Тогтворгүй байдлаас болоод зарим удирдагчид АСЕМ-аас буцацгааж байна
Ойрын өдрүүдэд дэлхий нийтэд тохиолдсон үйл явдлууд Улаанбаатар хотод болж байгаа АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нөлөөлсөөр байна.
Хоёр хоногийн өмнө Францын өмнө зүгийн Ницца хотод ачааны автомашинтай халдлагын улмаас 84 хүн амиа алдаж олон зуун хүн гэмтсэн. Энэ хэрэг явдлын дараа АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Ази, Европын удирдагчид Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, терроризмтэй тэмцэхээ илэрхийлсэн билээ.
Франц улсаас АСЕМ-д оролцож байгаа гадаад хэргийн сайд Жан Марк Айроу уг хэрэг явдалтай холбоотойгоор айлчлалаа эрт дуусган Парис руу өчигдөр буцсан юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө Турк улсад цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан нь мөн АСЕМ-ын зочдыг тайван суулгахгүй бололтой.
Киприйн засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадес уг хэрэг явдалтай холбогдуулан төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нутаг буцахаар болжээ.
Турктэй ойр хөрш байдгийн хувьд, мөн тус арлын хойд хэсэгт Туркийн 30,000 цэрэг байрладаг тул Киприйн эрх баригчид Туркэд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж, хөрш Грек улстай байнгын холбоотой ажиллаж байгаа гэнэ. Кипр арлын хойд хэсэг Туркийн дэмжлэгтэй салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан ч олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Киприйн ерөнхийлөгч өөрийн үндэсний армийг байлдааны бэлэн байдалд оруулах даалгаврыг Монголоос өгсөн байна.
Эх сурвалж: Cyprus-mail.com
URL: