ТЕГ-ын барилгыг газартай тэгшилж таван одтой зочид буудал барихаар санаархаж байна

Улаанбаатар хотын төв цэг буюу их жанжин Сүхбаатарын талбайн эргэн тойронд сүүлийн хэдэн жил гял цал болсон өндөр барилгууд сүндэрлэх болсон билээ. Үүнд Хотын захиргааны шилэн хар барилгаас эхлээд экс Ерөнхийлөгчийн Шилэн заазуур бүхий байшин, MCS-ийн Цэнтрал тауэр нарыг нэрлэж болно. Тэгвэл хуучин Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн байрыг нэгэн телевизийн сэтгүүлч бүсгүй найз нөхдийнхөө буянаар 500 сая төгрөг босгож авсан гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болов.

Саарал ордны зүүн талд орших энэхүү балгас болсон байрны гадна байрлах зарлалын самбарууд гэхэд нэг нь сарын нэг сая найман зуун мянгаар үнэлэгдэж байна. Кувейтын Засгийн газраас Монголын Улсын их хурлын гишүүдэд тал засч Парламентын ордон бариарай хэмээн 12 сая доллар өгсөн. Тэр цагаас хойш бараг дөрөв, таван жилийн нүүрийг үзээд байгаа бөгөөд шинэхэн ордныг Саарал ордны хойд талын саадыг устгаж барих уу эс бөгөөс Нийслэлийн өмчид эргүүлэн аваад байсан Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн буурин дээр барьж байгуулах уу гэдэг асуудал тэгсхийгээд нам жим болов. Өнөөдрийн улстөрчдийн хувьд жилийн дараа болох сонгуулиар гарах, гарахгүй нь сонин болохоос бус шинээр баригдах Парламентын ордны асуудал тэр бүр сонирхол татаж байгаа нь юу л бол. Тэгээд ч өдгөө тэрхүү ордныг барихаар бэлэглэсэн 12 сая доллар ямар банкинд, хэдэн хувиар хүүлэгдэж, хүүг нь хэн завшиж байгаа нь тодорхой бус.

Хамгийн ноцтой нь Төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийг нурааж шинээр барилга барьж эхэлсэн энэ цаг үед Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын байрыг нурааж оронд нь олон арван давхар тансаг зочид буудал барихыг санаархагч хүн бас гарч иржээ. Доогуураа хонгилоор Саарал ордонтой холбогддог Тагнуулын ерөнхий газрын барилгыг насжилтын хувьд тэтгэвэрт гарахаар болсон хэмээн Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоол гаргуулж улмаар Нарантуул захын орчим байрлах ТЕГ-ын автомашины дулаан гараж бүхий газарт тухайн байгууллагыг нүүлгэн шилжүүлж, шинэ байшин сав барих бөгөөд оронд нь тэнгэр баганадсан таван одтой буудал барих тухай яриа сүүлийн үед чих дэлсэх болов. Мөнгөтэй бол бүхнийг шийдэж болно гэсэн ойлголт хууль үйлчилдэггүй зарим нэг олигархиудад бий. Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй ажилладаг төрийн байгууллагын хаалгыг тогшиж газарт оруулахад хүргэж буй тэрхүү цээж баяны нэр удахгүй тодрох биз ээ.

wikimon


URL:

Сэтгэгдэл бичих