийг найман сар хорж тарчлаан зовоов. Хэрэв үндэслэл байгаа бол шалгаж, дараагийн шатанд нь шилжүүлж өгч, хамгийн гол нь ил тод мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэсэн бодолтой байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. Би бүр тусгайлан Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нар биечлэн хандаж Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа. Бас О.Содбилэг гишүүнд хандана.
 
-О.Содбилэг гишүүнд ямар асуудал тавих гэж байна вэ?
-Тэр хүний талийгаач болсон аавын нэрийг С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй  ямар нэг байдлаар  холбох гэж зөндөө улс төр хийлээ. Түүнийг цааш үргэлжүүлэх хүсэлтэй хүмүүс ч байгаа. Тиймээс О.Содбилэг гишүүн энэ асуудлыг чухал биш гэж битгий хаяасай.
Анхаарч, нэг мөр болгохын төлөө ажиллаарай гэж хэлмээр байгаа юм. Хэлмэгдсэн хүмүүсийг аль болох хурдан суллах, цаашид үнэн мөнийг шалгаж тогтоох нь зүйтэй. Хэн үүнийг хийв, хэн улстөржүүлэв гэдгийг үргэлжлүүлэн шалгаж, тогтоож өгөх хэрэгтэй шүү дээ.
-Б.Булганы бие, эрүүл мэндийн байдал ямар байгаа бол. Та асуусан уу. Гэр бүлийнхэнтэй нь холбогдсон уу?
-Наадмын дараахан Б.Булганы ээж Д.Байгалмаа эгчтэй утсаар ярьж өөрийнх нь биеийг асууж, Б.Булганы талаар ямар мэдээ байгааг тодруулсан. Ар гэрийнхнийг нь уулзуулахгүй хэвээр байна, тиймээс  яаж байгааг мэдэх юм алга гэж байна лээ. Б.Булганы ээжийн хувьд засаг төр солигдсон болохоор учиртай болов уу гэсэн горьдлого тээж  байна лээ.
Тиймээс өмнө нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох газруудад өгч байсан өргөдөл, хүсэлтүүдээ сэргээж, шинээр томилогдсон УИХ, Засгийн газрын тэргүүнд өргөн барина гэж ярьж байсан. Хамгийн харамсалтай нь өндөр настай тэр ээжид энэ асуудлаар хөөцөлдөөд өгөх хүн цөөхөн байна.
Хөгшин өөрөө өргөдөл бариад гүйгээд байлтай биш. Б.Булганы дүү Б.Болд эгчийнхээ араас хөөцөлдөж байгаа байх. Өмгөөлөгч нь бас байгаа байлгүй. Найз нөхөд нь, энэ асуудалд санаа зовсон хүмүүс чадлаараа явах болов уу. Миний хувьд ч чадлаараа зүтгэнэ гэж бодож  байна. Хөлөө гэмтээчихээд  явж чадахгүй байгаа болохоор одоогоор дэмий л  сэтгэл зовж сууна.
-С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун санаа тавьж байгаа болов уу?
-С.Оюун энэ асуудалд түй ч санаа тавиагүй. Тэр хүн ИЗНН-даа яаж муухай хандсан билээ дээ. Түүн шигээ Б.Булганы төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй.
-АН-ын гишүүн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг Э.Бат-Үүл 1990-ээд онд “С.Зоригийн амиа алдсан хэрэгт МАХН /МАН/-ынхан ямар ч холбоогүй” гэж мэдэгдэж байсныг санаж байна. Одоо МАН үнэмлэхүй олонх болсноор  аймшигт аллагын хэрэг илрэх болов уу?
-Ямартай ч хэрэг илрүүлэхэд ахиц гарч юуны магад. МАХН буюу МАН олонх болсон 2000-2004 онд С.Зориг агсны амиа алдсан хэргийг илрүүлэх ажлын хэсэг нэлээд идэвхтэй ажиллаж байсан. Намайг хүртэл хамтран ажиллаач гэсэн хүсэлт тавьж, бид хамтран ажиллаж байсан.
Гэхдээ тэр үед хэнийг ч шоронд суулгаж хэлмэгдүүлээгүй. Тэгэхээр итгэл найдвар байна. Хамгийн гол хүсэх зүйл бол С.Зоргийн амиа алдсан хэрэг мартагдсан, одоо ач холбогдолтой биш гээд улстөржсөн өнцгөөс харж хаяхгүй байгаасай гэх байна даа.
Аймшигт аллагын хэргийг илрүүлэхийн төлөө Монголын төрд  үнэмлэхүй олонх болсон МАН-ын удирдлага, төр, засгийн өндөрлөгт гарсан хүмүүс онцгой анхаарал тавиасай итгэж найдаж байна.
Олон фракц, бүлэглэлдээ идэгдсэн АН дотоод зөрчил тэмцэлдээ өөрсдөө татагдан унаж, учраа олохоо байчихсан, С.Зоригийн амиа алдсан хэрэг эмзэг болсон үе ашгүй өөрчлөгдлөө гэж харж хүлээж сууна.
-Эцэст нь нэгэнт улс төр судлаачтай уулзсаных АСЕМ-ын үр дүнг хэрхэн харж, ямар өнцгөөс дүгнэж  байгаа  байр суурийг сонирхохгүй орхиж болохгүй гэж бодож байна?
-Монголын нэрийг дэлхийн чихэнд дуусгахад АСЕМ асар их ач холбогдолтой үйл явдал боллоо. Манай улсын гадаад харилцаа, эдийн засагт том боломж.Аз болоход  ямар нэг террорист халдлага гэх мэт саар зүйлгүй тайван байдалд өнгөрүүлсэн нь Монголын ард түмний хувьд том ололт.
Яагаад гэвэл дэлхийн хэмжээнд хоёр ч том халдлага АСЕМ-ийн үеэр болсон. Ниццед террорист халдлага, Туркт төрийн эргэлт болоход дэлхий нийт, дэлхийн хэвлэл, мэдээллийн том агентлагууд  бүгд  Улаанбаатар руу чих тавилаа. Дэлхийн удирдагчид чуулсан том хурлын үеэр халдлага болохыг үгүйсгэхгүй.
Тэр тусмаа манайх шиг амгалан тайван, жижиг оронд. Гэтэл энэ нөхцөлд манай улс АСЕМ-ийг тайван, бүхий л боломжоороо сайхан өнгөрүүллээ. Энэ аль нэг нам, хүчний биш монголчуудын бүгдийнх нь гавьяа. Монголчууд амгалан тайван ард түмэн учраас терроризм гэдэг тахлыг нутагтаа оруулж ирэхгүй, дэмжихгүй, тархаахгүй байна шүү дээ. Энэ бол бидний, монголчуудын хүмүүжлийн, ёс зүйн нэг гол чанар.
Яг өнөөдрийн төвшинд АСЕМ Монголд ямар ач холбогдолтой байв гэвэл, ач холбогдол байсныг үгүйсгэхгүй. Орчин үеийнхний хэлдгээр, зоосны нүхээр харвал манай улс хэдэн зоос тоншсон шиг билээ. Гэхдээ гол төлөв урд хөршийн зүгээс хамгийн их тусламжийг үзүүлж өр чөлөөлөх санаачилга гаргаж гэрээ зурсан.
-Би таны яриаг таслаад нэг асуулт асуучих уу. Яагаад өрөөс чөлөөлөв, оронд нь юу нэхэх бол гэсэн болгоомжлол бас байна?
-Өнөөдрийн хувьд тэрийг авна, тэгнэ гэсэн юм алга. Хардах, сэрдэх зүйл ч алга. Гэхдээ алсыг харсан геополитикийн бодлого байхыг үгүйсгэхгүй. Урд хөрш зүгээр мөнгө өгөхгүй шүү дээ. Эдийн засгийн хувьд Монголыг хараат байлгах сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр дохио авах нэг зүйл анзаарагдсан нь үнэхээр  Монголд эдийн засгийн хамгийн их санал тавьсан нь БНХАУ байсан.
-Тэгвэл манай  хойд  хөрш, ОХУ-аас Монголд ээлтэй ямар нэг санал яагаад гаргасангүй вэ?
-Энэ харин  санаа зовох асуудал шүү. Бид хойд хөрштэйгээ харилцаагаа шинэлэг төвшинд, улам ойр байдалд сэргээж авч явах ёстой. Би ийм үзэл бодолтой байдаг. Дэлхий өөрчлөгдөж, геополтитик шинэчлэгдэж байгаа нөхцөлд энэ маш чухал. Нөгөөтэйгүүр, энэ ч бас дохио.
Яагаад ОХУ “Эрдэнэт” үйлдвэр дэх хувиа зарчихав гэдэг асуулт дагуулж байх шиг байна. Хамгийн гол харамсч байгаа зүйл бол манай улс сүүлийн 10-аад жил хойд хөрштэйгээ туйлын дутмаг харилцаж байгаа явдал гэж би хардаг.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих