Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлалын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан тухай өмнө өгүүлсэн. Эдгээрийг тодруулбал, БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон төсөл хэрэгжих юм. EDCF сангийн 25 сая ам.долларын зээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатыг хэрэгжүүлэхээр болж, зээлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
Дээрх төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглана. (Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж АСЕМ-д зориулан эхний ээлжинд манай улс шинээр 43 автобусыг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр аван зочид төлөөлөгчдөд үйлчилж байна.) Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарах юм.Соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны зургадугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлжээ. Ингэснээр хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой аж. Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.
URL: